solongonews
Мөнгөн өвлийн хөдөө нутгийн зоог
2016-01-12 11:16
Хүйтний эрч чангарсан 12 дугаар сарын дундуур Онгонууд хошуунд хүрэхэд цасан шуурга үе үе хуйларч, энэ нутгийн “хүйтний амт”-ыг мэдрүүлнэ. Бид Онгонууд хошууны Борхот суурингийн Баянхан гацаа, Ашхан сумын Зургаангэр гацаагаар сурвалжилж явахад малчин тариачин цэвэр тохилог орон сууцандаа сэтгэл тэнүүн өвөлжиж байгаа ч энэ жилийн хонь мал болон эрдэнэ шишний үнэ ханш ихээр буурсан нь малчдын амьдралд зохих хэмжээний нөлөө үзүүлсэн нь илэрхий байлаа.

Биднийг Борхот суурингийн Баянхан гацаанд очиход өдрийн ажил ид эхэлж, гацааны шинэхэн зассан тосон замаар хүний бараа харагдахгүй байлаа. Гацааны зөвлөлийн албан газарт очиж, гацааны нарийн бичгийн дарга Багана гуайг дагуулан номын өрөө, эрүүл мэндийн төв, соёлын төвөөр явж танилцав. “Арвыг хамруулах” төслийн ач тусаар эдгээр дэд бүтэц бүрдэж, гацааны олон түмний амьдрал ахуй маш их дээшилсэн ажээ. Бид гацааны албан газрын зүүн хойд талд байрлах Шюань Жүгийнд хүрэв. Хаалгаар орохтой зэрэг хурга ишиг майлалдан, хашааны зүүн өмнө талын хоосон газарт эрдэнэ шишний овоо харагдана.

Хашаа хүрээ шинээр барьсан нь ил харагдаж, жарын давааг давсан Шюань Жү гэргийн хамт биднийг халуун дотноор угтлаа. Малчдын өвлийн амьдралын тухай яриа дэлгэн ярилцахад одоо болтол дөнгөж гучаад хонио зараад байгаа гэнэ. Хүүгийнхээ хуримыг хийхийн тулд хонио худалдаж байгаа аж. Тэрнээс биш яасан ч хямд үнээр худалдахгүй гэдгээ сурвалжлагчид нуулгүй дэлгэв. Энэ жилийн хонины үнэ буурсан явдал энэ айлд нэлээд хүндээр туссан ажээ.

Шюань Жү 70-аад хонь, 5 үхэр, 2 гаа тариан талбайтай, 3 хүүхдийн 2 нь айл гэр болж, отгон хүүдээ дараа сар бэр буулгах гэж байгаа тул хуримын юмаа бэлтгэж байлаа. Хөдөө айлд бэр буулгах гэгч том ажил тул ээж аав хоёр өдөржин завгүй энэ тэрийгээ бэлтгэж төвхнүүлнэ.

- Манай амьдралын түвшин өмнөхөөсөө их сайжирсан. Нам засгийн сайнаар шинэ байшинтай болж, малын хашаа хороо, саравчийг бас шинээр барьж байгуулж өгсөн. Өмнө нь гацааны ард ундны усаа нэг л худгаас дамнаж байсан. Одоо харин өрх болгон устай болж, юу ч дутахгүй болсон. Гэтэл энэ жилийн хонь малын үнэ буурч, өнгөрсөн жилийн хагас үнэ хүрэх болсон нь санаанд хүрэхгүй байна. Ард иргэдийн амьдрал ахуйд их нөлөөлсөн гэж Шюан Жү ярьж байлаа.

Ганцхан Шюань Жүгийнх биш гацааны иргэд ч энэ тал дээр санал нэгдэж байлаа. Баянхан гацааны ихэнх иргэд хагас тариалах хагас мал аж ахуйн амьдралтай болохоор амьдралын орлогын гол эх үүсвэр нь хонь мал ба тарианы газар нь болно. Өнгөрсөн жил 70-80 мянган юаний цэвэр орлоготой айлууд энэ жил зөвхөн 30-40 мянган юань л олох болов. Сургуулийн сурагчтай айл нь сурагчийнхаа зардлаа гаргаж, өвчтэй нэг нь эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлбэл жилийн орлогоос нь нэх их илүү гарах юмгүй болжээ.

-Өмнө нь би хоёр төрлийн эм хольж ууснаас хордож, эмнэлэгт хэд хоноход 10 мянга гаруй юань зарцуулсан. Энэ жил манай гэрийн санхүү нэлээд хүнд, отгон хүүгээ айл гэр болгоно, би жилд өвчин хөөж эм тарианы зардал гэх мэт бас бус зардал гараад байна. Хонь малын үнийн тухай засгийн талаас зохих арга хэмжээ авбал сайн байна хэмээн сайн сураг чимээ дуулах гэсэн шиг сурвалжлагчийг харна.

Шюань Жү гуайнхаас гараад бид гацааны тосон замаар зүүн тийш жаахан яваад малчин Лю Жуангийнд очив. Үхэр хонио хашаалах ажлаа дууссан Лю Жуан эхнэр Саранчимэгтэйгээ хашаа хороогоо цэвэрлээд завгүй байлаа.

- Наймаачид айл өрхөөр явж хонь худалдан авч байна, танайх хонь үхрээ худалдаагүй юу?

- Худалдаагүй, саяхан бас хэдэн наймаачин ирж хонь үхэр худалдаж авна гэсэн. Ханш нь хэтэрхий доогуур байна. Нэг хэсэгтээ хүлээх санаатай, хонь үхрийн үнэ өсөх сурагтай байна гэж Лю Жуан ярьж байлаа.

Лю Жуангийнх тавиад хонь, арваад үхэр, 2 га газартай айл. Хоёр охины нэг нь Хөххот Үндэстний Дээд сургуульд суралцаж, бага нь Борхот суурингийн бага сургуульд сурч байгаа аж. Жилдээ 100-аад мянган юаний орлоготой эднийх энэ жилийн орлого өнгөрсөн жилдээ хүрэхгүй, 2 сурагчийн зардлыг гаргаад орлого гэмээр юм үлдэхгүй болжээ.

 - Энэ жилийн эрдэнэ шишний уналт их сайн байсан. Гэтэл эрдэнэ шишний үнэ буурч бидний орлого их муудсан. Уг нь би зав чөлөөтэй цагаараа гацааны зүүн талын чулууны уурхайн үйлдвэрт хөлсний ажил хийгээд сарын 3000 гаруй юань олдог байсан. Энэ жил зах зээлийн байдал муу, чулууны уурхайн үйлдвэрт зөвхөн гуравхан сар л ажилласан, дараа жил ийм байдалтай байвал ч гэж Лю Жуан санал бодлоо ярина.

Ашхан сумын Зургаангэр гацаа уг нь гацааны зүүн талын манхан газарт байсан. 2005 онд гацаа одоогийн Ашхан сумын баруун талд нүүж ирснээр гацааны 100 гаруй өрх шинэ амьдралтай болсон ажээ.

Хай Юүнь гуайнх тэдгээр айлын нэг байлаа. Шинэ орчиндоо зохицож, амьдралаа өөд татахын төлөө саалийн үнээ тэжээж цагаан идээ борлуулж эхлэв. Эдний хийсэн цагаан идээ нь амт сайн, чанарын баталгаатай болохоор хол ойрынхондоо танигдсан, хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байдал зөндөө гарах болжээ.

