Хувийн бизнес эрхлэгчдийн сүүлийн жилүүдийн хөгжлийн байдлыг мэдэхээр 10 дугаар сарын 14-ний өглөө бид Онниуд хошууны Борхот суурингийн хойд захаар байрлах “Ордос айл” монгол ресторанд хүрлээ. Рестораны захирал нь Пүтао гэгч гучаад насны үзэсгэлэнт бүсгүй байлаа.

Пүтао /баруун гар тал/
Ордосын өвөрмөц хоол хүнсийг хийдэг болохоор ресторанаа “Ордос айл” гэж нэрлэсэн бөгөөд борцтой хуурга зэрэг хоолныхоо борцыг Ордосоос оруулж, амт нь өвөрмөц болж зочдын таашаалд хүрчээ. Монгол хоол хүнс бол тэр чигээрээ нэг том соёл гэдгийг мэдэрч биширч явдаг тэрээр хийх арга маяг, ёс журмыг онцгой анхаардаг байлаа. Энэ тухайгаа тэр:
- Намайг бага байхад ахмад настнууд зовсон хонины махыг идвэл хүүхэд халуурч, том хүн хорддог гэж ярьдаг байсан. Ийнхүү би хөдөөнөөс тусгай хүн эрж хонио гаргуулдаг гэж ярилаа.
Пүтао Онниуд хошууны Баянтал сумаар нутагтай, 1999 онд Улаанхад хотын Үндэстний ажил мэргэжлийн сургуулиас цахилгааны мэргэжлээр төгсжээ. Түүнээс хойш арваад жил янз бүрийн ажилд орж үзсэн байна. Ингээд охин дүү, хүргэн дүүгээсээ Ордос хоол болон хийх аргыг сурч энэхүү ресторанаа эрхэлсэн гэдэг.
- Ресторанаа эхлүүлэхэд 500 гаруй мянган юань зарцуулсан. Өөрийн минь хадгалсан мөнгө хаана нь ч хүрэхгүй байсан. Ах дүү хамаатан саднаасаа зээлээд ч гүйцээгүй. Харин нэг найз маань үйлс босгох зээл авахыг санал болгосноос хошууны ажил олгох товчооноос 50 мянган юанийн зээл авч дутуугаа нөхөж байсан гэж Пүтао ярихад нам засаг, төрийн бодлогын дэмжлэгт талархаж байгаа сэтгэл нь илхэн байлаа.
- Манайд улсын дотоодын олон газраас зочид цугладаг бөгөөд гадаадын зочид ч ирдэг. Ялангуяа аялал жуулчлалын үыү болох 5-10 сарын хооронд улсын дотоод гадаадын зочид манай хошуугаар олон ирэх болсноос хоолны газарт зочид олширч, орлого дахин нэмэгддэг гэж Пүтао ярилаа.
Онниуд хошуу сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг дэмжиж эхэлжээ. Борхот суурингаас хорьхон километр зайтай байрлах Бөөрөнхий аялал жуулчлалын орон нутаг нь тал нутаг, элсэн цөл, нуур бүрд бүгдийг багтаасан Хятадын 4A зэрэглэлийн үзэсгэлэнт орон болж, энэ жилийн намар болтол улсын дотоод гадаадаас аялахаар ирсэн жуулчин 227.5 мянгыг давжээ. Энэ нь Пүтаод ашиг орлого нэмэгдэх боломж олгож, жилд 2 сая гаруй юанийн орлого олох болжээ.
Пүтао одоо ресторандаа 12 зөөгчтэй бол хоёр нь саяхан их сургуулиа төгссөн оюутан байлаа. Пүтао ажил олох хүнд бэрхийг өөрийн биеэрээ туулсан болохоор оюутан дүү нарт нийгмийг ойлгох, туршлага хуримтлуулах, өөрийгөө боловсруулах боломж олгож, ажил олж үйлс босгоход нь тус болъё гэж оюутан залуучуудыг элсүүлдэг байна. Энэ зун Төвийн Үндэстний Их Сургуулиас магистр төгсгөх гэж байгаа Онниуд нутагтай Цэлмэг гэгч оюутан монгол хүнсний тухай сэдвээр диплом бичиж, түүний хоолны газраас ихэнх мэдээллээ сурвалжлан цуглуулсанд уг өгүүлэл нь шилдэг өгүүллээр сонгогдсон гэдгийг сонсоод тэр их л баярлан, монгол хоол хүнсний соёлыг илүү олон хүнд таниулъя гэх итгэл бодол улам бат болжээ.
2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Пүтаогын хувьд мартагдашгүй нэгэн өдөр байв. Тус өдрийн өглөө тэрээр хошууны Засгийн явдлын үйлчилгээний төвд гэрчилгээгээ солихоор очоод Онниуд хошуунд зочлон ажиллаж байсан Ли Кэчян ерөнхий сайдтай азаар учирч, ерөнхий сайдын халамжийн хариуд бизнесийнхээ байдал, Засгийн явдлын үйлчилгээний танхимын ард түмэнд үзүүлсэн үйлчилгээ зэргийг товч танилцуулахын хамт ажил үйлсээ улам өөд татаж явах тухайгаа илтгэсэн байна. Ли Кэчян ерөнхий сайдтай уулзсан гэрэл зургаа тэр рестораныхаа хананд өлгөж, өөрөө итгэл зоригийн ундраа болгон, ирсэн зочдынхоо бахархалд хүргэж явна.
