solongonews
Тэмээн ачааны ёс заншлаа хойч үедээ уламжлах их үйлс
2016-09-20 17:34
Малчин Сүхбаатар тэмээн ачааны ёс заншлаа хойч үедээ уламжлахыг хичээж явна.

       

        Сөнид зүүн хошууны Цагаан-Овоо суурингийн Баяндэнж багийн малчин Сүхбаатар Сөнид нутаг төдийгүй Шилийнгол аймгийн хүрээнд тэмээн ачаа ачих арга ухаанаар нэр алдраа мандуулж явна. Тэрээр тэмээн ачаа амьдрал ахуйд төдийлөн хэрэглэгдэхгүй болсон хэдий ч тэмээтэй айлууд ёс заншлаа мэдэж байхад илүүдэхгүй хэмээн ярьж байлаа. Сүхбаатар арваад жилийн өмнөөс тэмээн ачаа сураад нутаг усны хүүхэд залуучуудад уламжлан заахыг хичээжээ.

        Сүхбаатар хүүхэд насаа ачаатай тэмээ, нүүдэлтэй ойрхон өнгөрүүлсэн учир тэмээн ачааг сайн ойлгодог. Өмнөх зууны 60-аад оноос хойш Сөнид нутагт тэмээн ачаатай нүүдэл харагдахаа больсон юм. Харин энэ зуунаас Сөнид зүүн хошууныхан орон нутгийн онцлогтой соёлоо уламжлан түгээхэд анхаарал хандуулан Сүхбаатарыг багтаасан хэсэг бүлэг хүн тэмээн ачаатай нүүдлийг нутгийн зон олондоо таниулан харуулж, хойч үедээ уламжлан заах болсон байна. Сүхбаатар ажлаа тууштай сайн хийхийн тулд нутгийн буурал тэмээчин Хүрэл гуайгаас тэмээнд ачаа ачих зарим мартаж орхигдсон ёс заншлаа сурчээ.

        Тэмээг сургах хялбархан биш гэдэг нь ойлгомжтой. Тийнхүү тэд ачааны тэмээгээ сургахаар хашралгүй дасгал хийхийн зэрэгцээ найр наадмын нээлтийн ёслолд оролцоно. 2006 онд анх удаагаа тэмээнд ачаа ачиж, хошуу байгуулагдсаны 60 жилийн наадмаар оролцож байсан бол 2007 онд Авга хошууны Богд-Уул сумын Саруул багийн Авга, Сөнид, Үзэмчиний адуу тэмээний нийгэмлэг болон уртын дууны нийгэмлэг хамтран зохион байгуулсан таван хошуу малын буян хишиг хурайлсан монгол наадамд оролцох гэж Сүхбаатар нар хошууныхаа Баян-Уул сумын тэмээчин Соёлтынд майхан босгон 21 хоног тэмээгээ сорьж, тэндээсээ тэмээгээ хомнож хөтлөн хонуут яваад Богд-Уулын бэл дэх наадмын газраа хүрсэн гэдэг. 2010, 2011 онуудад зохиогдсон хоёр удаагийн аймгийн наадамд 20 гаруй тэмээтэйгээ оролцож байсан юм. Сүхбаатар:- Ачааны тэмээ сургахдаа зөв буруу аль алинд номхон тэмээнд ачаа ачиж сургадаг. Эхлээд тэмээндээ тохирсон тэнцүүхэн хүндтэй ачаагаар сургана. Ачаа хүндрэхэд тэмээ хашин болдог бол хөнгөн ачвал тэвчиж жигшдэг болно. Мөн замын хол, цас зудны байдлыг ажиж ачаагаа зохицуулна. Тэмээгээ дэндүү халлавал ачаа ачихад хэвтэж өгөхгүй болдог учир хамаагүй эдэлж болохгүй.

        Сүхбаатар ачааны тэмээ сургах буюу эдлэх талаар учирлаж гарлаа. Тэрчлэн тэмээ ачаанд хом шат суларвал нурах эрсдэл их учир сайн баглах ёстойг анхааруулан захисан юм. Монгол гэр нүүхэд татлагад олон дээс хэрэглэдэг. Тиймээс дээсээ битүү цавчиж татаж чангалсан байх ёстой, гадагш задгай татсан татлага суларвал ачаа нурах эрсдэл гарч мэднэ гэлээ.

        Сүхбаатар гарын шавь Насанбөх, Үндэс, Амьбөх нартаа тэмээн ачааны ёс заншлыг зааж өгснөөр тэд бие даан тэмээ ачин нүүж буух болсон юм.

        - Монгол хүний хувьд уламжлалт өв соёлоосоо юуг нь чаддаг түүнийгээ хойч үедээ өвлөж үлдээх ёстой. Тийнхүү өв соёл маань үеийн үед үрийн үрд уламжилж чадна хэмээн Сүхбаатар ярьж байлаа.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл