ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар ойрын өдрүүдэд монгол оюутнуудын ажлын байр, бизнес эрхлэх тухай тусгай арга хэмжээ авахаар болсон байна. Ирээдүйд төрийн албаны ажилтан, олон нийтийн байгууллагуудын шалгалтад монгол сургууль төгсөгчдийг элсүүлэх орон тоо 15%-иас доошгүй байх хэрэгтэй гэж тогтоожээ.
Одоогоор Өвөр Монголд их дээд сургуульд суралцагч 93600 оюутан байгаагаас 62 хувь нь монгол оюутнууд болно. Уг арга хэмжээнд их сургуулиуд шинжлэх ухаан, инженерийн мэргэжил болон нийгмийн шинжлэх ухаан хийгээд байгалийн шинжлэх ухаан хоёрыг уялдуулсан мэргэжлүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж чухалчлав. Мөн мэргэжлийн хичээлийн сургалтын системийг өөрчлөн шинэчилж, сургалтын арга барилаа сайжруулах бодит арга хэмжээг ч дурдсан байна.
Хууль ёсоор монгол оюутнуудын ажлын байрыг нэмэгдүүлэх нь зангилаа болох юм гэж ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас тодорхойлсон билээ. Мөн бүх газар нутгийн төрийн байгууллага болон олон нийтийн байгууллагууд заавал монгол хэлний мэргэжлийн орчуулгын ажлын байр зохицуулах хэрэгтэй гэж шаардсан байна. Шүүх болон хууль зүйн үйлчилгээний байгууллагуудад монгол хэлний орчуулагчтай байхын зэрэгцээ зам тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн болон бусад аж ахуйн нэгжид монгол, хятад хоёр хэлэнд нэвтэрсэн төгсөгчдөд ажлын байр хангах ёстой гэжээ.
Бизнес эрхлэх талаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эко аялал жуулчлал, орчин үеийн үйлчилгээний салбар, үндэстний соёл, сурган хүмүүжлийн салбар зэргийг голлон хөгжүүлнэ. Монгол оюутнуудад зориулан бизнес эрхлэх тэтгэлэг, зээл олгох дэмжлэг зэргийг ч нэмэгдүүлнэ гэж онцлон чухалчилсан байна.
