solongonews
Хөдөлмөрч хүний жаргал хөдөө нутагтаа
2016-11-25 11:42
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 19

“Хүмүүсийн байнга ярьдаг нөгөө л Баярт мөн байх, заа байз юу хийсэн хүн болоод тийм их нэрд гарсан юм бол?” гэж 2014 онд Баяртыг сурвалжлахаасаа өмнө бодож явж билээ. Баяртын алдрыг сэтгүүлчийн ажилд анх орсон цагаасаа л сонсож байсан бол цуутай хүний тухай сурвалжилга минь энэ удаад намайг цочирдуулж, хаанаас нь гар орохоо олж ядан байсаар сүүлд нь хаягдаж, бичигдээгүй орхигджээ.

Харин дахин сурвалжлах тохиол хоёр дахь удаагаа олдлоо. Энэ удаад дотроо нэлээд тоотой байсан ч хүрсний дараагаа бас л гайхаж билээ. Хоёр жилийн өмнөхийг бодвол шинэ байшин нэмж бариад, 80 адуугаа 200 гаруй болтол өсгөсөн гээд өөрчлөлт ихтэй байлаа. Хөдөө орон нутаг, малчин түмнийхээ төлөө байнга анхаарал тавьдаг тэрээр мэдсэн сурснаа малчин түмэн, монгол түмэндээ хэлж өгье гэсэн үүднээс манай сурвалжилгыг дуртай зөвшөөрсөн юм.

Баярт гуай Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Хөхнуур суурингийн Баянбүрд багийн малчин. 20 жил багийнхаа намын хорооны нарийн бичгийн даргын ажлыг хийж, 5 жил багийн засаг даргын ажлыг хийжээ. Түүнийг анх засгийн ажил хийж эхлэхэд Баянбүрд баг нийт 3318 толгой малтай байсан бол хошууныхаа хамгийн ядуу баг байв. Тэр тушаалд гарсан цагаасаа ядуурлыг бууруулах ажлыг маш сайн хийж тун удалгүй хүн ард нь баяжин чинээлэгжиж, 1996 оны тооллогоор багийн нийт мал нь 18470-г давж, багийн тогтмол хөрөнгө нь 300 гаруй мянган юаньд хэрчээ. Түүний ажлын амжилтыг үнэлж, 1994 онд Өвөр Монголын Намын хорооноос намын үүрийн шилдэг нарийн бичгийн даргаар цоллон, 1995 онд Өвөр Монголын Засгийн газраас Өвөр Монголын хөдөлмөрийн жишээчээр өргөмжлөв. 1996 онд Эвлэлийн төв хороо, Хөдөө аж ахуйн яам зэрэг зургаан байгууллагаас хамтран зохион байгуулсан “Хятад улсын анхны арван содон залуу тариачин /малчин/”-ны сонгуульд Баярт сонгогдож, улс даяар алдраа мандууллаа.

Баяртынх хонио угааж буй нь

Баярт хашир малчин билээ. 2000 гаруй хонь, 100 гаруй үхэр, 200 адуутай тэрээр энэ жилийн ган гачигт зохицуулж, хагас шахам хонио зарсан байна. “Олон төрлийн малыг зэрэг тэжээх нь бэлчээр өвсний ашиглалтад сайн бөгөөд аль нэг төрлийн малын үнэ унаснаас болсон эдийн засгийн хямралыг багасгаж болдог” гэж Баярт үздэг. Мөн “Мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээр нутгийг хамгаалах бол хамгийн суурь болохоор хэсэглэн хувааж болохгүй” гэж ойлгодог.

- Энэ жил зунжингаа гандаад намар болоход харин бороо ороод зогсохгүй болсон. Зунжин хадсан өвс бэлчээр намар болохоор ногоо гарч энэ жилийн Хөлөнбуйр намартаа ногоорсон. Ингэхэд намрын ногоо малд шим болохгүй, тосон тарга авах ёстой цагтаа усан тарга авсан хэрэг боллоо гэж хашир малчны гярхай харцаар юм юмыг шинжих нь хүртэл өөр байлаа.

Биднийг хүрэхэд тэднийх яг хонио угааж байв. Ажилд нь саад болохоос санаа зовон зүгээр л гэр орон, хүрээ хашаагаар нь тойрч үзлээ. Хашаандаа жижиг хэлбэрийн загасны цөөрөмтэй бөгөөд янз бүрийн хээрийн жимс тарьсан байлаа. Шинэ байшингийнхаа баруун үзүүрийн хоёр өрөөг хоньчиндоо зориулан бэлтгэсэн бөгөөд өрөөнд нь цахилгаан, дулаалга, жорлон хүртэл бэлэн байв. Баярт энэ тухай ярихдаа:

- Одоо хөдөө амьдрах хүсэлтэй залуучууд маш цөөрч байна. Бүгд л хотын зүг тэмүүлж, хотын амьдралыг хүсдэг болсон. Хөдөө нутагт ч хотоос дутуугүй амьдарч болно гэдгийг би тэдэнд үзүүлнэ. Хотод ажилгүй холхиж суухаар хөдөө буцаж ирээд малаа маллахгүй яасан юм. Хожим хөдөө нутагт суух хүнгүй болчихвол хэн нь энэ нутгийнхаа эзэн болох юм бэ” гэлээ.

Малчин хүний авч болох алдрын дээдэд хүрч, амьдрал жаргал тэгш болсон Баярт гуай Хайлар хотод байгаа байрандаа өдөржин зүгээр суугаад, өтлөх насаа амар жаргалтай өнгөрүүлэхээс татгалзжээ. Хонио угааж дуусаад адуугаа усанд оруулахаар хэсэгтээ бужигнаж, зав л байвал ажил амжуулж байгаагаас нь харахад зүгээр сууж чаддаггүй бололтой. Хааяа ажилчдын хийсэн зүйл таалагдахгүй бачимдах үе ч таардаг гэнэ. Тийм үед тэр машинаа унаад Хайлар зүг чимээгүйхэн арилж өгдөг байжээ.

Гэхдээ удалгүй дахиад л хөдөө гэртээ буцаад ирнэ. Энэ тэрхэн ажилд өөрөө гар бие оролцон байж л санаа амарна. Ёстой л хөдөлмөрч хүний жаргал хөдөөнөө л байдаг нь энэ дээ.

Зохиогч: Шюанши, Бүрэнбаяр, Хөвчин, Шархүү
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл