Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аялалд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол Улсын оюутан залуусыг оролцуулан Өвөр Монголын малчдын аж амьдралтай танилцуулж, малчдын хамт ажиллан, хамт хооллож, яриа өрнүүлж, өөрийн биеэр үзэж харсан, ойлгож мэдсэнээ Солонго мэдээллийн төвийн мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг билээ.
Солонго аялал-2016
Солонго аяллыг 2015 оноос эхэлсэн бөгөөд анхны аяллаа Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны малчин айлтай танилцсан бол хоёр дахь аяллаа энэ оны аравдугаар сарын 12-наас 16-ны өдрүүдэд Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны малчин айлуудаар хийлээ. Тус аяллаар Дөрвөд хошууны Номгон сумын малчин Цэрэн, Жанган сумын малчин Хувьсгалт, Цагаанбулаг сумын малчин Бөхчулуу нарын малчин ухаан, аж амьдрал, ахуй байдалтай танилцан, сурвалжилга хийлээ.
Энэ оны “Солонго аялал”-ыг Улаанцав хотын Өдрийн сонинтой хамтран зохион байгуулсан бөгөөд тэдний дэмжлэг туслалцаатайгаар бидний аялал амжилттай сайхан зохион байгуулагдсан юм.
Аяллын баг говь нутагт саатлаа
Бидний эхний өртөө Номгон сумын малчин айлаас эхэллээ. Номгон сум говь тал нутаг болохоор говийн хонь, хос бөхтэй тэмээ, улаан үхэр тэжээж үржүүлэхээр гол болгожээ. Тус сумын Ам-Ус баг нь Хятадын Шэньжөү нисэх онгоц газарддаг онцлогтой нутаг юм. Номгон сум нь Номгон уулын нэрээр нэрлэгдсэн сум бөгөөд тус уулын хажууд байгалиас тогтсон овоо байдаг нь гайхалтай. Бид ч нутгийн овоонд нь мөргөж хүсэл мөрөөдлөө шивнэж, хийморь лундаагаа сэргээлээ.
Бидний баг Улаанцав хотын Өдрийн сонины хорооны хамт олонтой
Тус сумын малчин Цэрэн гуайнх таван хошуу малаас тэмээг голлон малладаг байна. Цэрэн гуайнх сум хийгээд хошуундаа нэр төртэй жишээч айл бөгөөд тэмээ маллаж үржүүлэх хоршоо байгуулж, олон олон малчин айлаа дагуулан хөрөнгөжих хөгжлийн замаар аялах аж. Өөрийн хувьчилж авсан 4000 га талбай бэлчээр нутагтай. Бэлчээр нутагтаа тэмээ, хонь, үхэр харуулдаг байна. Цэрэн гуайнд очиход яг л жуулчны бааз шиг сайхан тохилог том амины орон сууц, зочин хүлээн авах байр, дайлж цайлах хоолны газар гээд хот газрын айлаас ч илүү тохилог таатай амьдран сууж байгааг харахад жишээч гэдэг нь аргагүй байлаа. Бидний сурвалжилгын багийг Цэрэн гуайн бага хүү Хишигт хүлээн авч, тэмээн сүрэг, мал аж ахуйн байдал, аж амьдралынхаа тухай танилцууллаа. Говь нутаг, тэмээн сүрэгтэй танилцан Цэрэн гуайнд нэг хонохдоо тус айлын ажил амьдралыг ойлгож, ажилсаг хөдөлмөрч, аж ахуйч, малч ухааныг нь гайхан биширч байлаа. Хөдөлмөр зүтгэлийн хүчээр Цэрэн гуайнх хошууны тэргүүн баян айл болжээ.
Хоёрдугаар өртөө Жанган суманд саатлаа. Жанган сум нь Хятад, Монголын хил дагуу байрлана. Сумын хил нийт 82.165 километр урттай. Сумын харьяанд 8 багтай бөгөөд 6 баг нь уламжлалт мал аж ахуйн амьдралтай аж. Хоёр баг нь мал аж ахуй болон тариалах амьдралыг хослуулжээ. Сумын нийт хүн амын тоо 4500 гаруй.
Бид Дөрвөд хошуундаа хамгийн олон адуутай Жанган сумын малчин Хувьсгалтынд зочиллоо. Нийт 500 гаруй адуутай байсан бөгөөд нутаг бэлчээр, байгаль цаг уурын нөлөөнөөс болж өнгөрсөн жил 300 гаруйг нь худалдаж, одоо 200 гаруй адуу, цөөн тооны хонь маллаж байна. Хувьсгалт гуай гурван хүүтэй, хүүхдүүдээ айл гэр болгож, адуу малаа таслан өгчээ. Хувьсгалт гуай Шанхайгаас Өвөр Монголд ирсэн 3000 өнчин хүүхдийн нэг нь бөгөөд түүнийг үрчилж авсан ачит ээж аав нь жирийн нэгэн малчин ард байсан гэдэг. Тэрээр хэлэхдээ: - Тухайн үед надад хоёр дахь амь насыг олгож, хүний зэрэгт хүргэсэн ээж аав дээрээ би дөрвөн настай, охин дүү минь гурван настай ирсэн гэдэг. Монгол ээжийн хүмүүжлээр хүн болж, өнөөдөр өдий зэрэгтэй сайхан амьдралыг эдэлж явна. Намайг өсгөж хүмүүжүүлсэн монгол газар, монгол ээждээ маш их баярладаг. Монгол газрын маань адуун соёл алдагдаж байгаад санаа зовж явдаг. Иймээс өөрийн бага ч болов хувь нэмрийг монгол газартаа оруулахаар адууг өсгөж үржүүлж явна гэж билээ.
Хөдөлмөрч, зочломтгой зан чанар, нутаг усаа хайрлан хамгаалж байгааг нь харахад монгол ээжийн хүмүүжил яах аргагүй харагдан үлджээ.
Ингээд бид Цагаан булаг сумыг зорилоо.
Цагаан булаг сум нь 8 багтай бөгөөд нэг баг нь өвс бордоо ургуулж боловсруулдаг суурин, бас нэг нь экологийн нүүдлийн баг бөгөөд зургаан баг нь мал аж ахуйг эрхлэн амьдарна. Бид мал аж ахуйн эрхлэн амьдарч байгаа багийн малчин Бөхчулуун гуайнд зорин очлоо. Тэрээр Хятадын “5.1” хөдөлмөрийн шагналт бөгөөд “Сайн уу” компанийг үүсгэн байгуулж, Австрали улсаар дамжин Өмнөд Африкийн Дү Бө хонийг импортолж, нутгийн хоньтой эрлийзжүүлэх ажлыг санаачлан хийжээ. Тус хонь нь хар толгойтой бөгөөд сүүлгүй, биеэр том, махны гарц их. Дү Бө хонийг нутгийн хоньтой эрлийзжүүлэн гарсан хөврөлийг мэс заслын аргаар дахин нутгийн хонинд үр шилжүүлэн суулгадаг байна. Тус аргаар бойжуулах нь цаг агаар болон газар нутгийн онцлогоос шалтгаалжээ. Дү Бө хонь нь хуурай хүйтэн цаг агаарт зохицох чадвараар сайнгүй тул хөврөлийг нутгийн хонинд шилжүүлэн үржүүлэх нь хамгийн сайн арга болжээ. Гурван сарын хугацаанд 45 килограмм хүрдэг болохоор яахын аргагүй ашиг ихтэй. Бөхчулуу гуай биднийг дагуулан “Сайн уу” компанитайгаа танилцууллаа. Компани дээр нь очиж энэ бүх ажлыг нүдээр үхэж, үр шилжүүлэн суулгаж байгаатай танилцлаа. Хөдөө нутгийн аялал дуусаж, Дөрвөд хошууны төвийн зүг жолоо залж, хөдөө орон нутгаас хот суурин орж аж ахуйн эрхэлж байгаа Дөрвөд хошууны малчин Бямба гуайнд хүрлээ. Алт мөнгөний дархны уламжлалт гэр бүл Бямба гуай Өвөр Монголын Өөртөө Засах Орны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн уламжлагч, хүү Сэлэнгэ нь Улаацав хотын зэрэглэлийн Биет бус соёлын өвийн уламжлагч ажээ. Өнөөдрийг болтол алт мөнгөний дархны уламжлалаа дөрвөн үе уламжлан хадгалж, залгамжлан хамгаалж байгаа бөгөөд тав дахь үеийн уламжлагчаа шавь нарынхаа дундаас хүмүүжүүлэн тодруулаад байгаа ажээ.
Өвлийн түлш, гишгэсэн хөрзөн
Малчдын ярьж буйгаар энэ жилийн зуншлага сайхан болсон гэнэ. Өвөл ч сайхан болох төлөвтэй байна гэж хангай дэлхийгээ аждаг цаг ууч малчид маань ам сайтай байлаа.
Говь нутгийн алтан намартай танилцсан бидний аяллыг ч байгаль дэлхий ивээж хур бороогүй налгар намуун өдрүүдээр мялаасан билээ.
Ингээд Дөрвөд хошууны малчин айлуудаар зочилсон оюутан залуусынхаа тэмдэглэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
