Цэцэрлэгийн ахлах ангийнхан малчин айлын амьдралтай танилцлаа
2016-04-20 12:12
Хаврын урь орж, түмэн бодис амилан сэргэж, нар ээсэн тэнүүхэн сайхан өдөр “Барга” үндэстний хүүхдийн цэцэрлэгийн орлогч захирал Шиао Иэн, багш Оюунтана, Жао Чунмэй нар “Хэрлэн” ахлах ангийн хүүхдүүдтэйгээ《Хэрлэн голын дэнж дэх төлийн дуу-2016》 үйл ажиллагаанд оролцохоор 4 дүгээр сарын 12-ны өглөө Цэнгэл багийн Өлзийбаяр малчныд айлчилж, хүүхдүүддээ малчдын амьдралыг үг өгүүлбэрээр биш бодит байдлаар нь ойлгуулахаар зорьжээ.
Хүүхдүүд тал нутгийнхаа өвөрт эрхэлж, тэнүүн талд цог жавхаа баяр баясгалантай байлаа. Монгол гэрт зочлох зан заншил, малчдын ажил хөдөлмөр, төл хэрхэн тосохыг хүүхдүүдэд багш нар нь ярьж, хүүхдүүдээрээ хурга, ишиг угжууллаа.
Хүүхдүүд хонин сүргийн дэргэд дур тааваараа хөөцөлдөж, чулуу түүж тоглон наадаж байв.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжаад хүүхдүүддээ төл малын дэргэдэх хөдөөгийн бор амьдралыг бодитоор мэдрүүлж, тэднээр биечлэн хийлгэж, монгол үндэстнийхээ уламжлалт амьдралаар бахархах сэтгэлийг нь нэмэгдүүлж, үндэстнээ хайрлах эрхэм дээд үзэл ухамсрыг буй болгоход гол зорилго оршиж байна.
Зохиогч: Цэнгэл, Сурнаа
Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
