solongonews
Ю.Эрдэнэтогтох: Монголчуудын мах махан бүтээгдэхүүний ёс заншилд соёлын үнэ цэнэ агуулагдана
2016-10-26 16:53
Ю.Эрдэнэтогтох: Монголчуудын мах махан бүтээгдэхүүний ёс заншилд соёлын үнэ цэнэ агуулагдана.

Монголчууд эрт дээр үеэс л мах махан бүтээгдэхүүн буюу цагаан идээгээр гол хоол хүнс болгож ирсэн. Энэхүү явцад эрүүл боловсон хүмүүжил сургаалын бэлгэдэлтэй олон ёс заншил бий болж, үе дамжин өнөөдөр хүрсэн юм.

Нийгмийн хөгжил дэвшил, цаг үеийн урсгалыг дагаж монголчуудын идээ ундааны соёлд үндсэн өөрчлөлт гарч мах махан бүтээгдэхүүний уламжлалт ёс заншил ч гээгдэн орхигдож байгаа нь ажиглагдаж байна. Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Баяндэлгэр багийн Ёндонгийн Эрдэнэтогтох мах махан бүтээгдэхүүний  соёлыг судалж “Сөнөдчүүдийн улаан идээний уламжлалт заншил” нэртэй номоо хэвлүүлжээ.

-Мал төхөөрөхөд ямар ямар ёс заншлууд байдаг вэ?

- Монголчууд загварчилж гаргасан, нугасалж гаргасан, хоолойг огтолж гаргасан малын махыг иддэггүй. Хонийг өрцөлж гаргадаг. Хонь зовохгүйгээр үхнэ, цус их гарахгүй. Өрцөлж гаргасан малын цус шим нь махандаа шингэдгээс махны амт сайхан. Монголчууд хонио хотноосоо барихад ч ёс заншилтай байдаг. Их туухгүй, бөөгнүүлж байгаад барьдаг. Нэг бариад алдаж явуулсан хонийг дахин барихгүй. Хүзүүвчтэй мал таарвал хүзүүвчийг таслах ёстой. Малаа нядлахдаа эхлээд харуулах зүгийг нь тогтооно, ширдгээ дэвсэж, хаалганы баруун өмнө унагааж толгойг нь хаалга алслуулахгүй, хойд зүг эсвэл баруун хойд зүг хандуулдаг ёсон бий. Монголчууд хойд зүгийг буддын шашны зүг хэмээн хүндэтгэн үзнэ. Хонио гэрийнхээ ойрхон авчирч хөнгөн унагаана. Өрцийг нь зүсэхдээ гурван цагаан өвс тавьж “өрийг чинь огтолж байгаа биш, өвсийг огтолж байна” хэмээн өөрийн нүглээ наманчилдаг. Хойш харуулан унагаахдаа “сүнс гэтэлгэх тарни” уншдаг нь малын сүнсийг хурдан бурхны оронд гэтэлгэж сайн төрөл олох болтугай гэсэн санааг илтгэдэг. Тэгээд хонио амь тавихаас өмнө яарч өвчихгүй, бүрэн амь тавьсны дараа гэрт оруулж, тулганы баруун өмнө талд хойш хандуулан тавьж өвчих зэрэг олон журам горимтой.

- Малыг эвдэх талд ямар ёс заншил байдаг бол?

- Өвчиж дуусаад гэдэс дотрыг гаргах, үе гишүү салгахдаа аль болох эвдэж хугалахгүй. Үе мөчөөр нь салгана, хавиргыг хугалахгүй, өвчүүг хадахдаа мөгөөрс, бөөрний хоорондуур хадна. “Буцаад ирье, бөөрийг минь буу хугалаарай” гэж хонь гуйдаг хэмээн үздэг болохоор бөөрийг хугалахгүйг хичээнэ.

Хонио өвчиж гаргаад гэрийн баруун урд талын модонд ястай махыг өлгөж царцаан эврээгээд хөшөөсний дараа махаа нарийн үечлэн эвдэх буюу шулна. Тэгэхдээ хааг холбоод хааны толгой, далны толгой, өвчүүг бүхлээр аваад баруун урд ханандаа хавчуулдаг.

- Мах чанах буюу идэх талд уламжлалт ёс заншил юу байна?

-Махаа хүйтэн усанд чанана. Чанасан махаа хувьчлах ёстой. Жишээ нь дал дөрвөн өндрийн дал, дөрвөн өндөр, сээр нуруу, гүзээ, цус, богтос зэргийг адил бус насны хүнд хувааж өгдөг. Харин өлгийтэй нялх хүүхдэд сүүл хөхүүлдэг. “Өлгийн дулааныг дулаанаар буу бод, өсвөрийн жаргалыг жаргалаар буу бод”, “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Мөн “Хэл идвэл хэлгий болно”, “нугас идвэл нусгай болно”,“тархи идвэл тэнэг болно” гэдэг болохоор хүүхдэд эдгээр зүйлийг идүүлдэггүй.

“Уран бол утас хатга” гэж эмэгтэй хүүхдэд тагнай идүүлдэг. Далыг даяараа иднэ. Махны хамгийн амттай шүүслэг нь дал, түүнийг өндөр настан иддэг. Өвчүү, дал дөрвөн өндөр нь нарийн ёстой. 

- Шүүс гаргах, хөндөх ёс заншлын талаар?

- Шүүс нь монголчуудын хүндэтгэлийн зоог, хүндэт зочин, утга төгөлдөр үйл ажиллагаанд шүүс тавьдаг. Бүрэн шүүс, бүхэл шүүс, бурхны шүүс, овооны шүүс, сахиусны шүүс, хуримын шүүс зэрэг олон ангилал бий. Шүүс тавихдаа эхлээд бүхэл толгойнхоо магнайг хашиж хөндөнө. Дараа нь ууцан дээр нь чандмань зураад  өөхийг хөндөнө, зөв талын ууц хашна, дараа нь зөв талын шаантыг үелээд, сүүлээс нь хөндөнө. Зарим тохиолдолд толгой, сүүл, шаанттай нь бурханд өргөдөг.

 

Шүүсний дараа дөрвөлжин ууц тавьдаг. Дал дөрвөн өндрийг эрхэм хүндтэй зочинд тавьдаг.

Монголчууд Их Юань улсын үед үхрийн зум буюу шарсан бүхэл үхэр гаргадаг тэмдэглэл байдаг. Шүүсийг өндөр настан, эцэг эх эхлэн хөнддөг. Шүүсний ерөөл унших ёсон бий. Ерөөл хүний сэтгэлийг өөд татдаг энергитэй, малынхаа буян хишгийг хүртэхдээ малаа магтах, малаа баясгах зан журам байдаг.

Зохиогч: Солонгоо
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл