Эрхэм баян эрдэм ном гэдэг. Өөрийгөө хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахуйц иргэн болон төлөвшихөд оюутан, сурагчид үр дүнтэй суралцах, мэргэжлийн, судалгаа шинжилгээний дадлага, ур чадвартай болох, нийгмийн идэвхтэй гишүүн болон төлөвших, зорилготой амьдрахад өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байдаг. Энэ л зорилгыг өвөрлөн яваа Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн гуравдугаар ангийн оюутан Батдоржийн Ууганчимэгтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Намайг Батдоржийн Ууганчимэг гэдэг. Булган аймгийн уугуул, Эрдэнэт хотын суугуул. Эрдэнэт хотод бага насаа өнгөрөөж, 10 жилийн сургуулиа дүүргэсэн. Ам бүл дөрвүүлээ, аав ээж дүүгийн хамт амьдардаг. Монгол Улсын Их Сургуулийн Хятад-Монгол хэлний орчуулагчаар бакалавр зэрэг хамгаалсан.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Сургуульд ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Сургуульд Бизнесийн удирдлагаар магистрантурт суралцаж байна. Анх ирэхдээ яг энэ мэргэжлээр суралцана гэсэн бодолгүй байлаа. Хоёр мэргэжлээс сонголт хийх бодолтой ирсэн. Ингээд Бизнесийн удирдлагын ангийг сонгосон.
Танай сургуульд Монгол Улсаас нийт хэдэн оюутан сурдаг вэ?
Монгол Улсаас нийт 5 сурагч суралцдаг. Бусад дөрвөн оюутан Мөнгөн гүйлгээний чиглэлээр суралцдаг.
Өвөр Монголд ирж суралцахад эхний жил хэлний бэлтгэлд сурдаг. Хэлний бэлтгэлд суусан уу?
Өвөр Монголд ирээд хэлний бэлтгэлд суугаагүй. Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Сургууль хятад хэлний суурьтай, магистрантурт суралцах оюутнуудыг солилцоогоор суралцуулдаг. Бид бүгд Монголд сурсан мэргэжил хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн хүмүүс байгаа. Тиймээс суух шаардлага байгаагүй. Энд суралцахаар ирээд заавал мэргэжлээ солих шаардлагатай болсон.
Анх ирж байснаас хэлний түвшин хэр зэрэг болсон бэ?
Монголд байсныг бодвол хэлний түвшин хамаагүй дээшилсэн. Энд Монгол хүмүүс ихтэй монголоор ярих шаардлага гардаг ч ногоо авахаас эхлээд заавал хятадаар ярих шаардлага гардаг. Монголд огт хятадаар ярьдаггүй, уншаад, сонсоод, хараад ойлгодог байсан бол энд ирээд зайлшгүй ярих шаардлага гарч байгаа болохоор ярианы чадвар маш сайн дээшилж байгаа. Анх хятад хүнтэй ярихдаа маш их санаа зовж ичдэг байлаа. Одоо бол ярихаас санаа зовохгүй болсон. Буруу зөв ч хамаагүй ярьдаг болсон. Бүр ойлголцохгүй бол дохио зангаа ашиглаад ойлголцох тохиолдол гардаг. Хятад хэлний уншлага дуудлага маш сайн болсон.

Яагаад Хятад улсад суралцахаар шийдсэн бэ?
Яг хятад улсад сурна, энд хэдэн жилээр амьдарна гэж бодож төсөөлж байгаагүй. Зөвхөн ярих чадвараа дээшлүүлэх зорилгоор хятад улсын аль нэг хотод очиж нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд сууна гэсэн бодолтой явдаг байсан. Харин ийм боломж байгааг мэдээд хэлний мэдлэгээ дээшлүүлж, давхар мэргэжил эзэмших болсондоо баяртай байгаа.
Хичээл ихтэй байдаг уу? Оюутны нэг өдрөө хэрхэн өнгөрөөж байна вэ?
Анхны үеэ бодоход хичээл гайгүй болж байгаа. Усыг нь уувал ёсыг нь дагах гэдгээр хятад оюутан сурагчдын адил өглөө эрт босно, өдөр амралтын цагаар унтаж амарна гээд яг л тэдний нэгэн адил дэглэмд орсон. Хичээлийн номоо худалдаж аваад ном дээрээ тэмдэглэл бичдэг. Давхар дэвтэр дээр тэмдэглэл хийх, өмнөх хичээлээ дахин давтаж үзнэ, дараагийн хичээлдээ бэлдэнэ, ойлгоогүй үлдсэн хичээлээ дахин лавлаж харна гээд хийх зүйл их байдаг. Дээр нь бид мэргэжлээ өөрчлөөд суралцаж байгаа болохоор бакалаврын суурь муу болохоор илүү их зүйл уншиж судлах, суралцах хэрэгтэй болдог.
Танай сургууль хотын төвөөс нэлээд зайтай байдаг. Хотын төв ордог уу?
Анх ирээд маш их гайхаж байсан. Төв орох гэж маш их цаг зарцуулдаг байлаа. Юу юугаа ч мэдэхгүй бүх л зүйлээ төвөөс орж авдаг байсан бол одоо орчин тойронтойгоо танилцаад эндээсээ бүх зүйлээ авчихдаг болсон. Зарим хэрэгтэй зүйлээ интернэт дэлгүүрээс авчихна. Бараг төв ороод байх шаардлага гарахгүй болсон. Найз нөхөдтэйгөө уулзах ч юмуу чухал шаардлага гарвал л хот ордог.
Бусад сургуулийн оюутнуудтайгаа холбоотой байдаг уу?
Зарим сургуулийн оюутан сурагчидтай л холбоотой байдаг. Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Сургуулийг оюутнууд сайн мэддэггүй. Зарим нь бүр гайхдаг, ийм сургууль байдаг юм уу? Монголоос бас оюутан сурдаг юм уу гэх мэтээр их сонирхож байдаг.
Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны зохион байгуулдаг арга хэмжээнд оролцдог уу?
Оюутны Холбооны зохион байгуулдаг арга хэмжээнд оролцож амждаггүй. Сургууль зайтай гээд янз бүрийн шалтгаанаас болоод оролцож байгаагүй юм байна.

Өнөөдрийн Хөххот чиний нүдээр?
Энд сурахаасаа өмнө Хөххотод ирж байсан. Тэр үед хөгжил муутай санагдаж байсан. Нэг үеэ бодвол хөгжиж байгаа. Хятадын бусад хоттой харьцуулахад хөгжлийн хувьд дээгүүр орж чадахгүй.
Өвөр Монголд анх ирэхэд тулгарч байсан бэрхшээлтэй зүйл болон сэтгэлд хамгийн дотно сайхан санагдаж байсан зүйлээсээ хуваалцвал?
Юуны түрүүнд Хөххотыг сайн мэдэхгүй, суралцах сургууль минь хотын төв гээд бүх л зүйлээс хол байгаад дасахгүй хэцүү байсан. Мөн манай сургууль Монгол Улсаас оюутан солилцоогоор авч байгаагүй болохоор биднийг сургуулийн хүрээнээс гаргадаггүй байлаа. Хэрэгтэй зүйлээ багш нартаа хэлээрэй, бид аваад ирнэ. Эхэндээ хорионд байгаа мэт сонин байсан. Гол нь бидний аюулгүй байдлын үүднээс багш нар хариуцлагатай хандаж байсан хэрэг.
Хамгийн сайхан, сэтгэлд дотно санагдаж байсан зүйл нь манай сургуулийн оюутнууд маш сайхан халуун дотно найрсгаар хүлээн авч байсанд юм. Бид Монголоос ирсэн, хятад хэл сайн мэдэхгүй болохоор тусалж дэмжиж байгаарай гэхэд хэн ч байсан маш их сэтгэл гаргаж дэмждэг байлаа.
Ирээдүйн хүсэл мөрөөдлийн тань талаар сонирхож болох уу?
Хамгийн тэргүүний хүсэл гэвэл сургуулиа амжилттай төгсөөд Монголдоо очоод мэргэжлээрээ ажиллах юм байна. Дараагийн шатанд сайхан гэр бүлтэй болох, сайхан амьдрал зохиохыг л хүсэж байна. Өөрийгөө хангалттай сурсан гэж бодох болсон.
Өвөр Монголын хөдөө орон нутгаар аялж байсан уу?
Хөдөө орон нутгаар аялж байгаагүй. Харин хөдөө орон нутгийн аж амьдралын талаар маш их сонсож дуулж байсан юм байна. Найз нөхөд, хамт суралцдаг оюутнууд бидэнд үргэлж ярьж танилцуулж байдаг.

Тун удахгүй шинэ он гарлаа. Таны хувьд 2015 оноо дүгнэвэл?
2015 он миний хувьд өгөөжтэй зүйл их байлаа. Бүтэн нэг жилээ дүгнээд үзэхэд сурлага хөдөлмөр гээд өөрийн хувьдаа дэвшилттэй зүйл хийж чадсан. Монголд байсан шиг шинэ жилийг заавал ингэж тэгэж тэмдэглэнэ гэсэн ойлголт байхгүй болсон. 2016 он илүү өгөөжтэй сайхан он болоосой гэж хүсэж байна.
Танд сүүлийн хормыг үлдээвэл?
Аав ээж, дүүдээ хайртай, маш их санаж байна. Надад санаа зовох зүйлгүй, охин нь сайн байгаа. Эх орон, ээж аавыгаа зүрхэндээ тээж, эрдмийн их аянд явж байна гэж дамжуулъя.
Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа!
Танай төвийн хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэж байна.
