
Хүйтний эрч чангарч, хөдөө нутаг өвч цасанд хучигдсан арван хоёрдугаар сарын эхээр малын бэлчээр цасанд дарагдаж, өвс бордооны нөөц сайтай малчин айлууд малаа тэжээж эхэлсэн үе байлаа. Малчин Мөнхтөмөр нүүр царай чичгэнүүлсэн жавартай хүйтэн өглөө үхрээ өвсөлж дуусаад цахилгаан халаалттай гэртээ ороход даарч бээрсэн бие нь дулаацлаа.
Энэ айл гурван жилийн өмнө 130 тэгш дөрвөлжин метр талбайтай шинэ байшин барьж, ус, цахилгаанаар халаах чадамжтай халаалт угсарсан байна. Хүйтэнд даарч бээрэн гэртээ орж ирээд гал түлэн гэрээ дулаацуулах шаардлагагүй болжээ. Мөнхтөмөр шинэ байшингаа 240 мянган юанийн хөрөнгө оруулан барьж, өөрөө зурж төсөвлөн, унтаж амрах гурван өрөө, зочны өрөө, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөтэй тохижуулан барьж, хотын байшингаас дутахааргүй засаж чимжээ. Энэ жил хөдөө орон нутагт тохиромжтой 300 мянган юанийн өртөг бүхий машин худалдан авчээ.
Малчин Мөнхтөмөр Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Сайнхудаг сумын Баянтөхөм багийн иргэн. Малчин хүнд нутаг амь гэдэг. Мөнхтөмөрийн хувьд нутгаа хамгаалах нь амьдралын тэргүүн чухал явдал болно. Тэрээр өөрийн 3800 мү талбай нутаг дээр түрээсэлсэн 2000 мү талбай нутаг бэлчээрээ хамгаалахдаа манхан газрын онцлогт тохируулан 200 гаруй хонио цөөлөн 30 гаруй хонь үлдээж, 60 гаруй үхэр онд оруулах болжээ. Нутаг бэлчээр бага ч зуслан өвөлжөө хэмээн хоёр хэсэгт хуваан сэлбэн малладаг байна. Сүүлийн жилүүдэд бургас тарьж элсэн цөлийг тогтворжуулж байгаад жил бүрийн таван сарын үед аргал хорголоор эрэг гуутай газрыг тэгшилж, бэлчээр нутгийн эдгэрэлтийг баталж, элс шороо дэгдэхээс хамгаалж чадсан байна.
Бэлчээр нутгаа хамгаалан мал аж ахуйн өндөр ашиг орлого олохоор сүүлийн гурван жил үхрээ бэлчээр нутагт гаргахгүйгээр тэжээх туршилт хийв. Өвс бордооны зарлага өндөр байдаг ч ашиг орлого өндөр байлаа.
- Өвөл үхрээ сайн тэжээдэг болохоор тарга хүч сайн, төллөх норм ч өндөр болсон. Өнгөрсөн жилүүдэд өвс бордооны зарлага бага боловч жилдээ 5-10 үнээ сувайрдаг. Тарга сайтай үнээ 11-р сараас эхлэн тугаллаж, эртийн тугал 14000-15000 юаньд хүрдэг гэж Мөнхтөмөр туршлагаасаа хуваалцлаа. Мөнхтөмөр үхрээ 12-р сараас эхлэн хавар таван сар хүртэл тэжээдэг. Энэ жилийн хувьд цас их унасан учир 11-р сарын сүүлээс эхлэн тэжээж, өглөө оройдоо өвсөлж, өдөр бордоо өгдөг болжээ. Энэ жил 60-аад тугал зарж, тугал бүр нь 13 мянган юаньд хүрч, 700 мянган юанийн орлого олжээ. Жил бүр 100 гаруй тонн өвс, 100 мянган килограмм бордоо авч 200 мянган юань зарцуулна.
Мөнхтөмөр тархи толгой сэргэг, гар уран хүн. Цаг зав гарвал үндэс урлал, тамга урлал, морины хусуур оролддог. Хүн дур сонирхолтой зүйлээ хийхээр ядардаггүй гэдэг. Мөнхтөмөр цаг завтай л байвал сийлбэр оролдон суудаг нэгэн. Мөн ном цуглуулах, ном унших дуртай тэрээр 500 гаруй ном цуглуулжээ. Хааяа шүлэг зохиол бичихээр оролддог ба багийнхаа “Баянтөхөм” сэтгүүлийн зөвлөгчөөр олон жил ажиллаж байгаа юм. Энэ нь гэр бүлд нь их нөлөө үзүүлж, хоёр охин нь багаасаа ном унших дуртай болжээ. Том охин нь одоогоор Өвөр Монголын Их Сургуульд магистрт суралцаж, бага охин нь ч сурлага хичээлдээ сайн хошууныхаа сургуульд суралцаж байна.
Бага газрыг ч үр дүнтэй сайхан ашиглаж чадвал баршгүй баялаг бүтээдэг юм байна. Мөнхтөмөр хошууны төв болох Шант сууринд хоёр байшинтай. Хөдөлмөрч энэ айл суух байр байшин, эдэлж хэрэглэх машин төхөөрөмжтэй аз жаргалтай сайхан амьдарна.