- Цагаан идээ авахаар ирэх хүмүүс их олон, манай цагаан идээнд худал хуурмаг зүйл байхгүй, дээр нь зам харилцаа сайн болсноор борлуулалт сайтай. Бид ийм сайхан орон сууцанд нүүж ирээд бас 10 жил болчихсон. Өөрсдөө хичээвэл амьдралаа өөд татаж чадна. Цагаан идээний борлуулалт их сайн болохоор бид хоёр хэдэн саалийн үнээ худалдаж авах санаатай байгаа гэж байв.

Эрт, их унасан цас

Хааш харсан ч цав цагаан дэлхий. Энэ жилийн 11 дүгээр сараас эхлэн Өвөр Монголын Шилийнгол аймгаар хэдэн удаагийн их цас орж, зам харилцаа бөглөрч, ард иргэдийн үйлдвэрлэл амьдралд маш их төвөг учруулсан. Шулуунхөвөөт Цагаан хошуу зудын байдалтай нэлээд хүнд ноцтой газрын нэг. Сурвалжилгаар явах зам зуур ихэнх хүмүүс цас арилган, түгжирсэн зам, гэр хүрээндээ зам гаргаж байв.

Хөдөө хээр цөөн хэдэн адуу цас малтаж, дарагдсан өвсийг малтаж идэхээс ондоо хүн амьтны бараа алга.

 

Малчид цас зудыг хэрхэн аргацааж, малаа арчилж байгаа талаар мэдээлэл авахаар бид 12 дугаар сарын 16-нд машин очиж болох Мянгат суурингийн Баянбулаг гацааны Давхар багийг чиглэв. Өчигдрийн машинаар түлхэж гаргасан зам нэг л шөнийн шуурганд бас л бөглөгдөж, хэсэг хэсэг хурж хатуурсан цас машины хүчийг шалгаж байлаа. Давхар багийн малчин Төмөр-Очир гуайнд очиход гэрийнхээ хажуу дахь цасаа арилгаад зав муутай байсан ч биднийг угтаж гэртээ урив.

Төмөр-Очир тавь гарсан өндөрдүү биетэй хүн. Гэртээ дал хүрсэн настай ээж, гэргийтэйгээ гурвуул амьдардаг. Том хүү Мянганбаяр нь хажуугийн гэрт хаяа нийлж суудаг болохоор үхэр малаа хоёр хотоороо маллана. Бага хүү Содбилэг нь хошуунд суудаг гэнэ. Эднийх саалийн үнээтэйгээ нийт гучаад үхэртэй. Бэлчээр цасанд дарагдсан болохоор энэ хэдэн өдөр малаа хашаа хороонд нь өвсөлж байна.

Хүү Мянганбаяр нь хашаа хорооныхоо гадна цасыг арилгахаар хуяглаж гарахад би ч хамжиж өгөхөөр дагаж гарав. Өчигдөр арилгасан цас нэг л шөнийн хооронд малын хороог бас л дүүргэж хаяжээ. Үхрээ дааруулж бээрүүлэхгүйн тулд хэвтрийг нь арилгаж, бас өвс хаях газрыг гаргах болохоор өдөр бүр цасыг нь тэргээр тээж гэрээс өмнө замын хажууд аваачиж хаяна. Мянганбаяр гурван дугуйтай машинаа жолоодож, хашаан дотроо зогсоод цас тээхэд би ч хамжих хүн болж хүрз бариад нэг их удалгүй гар бээрч, чих хөлдөх гээд хэцүүхэн байлаа. “Над шиг бээлий малгай зүүхгүй бол горьгүй шүү” гэж зөвхөн нүд ам нь гарсан малгай толгойдоо углачихсан Мянганбаяр инээж байв. Тэр ахлах сургуулиа төгсөөд нутагтаа үлдэж, аав ээжийнхээ хаяа түшиж айл өрх босгожээ. Шороо шавар тээгээгүй болохоор удсан ч үгүй нэг тэрэг цас дүүргэж, машин дөнгөж багтдаг хашааны хаалгаар хоёр гурав ухруулмагц эвийг нь олж жолоодон гарч ирээд, над мэтийн машин барьж чаддаггүй хүнд жолоодох урлагийг гайхуулж амжлаа.

Шөнөжин өлсөж бээрч хоносон үхрүүд “өвс хаяач” гэж байх шиг мөөрөлдөхөд Төмөр-Очир үхэртээ өвс өгөхөөр гарч ирэв. Энэ жилийн цас сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад эрт орсон төдийгүй их орсон болохоор 11 дүгээр сар гармагц өвс өгч эхэлсэн байлаа.

 

 - Өглөө эрт хашаа саравчныхаа цасаа арилгаж үхэртээ өвс өгдөг. Өдрийн хоёр удаа өвс хаяж өгнө. Бэлчээрт гаргахгүй болохоор идэх нь ч их юм гээд Төмөр-Очир гуай цасанд дарагдсан боолттой өвсөө малтав.

60 гаруй га бэлчээрээсээ жилд 15-20 мянган кг өвс хурааж, малын өвс бордоогоо аргалдаг. Гэвч энэ өвөл өвс өгсөн нь эрт болохоор ирэх жилийн хоёр сар болоход нөөцөлсөн өвс нь дуусаж дахин өвс авахгүй бол горьгүй гэж байв. Эднийх зундаа саалийн үнээгээ сааж, сүүгээ худалдаад орлого олдог. Жилд 6-7 сарын хугацаатай саана. Сүүгээ гол нь ойр хавийн цагаан идээ хийдэг дэлгүүрүүдээр борлуулдаг. Өдөрт 90-100 л орчим сүү сааж, 500 граммыг 1.5 юаниар зардаг гэнэ. Нэг хүнд ногдох нутаг бэлчээр бусад газартай харьцуулахад харьцангуй бага бөгөөд хашаалж тэжээх төрийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш малын тоо толгой багасаж, цөөн тооны малаас өндөр орлого олохын тулд Төмөр-Очир саалийн үнээ тэжээж эхэлжээ.

Энд 2008 онд өрх бүр худагтай болж, өмнөх шиг гаднаас ус зөөж, гар хөлөө хөлдөөхөө больжээ.

- Одоогийн амьдрал бидний үеийг бодвол хамаагүй сайжирчээ. Ёстой өдөр шөнийн зөрөө гэж хэлнэ. Энэ зун би урд замын хажууд очоод айл саахалтыг харахад яг л хот газар шиг сайхан харагдаж байсан. Гэхдээ хүү, ач нартаа та нар чинь бидний тэр үетэй харьцуулахад торгон дээр тоглож, тос залгиж байгаа хүмүүс шүү гэж дандаа хэлдэг. Ийм сайхан байгаа нь нам төрийн сайных гэж сэтгэл нь хөдөлсөн эмээ нулимс бөмбөрүүлэн ярьж байв. Шинэ хуучин, баян ядуу нийгмийг биеэрээ үзэж туулсан эмээгийн сэтгэл маш эмзэг зөөлөн байлаа.

 “Баатар нэг суманд, баян нэг зудад” гэж Монголчууд ярьдаг. Одоо малчдын хашаа саравч сайжирч, өвөлжөө дулаахан болсон ч цас зудад бэлчээр дарагдсан учир өвс бордоогоо хангалттай нөөцлөх нь мал сүргээ өвөл хавар онд мэнд оруулах баталгаа болох юм. Жил болгон өөрийн хадлангаасаа өвсөө хүргэчихдэг Төмөр-Очир гуай энэ өвөл өвс нэмж авахгүй бол хүрэхгүй гэж байгааг бодоход зудтай жил малчдад ямар хүндрэл бэрхшээл авчирдгийг ойлголоо. Бид буцахаар машиндаа суухад Төмөр-Очир: - Болгоомжтой яваарай, зам халтиргаа ихтэй гэж сануулан гараа даллан хоцорлоо.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл