Хятад,Монгол хоёр улс найрсаг хөрш юм. Хоёр улсын ард түмний хоорондын найрсаг харилцааг сайжруулан, цаашдын хамтын ажиллагааг ахиулах үүднээс БНХАУ-ын Элчин сайдын яам болон Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг хамтран ажиллаж, Монгол Улсад үзлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
Энэ сарын 19-ний өдрийн үдээс өмнө Хятадын элчин сайд Шин Хаймин Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн намын хорооны нарийн бичгийн дарга Билэг тэргүүтэй эмч нарын багтай уулзсан байна.

Шин Хаймин Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нарыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, энэ удаагийн үзлэгийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр улсын эрүүл мэнд, эм эмнэлгийн салбар дахь солилцоог ахиулахад чухал ач холбогдолтой гэдгийг дурджээ.

- Энэ удаагийн Монгол Улс дахь үзлэгийн үүргээ амжилттай сайн биелүүлэхээр хичээн ажиллаж байна. Мөн хоёр улсын ард түмний сэтгэл улам ойр дотно болоход эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Билэг илэрхийллээ.

Энэ удаагийн үзлэгт Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн дотрын салбар, ясны салбар, зүү төөнүүрийн салбар зэрэг 12 тусгай мэргэжлийн эмч нар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Эмч мэргэжилтнүүд хоёр баг болон ажиллаж, арван өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар үзлэг хийх ажээ. Үзлэг эхэлснээс хойш нийт 5000 гаруй хүнд үзлэг хийгээд байгаа юм.



