solongonews
Алтан хилийн дархан манаач
2016-11-29 16:11
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 23

Аравдугаар сарын 21-ний өглөө бид Дөрвөд хошууны Баян-Овоо суман дахь хилийн хамгаалалтын албаны цагдаа Гүйлинь гэгч монгол залууг сурвалжилж билээ.

Хилийн хамгаалалтад ирсэн 11 жил

Гүйлинь Тунляо хотын Хорчин Зүүн гарын хойд хошуунд нутагтай, 2005 онд Өвөр Монголын Их Сургуулийн Хууль цаазын ухааны салбараас төгсөөд хилийн хамгаалалтын цэрэгт элсэж, Улаанцав хот, Дөрвөд хошууны Жян Ань сум зэрэг газрын хилийн хамгаалалтын албанд тушаал хариуцаж яваад 2015 оны 6 дугаар сард Баян-Овоо суман дахь хилийн хамгаалалтын албанд дасгалжуулагчаар ирсэн ажээ.

Баян-Овоо суман дахь хилийн хамгаалалтын алба нь Улаанцав хотын хилийн хамгаалалтын салбар ангид харьяалагдан, хилийн шугамын урт нь 21.8 километр байдаг. Хил хязгаар орны нийгмийн айлгүй байдлыг хамгаалах ба холбогдох мэдээлэл цуглуулах, хил дагуу орноор ирэх гадаадын иргэний хамааралт үйлчилгээ, хилээр хулган давах, мансууруулах бодис арилжаалах зэргээс сэргийлэх болон харьяан дахь бүс нутгийн иргэдийн хамгаалалт, харьяанд байгаа онцгой ажил төрлийн буу сум, дарь, тэсрэх бодис зэргийг хариуцдаг байна.

Ажиллаж амьдрах нөхцөлийн өөрчлөлт

2006 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр анх Дөрвөд хошууны Номгон суман дахь хилийн хамгаалалтын албанд ирсэн үе нь түүний хувьд мартагдашгүй түүх болон үлдсэн байлаа. Хошууны төв Улаанхуагаас үдээс хойш 5 цагт замын унаанд дайгдан, цас зудад туугдан явсаар шөнийн 12 цагт сая зорьсон газартаа иржээ. Маргааш нь босоод гарахад эл хуль, ядахад сумын албанд ч хүнгүй байсан гэнэ. Гүйлинь их л сэтгэл хөрч, зам нэвтрээгүй, цахилгаангүй, гар утас ч холбогдохгүй энэ газарт залуу насаа үрэх нь дээ гэж зовсон гэдэг.

Хилийн цагдаа Гүйлинь

- Одоо бол шал өөр болсон. Хилийн хамгаалалтын дөрвөн салбар бүр байр болон ажлын тоног төхөөрөмж, ус, цахилгаан, сүлжээ, машинтай болж, байлдагчийн өдөр тутмын хэрэглээний зүйл бүрэн болсон гэж Гүйлинь ярив.

2015 онд Гүйлинь Баян-Овоо суман дахь хилийн хамгаалалтын албанд ирсний дараа худаг малтаж, ногооны хүлэмж, гахай, тахиа галууны үүр барьж, идэх мах ногооны асуудлаа шийдэж байлдагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулаад нөхцөл боломжоор Улаанцавын дөрвөн хилийн хамгаалалтын албаны сүүл мушгиж байсан энэ салбарыг олон талаар тэргүүний болгожээ. Улмаар Гүйлинь Улаанцав хотын хилийн хамгаалалтын салбар ангидаа “Үндсэн шатны шилдэг офицер”-оор өргөмжлөгдөж, тэдний алба нь Өвөр Монголын хилийн хамгаалалтын ерөнхий ангид“ хууль хэрэгжүүлсэн “Жишээч нэгж”-ээр шагнагдсан байна.

Малчидтай нөхөрлөсөн чин үнэнч сэтгэл

Хилийн цагдаа болсон тэд хил дагуу орныхоо малчидтай өдөр тутамд уулзаж учирна, харилцана, яваандаа бүр ах дүү найз болно. Энэ тухайгаа тэр нэгэн сэтгэл хөндөх учралаа ярив.

Номгон суманд байхдаа Гүйлинь Ширээ багийн Хуар гэгч малчныд хэд очоод хоёр хүүтэй нь их л найз болжээ. Хуар гуайн бага хүү нь Гүйлингээр бахархаж, цэрэгт явж, цагдаа болох хүслээ байнга ярьдаг байв. Гэтэл тэр хүү зүрхний өвчтэй тул Гүйлинь түүнийг цэрэгт явахыг хориглосон боловч түүний ятгалгыг сонсоогүй цэрэгт явсан нөгөө хүү 3 сарын цэргийн сургалтын хугацаанд зүрхний өвчин нь хөдлөөд аварч чадалгүй нас барсан байна. Энэ тухай ярихдаа түүний нүдэнд зайр гүйж, хоолой нь зангирч байлаа. Хэсэг хугацааны дараа тэр:

- Манай цагдаа нар тус бүр нэг багийг дааж байна. Жилд ядаж хоёр удаа дааж авсан багаар явж малчин айлын ам бүл, ажил амьдралын байдалтай танилцдаг. Салбар ангийн дарга бид хэд бол сард нэг удаа бууж арваад өрхөөр явна. Малчдад ямар хүнд бэрхшээл тулгарч байгааг мэдсэний дараа арга бодон шийдэж өгдөг гэж яриагаа үргэлжлүүлэв.

Энэ хаврын нэг өдөр Хай Шинь гэгч малчны гэргий нь малын өвс тэжээл авах мөнгөгүй гачигдахдаа Гүйлинг эрж 10 мянган юань зээлэх гэв. Эдний амьдралын байдлыг мэдэх болохоор Гүйлинь өөрийн байгаа бүх мөнгөө гаргаж, мөн хүнээс зээлэн байж 10 мянга болгож өгсөн байлаа. Тус салбар ангийнхан амьдрал нь ядуу малчдад тусалж, байнга будаа, ногоо хүргэж өгдөг бөгөөд цагдаа нартаа эрүүл мэндийн шинжилгээ хийх үед ойр хавийн ахмад настан, өвчин архаг өвчтэй малчдыг дуудан шинжилгээ хийж өгдөг байна.

Зохиогч: Жигмэд, Зоригт, Хай Жюнь, Одонгоо, Шинэвилэг, Цовоо
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл