333.3 га талбайтай нутагт мал малладаг айлын жилийн орлого 400 мянган юань хүрч байна гэвэл сонирхох биз? 333.3 га бэлчээрт 500 бог мал, 100-аад бод маллаж, мөн газар даахгүй хадлан авдаг гэвэл бүр ч хачирхалтай санагдах биз? Энэхүү малчин айл газар нутаг багатай Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Үнэнбат багийн малчин Ганбатынх юм.
Ганбатынх багийнхаа Гэгээн-Овоод бууцтай. Зүүн өмнөө Богд уул, зүүн талаараа Гэгээн овоо, Давхар энгэр зэрэг эгц өндөр уулаар хүрээлэгдсэн, зөвхөн баруун өмнөөсөө ордог замтай хонхор газар нутаглана. Шинжээчид энэ нутгийг луу ороож хэвтсэн шинжтэй гэдэг байв. Гэгээн-Овоонд хар нүдэн нэртэй худаг байдаг. Эрт үед амбан ноёны хэдэн мянган адууг услаад ширгэдэггүй гэж буурлууд нь хуучилдгаас харахад энэ нутаг газар ус сайтай болох нь мэдээж. Ийм л сайхан нутгийнхаа буян заяанд шүтэж, мал сүргээ өсгөн, малчин амьдралаа цогцлоож яваа Ганбат, Саранхуар нар монгол ёс заншлаа дээдэлсэн, ажилч хөдөлмөрч, айлчин гийчиндээ зочинсог аргагүй Цахар нутгийн содон малчид байлаа.
Бэлчээр нутаг уужим газар нутагтай хүмүүсийн ойлголтоор бол Ганбатынх алгын чинээ газар л амьдрал бүтээж яваа улс. Хүн бүрд дөнгөж 18.7 га нутаг ногддог болохоор бусдаас нэмж түрээсэлсэн бэлчээртэйгээ нийлээд 333.3 га нутагт л мал маллаж байна. Нутагтаа өвөлжүүлэх малаа 300 нарийн ноост хонь, 70-аад үхэрт тогтворжуулж маллаад нэлээд олон жилийг өнгөрөөжээ.
Нарийн ноост хонийг олноор маллахад нямбай арчилгаа шаардана. Мөн 100-аад үхэр маллана гэдэг амаргүй ажил, амралтгүй хөдөлмөр зарцуулах нь гарцаагүй. Өмнөх зууны 80-аад оноос эхлэн мах, ноос хосолсон Өвөр Монголын нарийн ноост хонийг үүлдэр сайжруулан маллаад өнөөдрийг хүрчээ. Жил бүрийн 12 дугаар сарын сүүлч, 1 дүгээр сарын эхээр төл тосдог нь энэ үеийн хурга гэдэс өвдөж баас алдах учиргүй. Эх мал нь тартай дээрээ хургалж, сүү нь татрахгүй. Ажилч нямбай хүмүүс л ингэж мал болгож чадна.
Эрт тоссон төл мал өвс бордоонд жаахан халтай байдаг ч тэжээл авах нь сайн, бие нь түргэн томорч, тарга хүч авахдаа сайн, малын гаргалтын үед үнэ даах нь сайн байдаг. Ганбатынх намартаа 60-70 эм хурга үлдээж, 130 шахам хурга худалддаг ч 100 мянга гаруй юань өвөртөлдөг байна. Сүүлийн хоёр жилд малын үнэ буусан ч хургаа худалдаад 90 мянга гаруй юанийн орлого олжээ. Мөн 300 нарийн ноост хонины ноосны орлого бага бус байх нь мэдээж.
Хотныхоо хэдэн айлынхаа дотор үхэртэй нь гэвэл Ганбатынх. Малдаа хүүхэдтэйгээ адил хайртай байдаг Ганбат, Саранхуар хоёр цөөн хэдэн үхрээсээ олноор зарж борлуулалгүй сүүлийн хэдэн жилээс өсгөж эхэлжээ. Жилдээ үхрээсээ бүдүүн багатай нийлээд 30 орчмыг зардаг энэ айлын үхэр худалдсан орлого 200 мянган юанийн наана цаана хэлбэлздэг гэнэ.
Алгын чинээ нутаг ч гэлээ олон мал маллаж байгаагийн бас нэг нууц нь бэлчээрээ шинжлэх ухаанчаар ашиглаж чадаж байгаад оршино. Нутаг сайн бол малчин хүний буян заяа, нутгаа сайн хамгаалах нь малчин хүний зол жаргал. Олон малтай айл үндсэн бүтээн байгуулалтыг сайн хийх нь зайлшгүй.
Ганбат гэдэг ёстой арга ухаан, ажил хөдөлмөрөөрөө ялгарч яваа Цахар нутгийн шинэ үеийн содон, бэлтэй малчин юм.
