solongonews
Сөнид хос бөхөт тэмээ өвөр нутгийн амьд эрдэнэ
2016-09-18 16:18
Сөнид хос бөхөт тэмээ өвөр нутгийн амьд эрдэнэ

Монголчууд эрт дээдсээc тэмээг унаж эдлэн, ашиг шимийг нь хүртэж ирсэн. Гэтэл энэхүү нүүдэл малчлалын урт удаан түүхэн явцад дэм болж ач тусаа өргөсөн тэмээ минь ихэд цөөрч, одоо нэгэнт Хятад улсын хэмжээний хоёрдугаар түвшиний  хамгаалалтын амьтны бүртгэлд ороод байна.

   Сөнид хос бөхөт тэмээ бол Хятад улсын хос бөхөт тэмээний дотор биеэр хамгийн том, мах ноосны гаралт хамгаас их шилдэг үүлдрийн тэмээ болохоор, мах нь эрхэм дайллагын эрдэнэт идээ нь болдог. Сөнид хос бөхт тэмээ нь голдуу Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошуу болон Шилийн гол аймгийн хошуу нутгаар байдаг боловч гол нь зүүн баруун сөнид нутагт төвлөрч байдаг. 1979 онд бүх Хятадын тэмээний үүлдэр бойжуулалтыг хамтран хэлэлцэх хурлаас сөнид тэмээг орон нутгийн шилдэг үүлдэрээр тогтоосон байна.

     Сөнидийн тал нутаг бул эх хуурайн цөллөрхөг тал хээрийн сэрүүн бүсний ургамлын бүтэцтэй. Сөнид тэмээ бол яг ийм байгалийн орчинд зохицож, ган гамшигт тэсвэртэй, хоол тэжээлийн гачигийг олон өдөр дааж чаддаг тэсвэртэй гэдгийг бодит туршилга гэрчилнэ.  Нүүдэлчин малчдийн үйлдвэрлэл амьдралын эдлэл хэрэглээнд даацтай гэдгийг малчин эзэн нь ч гэрчилнэ. Тэмээ өвс идэхгүй зөвхөн ус уугаад 110 өдөр амьдарч чадах боломжтой гэдгийг судалгааны үр дүн харуулсан байдаг. Ер нь тэмээгээ хайралж хамгаалах нь байгаль орчноо хамгаалж байгаа хэрэг, байгаль орчноо хамгаалъя гэвэл урьдаар тэмээгээ хамгаалах нь чухал гэсэн үг. Тэмээ бол голдуу буд, цолигор, соль зэрэг бүдүүлэг өвсөөр идэш тэжээл хийдэг болохоор адуу үхрийг бодвол идэх нь харьцангуй бага байдгаар тэмээг бас бэлчээр өвсөнд гамтай амьтан гэдэг.

      “Сөнид зүүн хошууны соёл түүхийн эмхтгэл”-д Балчины бичсэн “Сөнид тэмээний дурсамж” гэх зохиолд насанд хүрсэн атан тэмээ аян замд ачааны хүндийг үүрч чирэхдээ адуу, үхрээс хол илүү чадал тэнхээтэй байдгаараа “Элсэн цөлийн онгоц” хэмээн алдаршсан юм. Эрт үед тэмээн аян хийж байхад сайн атан тэмээнд зуун килограммыг ачаад алс холын аянд явахад зонхилох олон тэмээд нь ажиг ч үгүй  явдаг. Тэмээн жингийн аялалын явах замын хол ойрыг цагийн урт богиноор тогтоосон тусгай нэр дуудлага байдаг. Даруй “Хөгшин халх” хоёр нарны хооронд аялдаг. “Идэр халх” бүхэл 12 цагаас дээш аялдаг. “харчин халх” өдөр шөнийн 24 цагийн 22 цагийг нь аялж чаддаг. Энэ мэтээр Жанчхүү буюу чуулалт хаалганаас Монголын их хүрээ (Улаанбаатар)-т хүрэх олон хоногийн хүнд бэрх замыг туулахад тэмээ үнэхээр ядарч туйлдалгүй аялж байсан нь амьтай голтой нэгэн амьтны хувьд хялбар бус юм гэж бичигдсэн байдаг. Одоогийн байдлаар Сөнид тэмээн жин нь зөвхөн орон нутгийн найр наадмын нээлтийн ёслолд үзүүлбэр төдийд л хүмүүсийн хараанд тодордог болжээ.

      Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр хоёр сөнид хошууны тэмээний тоо толгой ойролцоогоор 40 мянганд хүрч байв. Түүнээс хойш тодорхой бус элдэв зүйлийн шалтгаанаас болж, сөнид тэмээний тоо толгой жил тутамд хасагдаж, 30-хан жилийн хооронд 90 хувь орчмын тэмээ усдаж, дунджаар жилд  1200 орчим тэмээ хасагдсан байна. Хэрвээ тухайн нутаг усны зон олон эрт сэрж мэдэж хамгаалах арга хэмжээ авсан учир өнөө орон нутгийн энэхүү шилдэг үүлдрийн мал сүрэг маань устсан байхыг үгүйсгэхгүй. Харин сөнид тэмээ ямар шалтгааны улмаас ийм ихээр хасагдсан тухай дараах гурван шалтгааныг онцолж байна.

      Нэгт — нутаг бэлчээрийн явцуурал, байгаль орчны тачирдал, дан цолгой ашиг орлогын хөөцөлдөл ба он үргэлжилсэн ган гачиг нь тэмээг өсгөн үржүүлэхэд бэрхшээл авчирчээ. Сөнид баруун хошууны хашир тэмээчин Сэцэнбаатар:“Тэмээ ер нь явлага ихтэй амьтан, холын тарга авдаг, өнөө цагт газар нутаг хэмжээ домжоотой болсноор маллахад бэрх болжээ. Тэмээгээ аваад отор хайж явах газаргүй болсон. Манай багийнхан уг нь айл болгон тэмээтэй байсан. Харин 2000 оны их цас зудын гамшигт гачигдахдаа сүргээр нь зарсан айл тун олон байна” гэж нилээд жилийн өмнө санаа алдан ярьж байсан нь өнөө цээжинд минь тодхон байна.

Хоёрт — тэмээ малжих үйлс хөгжил муутай байгаа нь тэмээний салбарын  үр ашиг дор, эргэлт удаантай бас холбоотой. Өнөө улсын дотоодод тэмээний ашиг шимийн түүхий бүтээгдэхүүнийг боловсруулах том аж ахуйн нэгж бараг байхгүй. Жижиг хэлбэрийн аж ахуйн нэгжийн хэмжээ нь бага, мэргэжил нь доор байна. Эдгээр нь мөн ч  манай малчдын тэмээ маллах идэвхжлийг бууруулж байна. Сөнид нутгийн ахмад тэмээчин Цогбаатар гуай энэ тухай ярихдаа :“Тэмээ маллахад ашигтай тал байна. Сүү нь эмд ордог, Лалаа 7-г ингэн сүүгээр даруулж уувал бам хөөрөнгийг дарж болно, махыг нь бас идэж болно, ингэн сүүтэй цай сайхан амттай. Ботгоны арьсаар оёсон дээл өмсөхөд дулаахан бөгөөд хөнгөн байдаг. Гэтэл тэмээний өсөлт удаан, дөрөв насалбал сая нэг ботголно, нэг ботго хэрвээ эндвэл хоёр жил төлгүй болно, насанд хүрэхгүй бол зараад ч үнэ хүрэхгүй болохоор хонь аргаа барж үхэр голдуулан малчилж байна. Гэтэл насаараа тэмээ малласан болохоор ганц хоёрыг ч гэсэн үлдээж маллая гэж чармайж байна”гэлээ.

Гуравт — малчдын амьдралын түвшин дээшлэхийг дагалдан, морь тэмээний оронд машин тэрэг мотор хэрэглэх болсноор тэмээ маллах үйлдвэрлэл амьдрал дахь үйлдэл хэрэгцээ шаардлага шөөрсөөр байна. Тийнхүү малчид мал аж ахуйн зах зээлйин үнэ ханшын байдалд чиглүүлэн, өөрийн мал сүргийн бүтэцдээ тохируулга хийхдээ малжих үйлдвэрлэл амьдралд нь эрэлт хэрэгцээ, шаардлагагүй болсон тэмээ морио зарах болсон нь тэмээ хорогдосны бас нэг талын шалтгаан билээ.

     1983 онд Сөнид Баруун хошууны тэмээ ойролцоогоор ихдээ 20 мянга бөгөөд 461-д хүрч байсан бол 2003 онд 904 л үлджээ. Адилхан байгаль газар зүйн нөхцөлтэй Сөнид зүүн хошуу 1975 онд ихдээ 16 мянга гаруй тэмээтэй байсан бол 2007 онд 1788 тэмээ л үлджээ.

     Энэхүү байдалд чиглүүлэн зүүн баруун сөнид хошууны засгийн газар 2007 оноос эхлэн сөнид тэмээг хамгаалан өсгөх тухай үр ашигтай арга бүхнийг сүвэгчилж, тус тусын хамтийн төрийн бодлого тогтоожээ.

     Сөнид баруун хошуу 600 мянган нутаг гарган, сөнид тэмээ малжих тусгай цэг болгов. Баг болгон хамтран нийтийн нутгаасаа ядаж 20%-ын талбай бэлчээр гаргаж, тэмээ малжих тусгай талбай болгож, тэмээг мал сүрэг ба нутаг бэлчээрийн даацын тэнцвэрт байдлыг батлахад тэмээний тоо толгойд хорио тавихгүй, нэг ботго хүлээн авбал тухайн хошууны санхүүгийн газраас 100 юаны нөхөн олговор олгох, тэмээ маллаж буй тусгай өрхөд гадаадаас импортолсон шилдэг үүлдрийн буур бүрт 500 юаны нөхөн олговор олгох, гадаадаас импортолсон шилдэг үүлдрийн цаагаан буур бүрт 1000 юаны нөхөн олговор хүртээхээр тогтжээ. Сөнид зүүн хошуу 2008 онд 50-аас дээш тэмээтэй 10 малчин өрхийн өрх бүрт 5000 юаны шагнал урамшуулалаар хөхүүлэн дэмжиж, 20-с дээш тэмээтэй өрхийн хүлээн авсан ботго бүрт 500 юаны нөхөн олговор олгов. Ийнхүү хоёр сөнид нутгийнхан олон халамжын бодлого хэрэгжүүлсэний ачаар одоогийн байдлаар сөнид нутгийн тэмээ өсч үржээд 10 мянга дөхөж байна.

Зохиогч: Содбилиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл