Улаан наран уулсын оройгоор цухуйж, эрдэнэт гэрлээ цацруулан эх дэлхийг бүрмөсөн гийгүүлж амжаагүй байхад баруун Жирэмийн хүмүүс цөм өдрийн ажлаа эхлүүлчихсэнээр утаа униар моддын оройгоор тунаран, уулсын сүвээнд дээшилж ядан тогтох нь нэг л тайван. Баруун уулан дээрх тахилгын овоондоо даатган мөргөж, ургах наран ба айл тосгоноо харж зогссон хижээл насны нэг хүний хажуугаар олон хүмүүс зөрөн өнгөрч, овоо тойрон наманчилна. Уулын бэлээс овоо хүртэл үргэлжилсэн хүний цуваа сүүл шувтрах үеэр тэр шат уруудан шалмаг хөдөлж, уулын бэлд байгаа томоохон хүрээг чиглэн явлаа.
Энэ хүнийг Ван Бөхөө гэдэг. Өглөө бүр ингэж овоондоо мөргөх нь түүний олон жилийн заншил болж хэвшжээ. Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны баруун Жирэм сумын баруун Жирэм багт 32 жил эмч хийж явсан нутгийн эмч Ван Бөхөө гэж хол ойрдоо алдаршсан түүнийг зорьж ирэх хүн маш олон байдаг бөгөөд тэдний дотор тэнхээтэй нэг нь өглөө бүр түүнийг дагаж овоонд гарч мөргөдөг ажээ. Саяхан л овоондоо мөргөөд бууж ирсэн түүнийг хүрээндээ орж очихоос нь өмнө бөөм хүмүүс тойрч, өөр өөрийн хүчир байдлаа тоочин, дагуулж ирсэн өвчтөнийг нь урьдаар үзэж өгөхийг гуйн царайчлахад Бөхөө эмч нэг нэгээр байдлыг нь үзэж зохистой байдлаар төлөвлөнө. Нэг бодоход тэдгээр өвчтөнүүд буюу гэрийн хүмүүс нь яарч сандрах нь аргагүй юм. Өдөр бүр 1000 шахам өвчтөн байнгын байдалтай оношлуулахаар хүлээж, энгийн үед бол хоёр гурван өдөр хүлээх хэрэгтэй байдаг.

Ван Бөхөө эмч хүүхдүүдийн хамт
Ван Бөхөө эмч галзуу солио өвчин, хорт хавдар зэрэг хүнд өвчнийг эдгээж байсан гэдгийг сонсоод би төдий л гайхсангүй. Зарим ядуу зүдүү өвчтөнөөс мөнгө төгрөг авдаггүйг сонсоод ч онц юм болгосонгүй. Харин түүний амнаас гарах олон тоог сонсоод харин өөрийн эрхгүй гайхан биширсэн билээ. Жишээ нь одоог болтол нийт 900 мянган өвчтөн эмчилсэн, нийт 8000 галзуу солио өвчин эдгээсэн, Хятадын бүх муж хот, ӨЗО болон гадаадын 13 улсаас өвчтөн ирж үзүүлж байсан, өдөрт дунджаар 300 шахам өвчтөн үздэг гэх мэт. 900 мянган өвчтөн гэдэг чинь 32 жил эмчилж байгаа Бөхөө эмчийн хувьд жил бүр дунджаар бараг 30 мянган өвчтөн эмчилж байгаа гэсэн үг.
Бага насны дурсамж буюу эмч болох мөрөөдлийн эхлэл
Ван Бөхөө эмч 1960 онд энэ хорвоогийн халуун шороог хөдөлгөх хүний заяаг олж, ертөнцөд анх ирэхэд тухайн нийгэм ахуй одоогийнх шиг биш байжээ. Түүний балчир бага насанд “Соёлын их хувьсгал”-ын арван жилийн хүнд хатуу цаг тохиож, 8 настай байхад аав нь бурхан болж, ээж болон эгч дүү нартайгаа өнчрөн үлджээ.
- Тухайн үед аав эндээс 30 газрын хол байрлах Хавирга гэх газарт нийтийн хонь хариулдаг байжээ. Хүйтэн нойтонд даарч бээрэхтэй, хүнд хэцүү ажлын халд ядарч зүдрэхтэй, хүнд ханиад олоод хөдөлж чадахгүй байхад нь нутгийн нэг хүн эргэж очих таараад гэрт хүргэж ирсэн юм. Үнэндээ одоо бодоход зүгээр л ханиад байсан юм. Харин тэр үед амьдрал ядуу, эмнэлэг хол байснаас үзүүлж харуулж чадалгүй архаг сууж, сүүлд нь ганц үнээгээ зарж байгаад үзүүлсэн ч оройтож, нэг жилийн дараа үгүй болсон юм. Манайх гэрийн гарал муу гэгдэж, хүмүүс бүгд манайхаас зугтдаг байснаас аавыг хөдөөлүүлэх гээд хамжих хүн олохгүй ээж болон эгч дүү нартайгаа хамт өргөж дамнаж байж үхэр тэргэнд гаргаад, зүтгэн явж уулын баруун доор аваачиж хөдөөлүүлсэн. Тухайн үеийн байдал одоо ч миний нүдэнд кино зураг шиг харагдаж байна гэж Бөхөө хэлээд хэсэг дугуй болов. Нийгэм даяар л тийм байсан юм чинь би хэнд гомдох вэ дээ. Гэвч тусалсан хүмүүсийн ачийг би одоог хүртэл бодож явдаг юм гэж тэр үгээ үргэлжлүүллээ.
Хатуу нийгэмд төрж өссөн түүний хувь заяа аавыгаа алдан өнчирснөөр зогссонгүй. Гэр бүлээ тэжээх хүнд үүрэг мөрөн дээр нь тулгарч, сургууль соёлын мөр хөөх боломжоо алджээ. Тэгээд арын айлдаа түлээ модыг нь ойртуулж өгөх мэтээр бага сага ажил хийж, идэж уухаа олж эхэлжээ. Аавыгаа өвчнөөр үгүй болоход нь гачигдсан Ван Бөхөө “хожим заавал эмч болно” гэж балчир оюундаа хатуу шийджээ. Харин сургуульд суухаас өнгөрсөн болохоор тэрхүү хүслээ биелүүлж чадах эсэхээ ч мэдэхгүй байв.
“Санаа сайтын заяа сайн” гэдгээр Ван Бөхөөгийн эмч болж өвчтөнг эдгэрүүлье гэсэн сайн санааных нь хариуд ямар ч байсан аз завшаан ирлээ. Нэг өдөр арын айлдаа түлээ оруулж өгсний дараа гэрийн эзэгтэй нь түүнд:
- Манайд Бүргэдшувуу гэгээн саатах гэж байна. Чи эмч сурах санаатай байсан биш билүү, тэр ламаас сурч болно гэж хэлж өгчээ. Үнэхээр хэлсэн ёсоороо тэр айлынх Бүргэдшувуу гэгээнд хэлж байгаад Ван Бөхөөг шавь оруулснаар монгол уламжлалт эмчилгээ сурч эхэлжээ.
“Соёлын их хувьсгал”-ын хатуу тарчлалаас багш нь ч мултарч чадалгүй, цагираг улайлгаж байгаад хүзүүнд нь углах зэрэг хал тамд тэсэлгүй багш нь Баяннуур аймагт зугтаж явжээ. Ингээд Ван Бөхөө багшийнхаа эрдмийг гүйцэд сурч амжаагүй үлдэв.
Эмчийн ажлаа эхлүүлсэн нь
Ван Бөхөө анх 1985 онд эмчийн ажлаа эхлүүлжээ. Тэр жил бригадын намын хорооны нарийн бичгийн даргын авгай нь өвдөөд Чанчүнь хотод аваачиж үзүүлсэн ч эдгэрсэнгүй буцаж иржээ. Аргаа ядсан дарга нь уламжлалт эмчилгээ сурч байсан түүнийг нэг өдөр хайж ирээд үзэж өгөхийг гуйв. Хэн хэн нь аз харах санаатай туршиж үзсэн бол даргын авгай харин илааршив. Ийнхүү нөгөө дарга нь түүнийг багийн эмч болгохоор хэлэлцэж, сумын эмнэлэгт очиж суралцан эмчлэх гэрчилгээтэй болж ирэхийг хүссэн байна. Ингээд Ван Бөхөө сумныхаа эмнэлэгт очиж 8 сар дагаж суралцаад Далантай гэдэг эмч түүнд эмчийн гэрчилгээ олгож, 85 юанийн эм зээлж өгчээ.
Тэр жилийнх нь өвөл их зуд болж, Үзэмчин малчид тэдний нутагт оторлож ирсний дунд нэгэн залуу архинд хордоод Ван Бөхөөг залж үзүүлжээ. Нөгөө залууг эдгэрүүлээд ойр орчиндоо нэрд гарч, хоёрхон өдөрт бүх эмээ зараад, 300 гаруй юань олсон байна. Түүний эмчилгээний түүх эхэлсэн нь ийм түүхтэй ажээ.
Мөнгө төгрөгөөс илүү мэнд сайн болгохыг зорьдог
Ван Бөхөө эмчийн бусдаас өөр тал нь өвчтөнөөс мөнгө төгрөг бодож хураадаггүй. Харин өгөх дуртай нь өгч, өгөх дургүй буюу боломжгүй нэг нь өгөхгүй тохиолдолд ч авна гэдэггүй. Энэ нь зарим таксины жолооч мөнгө олохын тулд “Ван Бөхөө эмч үнэгүй өвчин үздэг” гэж хүмүүст ухуулан авч ирдэг учир олон хүн цувж, очсон болгон мөнгө өгөхгүй болжээ. Аяндаа энэ нь Бөхөө эмчийн эмчилгээний ажлаа үргэлжлүүлэхэд нь хүндрэл учирч эм оруулах мөнгөгүй, арга бус зээлээр эм оруулах хэмжээнд хүргэжээ.
1997 оноос эхлэн тэр арга бус хоёр төрлийн өвчтөнөөс мөнгө авах тогтоол гаргаж, хэсэг зардлаа шийдэх болов. Хорт хавдраас сар бүр 600 юанийн төлбөр, хүнд өвчтөнөөс сар бүр 300 юанийн төлбөр авна. Хөгшин нялх, ядуу зэрэг 6 төрлийн өвчтөнд үнэ төлбөргүй гэж тогтоожээ. “Мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй, өвчтэй бол өвчнийг нь үзэж өгнө” гэсэн түүний үзэл баримтлал нь Хятад улсын хэмжээнд ам дамжин уламжлагдаж, хүмүүс түүнийг “тал нутгийн хувилгаан оточ” гэж дууддаг болжээ.
- Багш маань намайг тэнгэрийн доорх бүхий л эрэгтэй хүнийг аав шиг үзэж, бүхий л эмэгтэй хүнийг ээж шиг санаж эмчилж яваарай гэж сургасан юм. Багшийнхаа сургаал захиасыг би хэзээ ч мартаагүй, тиймээс би хүн ялгалгүй эмчилж явдаг гэж Бөхөө гуай хэллээ.
Амь насыг эрхэмд үзэж, адгуус мал, өвс ургамлыг хүртэл хайрлан хамгаалж явдаг монгол хүний чанар юм уу, бурхан шашны амьтан зургаан зүйлийг адилхан үзэх сургаал юм уу, Ван Бөхөө эмч хүнийг бүү хэл, амьтан голтныг хүртэл өрөвдөн хайрлаж, жил бүр их хэмжээний загас худалдан авч, ус голд нь буцаадаг гэнэ.
2013 онд Ван Бөхөө эмч “Хятад улсын хэмжээний хамгийн содон хөдөөний эмч”-ийн өргөмжлөл хүртэж, олон жилийн зүтгэлээ ард түмнээрээ дахин нэг удаа үнэлүүлжээ.
