solongonews
Цахар соёлын зүтгэлтэн Жигдэнгээ
2016-11-28 17:00
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 22

Аравдугаар сарын 20-ны өдөр бид Цахар Баруун гарын хойд хошууны Баянцагаан сууринд Асар аялгууг уламжлан залгамжилж, хөгжүүлэн бадраахын тулд нөр их хүч гарган, сэтгэл зүрхээ зориулж яваа 71 настай Жигдэнгээ гуайг сурвалжиллаа. Тэрээр “Цахар соёл” гэх нэрийдлийг анхлан дурдсан нэгэн бөгөөд Улаанцав хотын Асар аялгууны уламжлагч билээ.

Жигдэнгээ гуай

- Цахар гэгч аймаг бүлэг биш, харин Монголын олон аймаг бүлгээс шилэгдэн ирсэн ордон хамгаалах шадар цэрэг байсан юм. Цахар хурим найрт эхлээд Асар аялгуу хөгжимдөж, хааныгаа магтсан дуу, төрөө магтсан дуу, байгалиа магтсан дуу зэрэг төрийн гурван дуу өргөсний дараа бусад дууг дуулж найрладаг хэмээн Жигдэнгээ буурал цахар соёлын өвөрмөц онцлог, асар хөгжмийн эрхэм дээийг танилцуулаад түүнийг уудалж цуглуулж, уламжилж залгамжилсан тухай сэтгэл гижигдэм түүхээсээ ярилаа.

Жигдэнгээ уулын Гүл Шар хошууны X сум, одоогийн Баянцагаан суурингийн Аманхудгийн уугуул. Тэрээр арван настай (1955 он) байхдаа аав болон аавын нагац болох Нямбуу гэгч Дэ Вангийн ордны хөгжмийн багийн тоглогчийн хөгжимдсөн Адуучин Асар, Гүл Цагаан Асар, Сүрэг Асар зэрэг аялгууг анх сонсож байсан ба арван дөрвөн настайдаа Асар аялгууг хөгжимдөж сурсан бөгөөд аав нь хонины нарийн гэдэсний хальсаар утас болгон хуур хийж өгсөн гэдэг. 1982 онд хошууны Намын түүх судлах албанд ажил албатай байсан тэрээр 1947 оны Хаянхярваа сүм болон Бадамтын сүмийн байлдааны тухай мэдээлэл цуглуулахаар Улаанхад сумын уугуул ная хүрсэн гэгээн багшийнд хүрчээ. Энэ хүн залуу цагтаа гамингийн цэрэгт байсан бөгөөд хожим нь арваад жил шоронд сууснаар түүхэн явдлын тухай “амнаасаа алт унагахгүй” байв. Хананд өлгөсөн дөрвөн чихт хуурыг нь хараад Жигдэнгээ үгний гогцоо эрэн “Та хуур татдаг уу” гэхээр нь гэгээн багшийн урам сэргэж:

- Залуудаа сүмд байхдаа татаж байсан гээд залгаагаар арван нэгэн Асар аялгуу хөгжимдөж өгсөн байв. Үүнийг Жигдэнгээ азаар бичиж авч, өөрийн сурсан долоон Асар аялгуундаа нэмж өвлөн авчээ. Энэ суурин дээр тэр Асар аялгууны тухай ном гаргая гэсэн бодлоор цахрын олон хошуудын ардын авьяастныг эрэн сурвалжилж байгаад 47 Асар аялгууны мэдээллийг хуримтлуулсан ажээ.

2003 онд Өөртөө Засах Орноос гаргасан үндэстний соёлын том орныг байгуулах саналд урамшсан Жигдэнгээ цахар соёлыг уламжилж залгамжлах ажил өрнүүлье гэх саналаа хошууныхаа удирдлагад дэвшүүлсэнд хошуу болон хотын холбогдох удирдлагын дэмжлэгийг хүртжээ. 2008 онд Жигдэнгээ Шулуунхөх хошуунд болсон “Асар” язгуур урлагийн судлан ярилцах хуралд уригдан оролцож, зарим эрдэмтний дурдсан “Асар аялгуу 8 байна. Цахрын Сүргийн хошуунд байна, зуугаад жилийн түүхтэй болж байна” гэх зэргийн үзлийг няцааж, асар аялгуу адагтаа дөчин долоо бий, ордны хөгжмийн хувилбарын аргаар бол зуу гаруй асар аялгуу байх боломжтой бөгөөд цахрын хошуу болгонд асар аялгуутай. Тэр нь язгуур аялгуу биш харин Юань улсын үеийн ордны хөгжим болно гэдэг шинэ үзэл бодлоо дурдаад олны анхаарлыг татсан байв. Алдарт хөгжмийн зохиолч Мэргэжих гуай ч түүний ажлыг дэмжиж байлаа. Ийнхүү тэрээр асар аялгууны мэдээлэл цуглуулж байснаасаа судлах шатанд шилжжээ.

2009 онд хошууныхаа “Цахар соёлын судалгааны нийгэмлэг”-ийг байгуулан нийгэмлэгийн орлогч дарга болж, бодитой ажлыг хариуцан хийгээд одоог хүрч байгаа бөгөөд Өвөр Монголын ардын авьяастан нийгэмлэгийн гишүүн, Жининий багшийн дээд сургуулийн Цахар соёл судлах газрын зөвлөгч болов. Тэр нотыг шинжин хуураа татан судалсаар байж “Асар аялгуунд дөрвөн өвөрмөц онцлогтойг дүгнэж, асар аялгуу бол “до, рэ, ми, соль, ля” гэх таван нотоос бүрдсэн, асар аялгуу нь хөөмийн онцлогтой адил болохоор хөөмийнөөс үүсэлтэй, хөөмийлөх арга нь зэгсний навчийг үлээж дуу гаргахаас үүсэлтэй учир асар хөгжмийн эх үүсэл нь зэгсний навчин хөгжим болно. Асар аялгууны тэмдэглэх арга нь сул, задгай, сул задгай гурван хөгөөр тэмдэглэдэг. Энэ нь монголчуудын морин шогшооны цохилго хөгөөр тэмдэглэдэг хөг аялгуу болно” гэх үзлээ дурдсан байв.

2008 оноос хойш тэр цахар соёлын тухай хятад, монгол хэлний буюу хятад, монгол хоёр хэл хавсаргасан 8 ном бичин хэвлүүлж байгаа бөгөөд үүнд “Цахар Асар”, “Монгол үндэстний ордны хөгжим-Асар”, “Монгол үндэстний сонгодог хөгжим ба бөөрөнхий шугамт нот” зэрэг асар аялгууны тусгай судалгааны бүтээл 3 бий. Өдгөө тэр асар аялгуугаа илүү олон хүнд таниулж ардын дунд түгээмэл дэлгэрүүлэх зорилгоор найруулж дуусгаад байгаа “Юань улсын үеийн сонгодог их аялгуу хөгжим-Асар” гэх жүжгийн нооргоо тайзны урлаг болгож тоглуулахаар хичээн зүтгэж явна.

Зохиогч: Жигмэд, Зоригт, Одонгоо, Хай Жюнь, Шинэвилэг, Цовоо, Хүсэл
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл