solongonews
Тамчийн талыг ундалсан “Лусын эзэн”
2016-11-28 11:03
ӨМӨЗО-ны Tөлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 21

Тамчийн талын тухай үлгэр домог олон яригддаг ч ус ховор гэдгээрээ орон даяар алдаршжээ. Харин өнгөрсөн зууны жараад оны үеэс эхлэн энэ нутгийн малчин ард мал сүргийнхээ ус ундны асуудлыг шийдэх гэж хэдэн арван жилээр зүтгэж тэмүүлж явсан түүхийг “Ардын өдрийн сонин”-д “Тал нутгийн лусын эзэн” хэмээн мэдээлж байсан байдаг. Сөнид нутгийн ус ашиглалтын үйл хэрэгт дал гартлаа зүтгэж, одоо ч зүтгэсээр байгаа Гэрэлт гуайг 10 дугаар сарын 24-ний өдөр бид Хөххотод байхад нь хайж очин ярилцлага авч билээ.

 Гэрэлт гуай 

- Би бүхэл бүтэн 57 жилийн турш усны төлөө ажиллаж ирсэн гэж Гэрэлт гуай дүгнэв.

1960 онд тэрээр Хорчин Зүүн Гарын Хойд хошууны Жаргалан дунд сургуулиас төгсмөгц Сөнид баруун хошуунд ирж, Ус ашиглалтын товчоонд ажилласан байна. Анх Өвөр Монголын худаг өрөмдөх ангийг даган шавиар ажиллах болжээ. Хожим Өвөр Монголын Ус ашиглалтын сургуульд орж нэг жил суралцсан бөгөөд Өвөр Монголын хэмжээнд ус ашиглалтын сургалтад урьд өмнө 6 удаа оролцон, ус ашиглалтын мэдлэг мэргэжлийг системтэй суралцжээ. 1980 онд ус ашиглалтын товчооны орлогч даргын тушаалд дэвшиж, 1987 онд товчооны дарга болж, 1992 онд Сөнид баруун хошууны орлогч засаг дарга болжээ. Гэрэлт товчооны дарга байсан хугацаанд Сөнид баруун хошууны худаг малтах ажил Өвөр Монгол улсын хэмжээнд оройлон, жил бүр нэг удаа шалгаруулах Өвөр Монголын ус ашиглалтын “Алтан луут цом”-ын тэмцээний тэргүүн байрыг 1987 оноос эхлэн гурван жил дараалан авчээ. 2002 онд тэтгэвэрт гарах болтол тэрээр 2000 илүү гүний худаг малтах ажилд биечлэн оролцсон байна. Гэрэлт худаг малтах ажлыг удирдсанаар барахгүй малчдад худаг малтах, цахилгаан худаг хэрэглэх аргыг уламжилж явснаар хүмүүс түүнийг “Гэ багш” гэж нэрлэх болсон бол түүнээс холбогдох мэргэжил сурсан хүн 800 гаруй бий гэнэ лээ. 2001 оноос Сөнид баруун хошуу ядуурлыг бууруулах худаг малтах баг байгуулав. 2002 онд Гэрэлт тэтгэвэрт гарсны дараа энэхүү худаг малтах багийн дарга болж, ус эрж худаг малтахад өтлөх насны илч гэрлээ зориулах бас нэгэн шинэ аянаа эхэлсэн ажээ.

Гэрэлт уг багаа удирдан зүүн Сөнид хошуу, Эрээн хот, Авга хошуу, Улгай, Улаанхад хотын ар Хорчин хошуу зэрэг газраар явж, 10 жилийн дотор 400 гаруй худаг малтсан байна. Худаг малтах ажил нь үргэлж хээр хонож хэт дэрлэнэ. Гэрэлт худаг өрөмдөх машины дуугаар унтаж сэрдэг заншилтай болчихсон байв. Худаг өрөмдөх машин хүрчигнэн дуугарч л байвал тавтай унтдаг. Харин дуугарахаа зогсвол амтат нойрноосоо сэрчихдэг гэнэ. Ингэхэд хамт олон нь “Гэ багшийн унтаж сэрэх нь хүнээс шал өөр” гэж шоолохынхоо цаана бишрэн хэлдэг ажээ. Гэрэлт олон жилийн худаг малтсан туршлагаараа ургамлын тархалт, амьтан жигүүртний оршин суух байдлаас ус байгаа эсэхийг магадлан тогтоож чаддаг болжээ.

2002 онд Хөххотын Төмөр замын товчооноос Цантшил багт 7 худаг малтаж өгөхөөр болж, Гэрэлтийн багтай гэрээ хийжээ. Цантшилийн газар нь доош 20 метр гаруй болмогц чулуу болдог бол 7 худгийн 2 нь гэрээнд тогтсон 1 цагт 7 тонн ус гарах стандартад хүрч чадаагүй. Үргэлжлэн өрөмдсөн ч ус нэмж гаргах боломж бага болохоор Гэрэлт 2 худгийг тойруулан их хэмжээгээр малтаж усны сувгийг нээгээд стандартад хүргэжээ. Гэрэлтийн нимгэн давхаргад хэвтээ чиглэлээр олон чигээс ус авах мэргэжлийг судлан нээсэн эхлэл нь энэ байлаа. 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Шинжлэх ухаан мэргэжлийн танхимаас Сөнид баруун хошууны ядуурлыг бууруулах худаг малтах багийн хийж биелүүлсэн “Нимгэн давхаргат хэвтээ чиглэлээр олон чигээс ус авах мэргэжлийн судалгаан болон хэрэглээ” гэх ус ашиглалтын судалгааны төсөлд хянан шалгалт хийж, тус судалгааны үр дүн нь улсын дотоодын тэргүүний түвшинд хүрсэн хэмээн нотолжээ. 2012 онд тус мэргэжлийг Өөртөө Засах Орны Шинжлэх ухаан мэргэжлийн үр бүтээлээр бүртгэжээ.

- “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд манай хошуу нь нийт 28 сая юанийн төслийг санхүүжүүлсэн. Түгээл усны стратеги бодлого 23-ыг хэрэгжүүлэн, ус хангах үндсэн худаг 275 ширхгийг малтаж, 10916 хүн болон 363.5 мянган малын ус ундны аюулгүй байдлыг баталсан гэж Сөнид баруун хошууны Үерээс сэргийлэн, ган гачигтай тэмцэх албаны дарга Жан Шүлинь сурвалжлагчид танилцуулж билээ.

Зохиогч: Жигмэд, Шинэвилэг, Цовоо
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл