solongonews
Тэмээн сүргийн говь нутаг
2016-10-25 17:20
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн магистрант Доржпүрэв Сувдаа

Сайн байцгаана уу, намайг Сувдаа гэдэг. Миний бие Хөххотын Тариалангийн Их Сургуульд Агрономын чиглэлэээр магистрантад суралцаж байна. Өвөр Монголд ирээд нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ. Саяхан л сурахаар ирж байсан санагдана. Нэг л мэдэхэд төгсөх цаг ойртсон байна. Анх хятад хэл сурч, ханз гэдэг зураг мэт үсгийг  эвлүүлэн суухдаа хэцүү бэрхийг гайхаж байсан санагдана. Чадварлаг багш нарын үнэтэй сургаал, олон сайхан Өвөр Монгол найзуудын тусламжтайгаар мэдэхгүй чадахгүйгээ асууж, өдөр бүрийг шамдан суралцаж, хятад хэлийг чамлахааргүй сурсан. Өвөр Монголын нийслэл Хөххотод дөрвөн жил амьдарсан ч энэ газрын хөдөө нутгаар явж, Өвөр Монголын малчдын амьдралтай танилцаагүй юм байна. Харин Солонго мэдээллийн төвийн хамт олны зохион байгуулсан Солонго аяллын дамжаад Улаанцав хотын Дөрвөд хошуугаар аялах аз завшаан надад тохиосон юм. Сайхан ажил зохион байгуулж байгаа Солонго мэдээллийн хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлээд ажлын өндөр амжилтыг хүсье.

Доржпүрэв Сувдаа

Дөрвөд хошуу нь Хөххотоос хойд зүгт 100 орчим километр зайтай бөгөөд машинаар хоёр цаг гаруй явж хүрдэг аж. Монгол Улсын баруун захын аймгуудын нэг Увс аймгийн Дөрвөд ястан гэдгээр л дөрвөд гэдэг нэршлийг мэдэх би, анх Дөрвөд хошуу гэж сонсоод хоорондоо холбоотой юм болов уу гэж ихэд гайхав. Үүх түүхээс нь сонсвол төдий л холбоогүй бөгөөд харин Хавт Хасарын удмын дөрвөн тайжийн байгуулсан хошуу тул Дөрвөд хэмээх нэршил авчээ.

Хөххотоос гараад гурван цаг орчим явсаар Дөрвөд хошууны Номгон суманд дөрөө мулталлаа. Анх удаа Өвөр Монголын малчинтай уулзаж, малчны амьдралыг өөрийн биеэр харах гэж байгаадаа замын турш догдолсоор. Дэлхий даяарчлагдаж буй өнөө цагт Өвөр Монгол малчид малчин монгол соёлоо яаж хадгалж байгааг нүдээр үзнэ гэж бодохоор сэтгэлд өндөр гурван цаг маш хурдан өнгөрч, эхний айлын бараа харагдлаа.

Номгон сумын тэмээчин айл

Гэрийн эзэн Цэрэн гуай сум явсан байж таарлаа.  Хүү Хишигт гэр бүлийн хамт биднийг угтан авлаа. Тэд тохитой сайхан байшинд амьдардаг юм байна. Гэрт нь ороход Чингис хааны зурагтай хивсийг хоймортоо өлгөсөн нь миний нүдэнд хамгийн содон туссан. Их хаанаа ингэж биечлэн хүндэтгэж байгааг харах нь бахархууштай. Биднийг хүндтэйн аргагүй хүлээн авч сүүтэй цай идээ шүүсээр дайлсан нь яг л эх нутагтаа нэгэн малчин айлаар орсон мэт сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй монгол түмний зочломтгой сайхан заншлаа гээгээгүй байна даа гэсэн бас нэгэн бодлыг төрүүллээ.

Хишигт гэр бүлийн хамт

Бид нэг өдрийг Хишигтийнд өнгөрүүлэхдээ тэдний амьдрал ахуйтай танилцаж, тэр дундаа тэмээн сүргээ хэрхэн маллаж, арчилж тордож байгааг асууж сонирхож, тэмээ гэдэг амьтан таван хошуу малын бүх шинжийг биедээ агуулж, ашиг шим ихтэй, арчилгаа тордлого бага, маллахад тун амар байдаг талаар мэдэж авлаа. Нийслэл хотод таван хошуу малаас хол өссөн миний хувьд монгол соёлоосоо суралцах сайхан боломж байлаа. Хишигтийнх таван зуу гаруй тэмээтэй. Тэмээгээ хоёр сүрэг болгон хариулдаг аж. Энэ нь ямар учиртай болохыг асуухад тэмээ 14 сар хээлээ тээдэг учир хоёр жилд нэг удаа ботголдог. Эхний сүрэг энэ жил төллөхөд нөгөө сүрэг нь дараа жил төллөнө. Ингэж жил алдалгүй төл тосох малчин хүний нарийн ухааныг гайхан биширлээ. Тэмээ бусад малыг бодвол арчилгаа бага шаарддаг учраас хариулахад харьцангуй амар санагдсан. Тэмээгээ услах гүний худаг малтсан байлаа. Худгаа нарны эрчим хүчийг ашиглан газрын гүнээс ус татдаг байна. Хөдөлмөр хүч хэмнээд зогсохгүй байгальд ээлтэй шинэлэг шийдэл байлаа. Өвөр Монгол малчин айлууд бэлчээрээ хашаалдаг бөгөөд Хишигтийнх 4000 га талбайд тэмээн сүргээ хариулдаг. Тэмээний хашаа хороо нь цэвэр цэмцгэр, сайхан тохижуулжээ. Тухайлбал тэмээ угаадаг тусгай хашаа шүршүүртэй. Элдэв өвчлөл нян бактериас сэргийлж тэмээгээ угаадаг гэж байв.

Хашаалсан газарт малаа хариулдаг болохоороо ч тэр үү Өвөр Монгол малчид монгол гэрт амьдрахгүй болж, орчин үетэйгээ зохицсон байшинд амьдрах болсон нь нүүдэлчин ёс заншлаасаа холдон салж байгаад сэтгэл дундуур байсныг нуух юун.

Монгол хүний гэнэн цагаан цайлган сэтгэл, зочломтгой зан заншил хадгалагдан үлдсэн нь сайхан санагдаж байлаа. Өвөр Монгол тэмээчин айлаар зочлоход яг л гэртээ ирсэн мэт сэтгэлд төрж, тэрхэн зуур аав ээжийгээ бодоод амжсан.

Тэмээ, тэмээчин монгол хүн зөөлөн дулаан говьдоо өнө мөнхөд жаргаарай.

Хишигтийн суурин

Зохиогч: Д.Сувдаа
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл