\n
\nӨвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн докторант Шамий Дэлгэрсайхан
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс зохион байгуулсан ӨМӨЗО-ны Улаанцав хотын Дөрвөд хошууны малчин айлын амьдралтай танилцах Солонго аялал 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөөХөххотоос Дөрвөд хошууны төв Улаанхуа сууринд хүрснээр эхэлсэн юм.
Дөрвөд хошуугаар аялах үедээ би өөрийн сонирхлын дагуу байгалийн тогтоц, хөрсний шинж чанар, чулуулаг тогтоц, ургамал бүрхэвч, ул хөрсний усны чанар болон гар худагийн гүн, геоморфологийн онцлог байдлыг сонирхон ажиглаж явлаа.
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн докторант Шамий Дэлгэрсайхан Улаанцав хотын телевизэд ярилцлага өгч байгаа нь
Миний нүдээр Дөрвөд хошууны байгалийн ерөнхий тогтоц нь зүүн урдаас баруун хойш чиглэлтэй газрын гадаргын налуу нь 3-7 хэмээр өндөрших бөгөөд хуурай хээрээс говийн бүст шилжих ухаа гүвээт толгодтой зурвас нутаг байлаа. Нутгийн урд хэсгээр газрын гадаргын 75-85 хувь нь ургамал бурхэцтэй. Голлох ургамал бүрхэвч нь хялгана, хиаг, агь, нэг наст үетэн ургамал ургасан байв. Харин нутгийн хойд хэсгээр ургамал бүрхэц нь 25-35 хувь, гялгар дэрс, бор бударгана, шар хуайс зонхилж ургасан байна. Хөрсний шинж чанарын хувьд Дөрвөд хошууны урд хэсгээр карбонатлаг элсэнцэр хүрэн хөрстэй байсан бол нутгийн хойд хэсгээр сайр чулуурхаг мараалаг элсэн бор хөрс тархжээ. Энэхүү хөрс ургамлын байдлаас харахад Монгол Улсын хойноос урагшлахад тохиолдох үзэгдэл нь Өвөр Монголын зарим нутагт эсрэгээрээ буюу урдаас хойшлоход тохиолддог зүй тогтолтой байдаг ажээ.
Оюутан байхын байгалийн гуу жалга тааралдвал түүний хөрсний үе давхарга, өнгө, чийгийн байдал, нүх сүв, чулуу, нягт, ургамлын үндэс, хөрсний ширхгийн бүрэлдэхүүн, бүтэц, геохимийн ерөнхий байдал зэргийг ажиглан таних дуртай болсон билээ. Заримдаа гуу жалга тааралдвал хэр удаан ажиглан сууснаа мэдэхгүй цаг хугацаа өнгөрсөн байх нь олонтоо.
Бидний очсон малчин айлууд орчмын гуу жалганы хөрс нь хэдэн төрлийн нийтлэг зүйл ажиглагдсан нь цайвар бор өнгөтэй, элсэнцэр ширхгийн бүрэлдэхүүнтэй, 15-35см гүнд карбонарлаг, чулууны агууламж өндөртэй, өнгөн хэсгээрээ хөрс нь сийрэг боловч доошлох тусам маш нягт байлаа.
Дөрвөд хошуугаар аялах үед зам дагуу таарах маш олон овоотой бөгөөд нутгийн хүний ярихаар 100 гаруй тахилгатай овоо байдаг байна. Тухайлбал Юань улсын үед Хубилай хаан тахиж байсан сүрлэг сайхан Хан-Уулын овоо Дөрвөд хошууны нутагт оршдог ажээ. Дуулга уулнаас эртний цэрэг дайчдын эд хэрэгсэл болох дуулга, дайчин эрсийн араг яс зэрэг археологийн олдвор олдсоор байгаа нь Дөрвөд хошууг Монгол туургатны түүхэн жимийн үлдэгдэл, цаг хугацааны үргэлжлэл гэдгийг улам илтгэх мэт санагдана.
Улаанхуа суурингаас Номгон сумын тэмээчин Цэрэн гуайнд хүрэхээр явах зам дагуу Хан-Уул багийг дайран өнгөрөх бөгөөд тус багийн малчид нь бэлчээртээ харгана мөрлөн тарьсан байлаа. Тус нутаг салхин болон усан элэгдэлд газрын гадаргуу нь өртсөн байх нь элбэг тохиолдох боловч салаа замаас улбаатай хөрсний эвдрэл ажиглагдсангүй. Магадгүй бэлчээр нутаг хувааж айл бүр хариуцсан газраа хашаалсны улмаас салаа замын эвдрэл бага байгаа бололтой. Гэвч айл бүр хашаа хатгаснаар нүүдлийн мал аж ахуй эрхлэх, отор хийх боломж хумигдсан байна. Малчид суурьшмал амьдралд шилжсэнээр монгол гэрт аж төрөхөө больж, тоосгон байшинд амьдардаг болжээ.
Номгон сумын Олон нуурын говьд амьдрах тэмээчин Цэрэн гуайнд хүрэхэд Цэрэн гуай сум явсан байлаа. Харин түүний хүү Хишигт биднийг халуун дулаанаар угтан авсан юм. Цэрэн гуайн нутаглаж буй газар Улаанцав хот болон Шилийнгол аймгийн хиллэх зааг газарт байрлах бөгөөд Номгон хайрханы бэл дэх Номгон овоог нутгийн зөн олонтойгоо тахин шүтдэг ажээ. Бид ч очсон өдрийнхөө орой нар шингэхээс урьтаж уул овоонд нь мөргөж хийморь лундаагаа сэргээгээд амжлаа.
Номгон овоо
Хишигтийн зочломтгой зан илэн далангүй хуучлах байдал нь нутгийн маань эгэл жирийн говийн хүмүүсийг санагдуулж байв. Хишигт биднийг дагуулан тэмээн сүргээ хэрхэн усалдаг болон малжих амьдралаа танилцуулсан юм. Цэрэн гуайнх нар болон салхин цахилгаан станцтай бөгөөд бүхий л цахилгааны хэрэглээгээ хангадаг. 90 метрийн гүний худаг малтаж, тэмээн сүргээ усалдаг. Худгийн ус нь шүлтлэг хужирлаг амттай байдаг тул ундны усаа өөр газраас зөөвөрлөн хэрэглэдэг байлаа.
Цэрэн гуайнхаас гараад адуучин Хувьсгалт гуайн зүг хүлгийн жолоо залсан юм. Хувьсгалт гуайнх Улаанцав хотын Дөрвөд хошууны Жанган сумын Үжин багийн Адгийн ус гэх Монгол Хятадын хилээс 4 километр зайд амьдардаг ажээ. Гурван хүү нэг охиноо айл болгожээ. Хүүхдүүд нь аавын нутагт саахалт амьдарна. Хувьсгалт гуайнх хурдан морь уядаг бөгөөд хэд хэдэн удаа хошууны наадамд үзүүр түрүү авч байсан удаатай.
Дунд хүү Цолмон бэлчээртээ худагтай болохоор 150 метр гүн өрөмдсөн боловч усны ундарга гараагүй байна. Иймээс ундны усаа мөн зөөвөрлөн хэрэглэнэ. Хувьсгалт гуайн гэрийн хүн ач нараа сургууль соёлын мөр хөөлгөхөөр хошуун төвд тэдний хамгаалагчаар томилогджээ. Тиймээс Хувьсгалт гуай гэрт орж эм, гадаа гарч эр болно. Хайрсан боорцог, бууз, үхрийн чанасан мах гээд бүгд л амттай гэдэг нь жигтэй. Хөдөөгийн тайван амгалан малчин монгол айлын зочломтгой зан, хуучлан хоносон үдэш, адуучин айлын ажлын нэг өдөр миний сэтгэлийг маш их хөдөлгөж билээ.
Хувьсгалт гуайнд
Хувьсгалт гуайн адуучинтай яриа өрнүүлэв
Хувьсгалт гуайнхаас мордож, Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын Баян багийн хоньчин Бөхчулуун гуайнд очихоор аяллаа үргэлжлүүлсэн юм. Бөхчулуун гуайнх Цагаанбулаг сумын малчин иргэдтэй хамтран хоршоо байгуулан ажиллаж байлаа. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон Австралиас махны чиглэлийн хонь оруулж, нутгийн хоньтой эрлийзжүүлэн махны гарцыг сайжруулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мал аж ахуйг фермерийн орчинд эрхэлж байв. Шилдэг технологийг мал аж ахуйдаа нэвтрүүлснээр нутгийн малчдын амьдрал дээшлэх нь дамжиггүй билээ. Малын тэжээлийн ургамлыг бэлчээр дээрээ малчид өөрсдөө тарьж, хадлан авсан байв. Миний бодлоор байгаль цаг уурын тааламжгүй үеийг өөрийн хөдөлмөрийн үр шимээр давах хэрэгтэй гэдгийг Цагаанбулаг сумын малчин иргэд тун сайн илтгэж байв.
Цагаанбулаг сум нь “Арвыг хамруулах төсөл” хэрэгжсэн сум байв. ӨМӨЗО “Арвыг хамруулах төсөл” хэрэгжүүлж байна гэж сонсож байснаас хэрэгжсэн байдлыг нүдээр үзнэ гэж бодож явсангүй. Нурах аюултай болсон хуучин байшинг нурааж шинэ тоосгон байшин болгон сольсон харагдана. Мөн байшингийн гадна монгол маягийн хээ угалз нэмсэн нь онцлог өнгө төрхтэй харагдаж байлаа. Замд таарч байсан сумдаас бас нэг ажиглагдаж байсан зүйл нь дэд бүтэц сайн хөгжсөн боловч эрүүл мэнд, боловсролын тал дээр дутмаг санагдаж байсан юм.
Бөхчулуун гуайн хонин сүрэг
ӨМӨЗО–ны Улаанцав хотын Дөрвөд хошууны Номгон, Жанган, Цагаанбулаг сумын малчин айлын амьдралтай танилцах аялал 4 шөнө 5 өдөр үргэлжилж, 1500 орчим километр замыг туулж, тэмээчин, адуучин, хоньчин айлын аж амьдралтай танилцан ихийг таньсан аялал боллоо.
Малчид өөр өөрийн гэсэн бог бод мал маллах соёл уламжлалаа өвлөн хадгалж байгаагаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэлэг арга хэлбэрийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлжээ.
Солонго аяллаар дамжин Өвөр Монголын малчдын аж амьдралын тухай танин мэдсэн нь миний амьдралын мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэж байгаад тун их баяртай байна. Солонго мэдээллийн төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж байна.
Зам зуур
