
Малчид загал зүсмийг адуу өсөх бэлгэ шинжтэй гэж бэлэгшээдэг. Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Баянжалга баг нь загал адууг өсгөн үржүүлж байгаа дархан орон.
Загал зүсмийн талаар Үзэмчин нутагт домог байдаг. Эрт урьдын цагт богд Чингисийн эр хоёр загал Хэнтий хан Бурхан Халдунаас өвсний соргог усны тунгалгийг дагаж явсаар өвсөтэй талд хүрч, Улгай голын урсгалаас ундлан, Цавчрын бэлчээрт дассан байжээ. Нэгэн өдөр их загал нь эх нутаг элгэн сүргээ санагалзаж буцах гэсэнд дүү загал нь “Улгайн гурван урсгалын ус нь яасан тунгалаг юм бэ, онгон гурван Цавчрын өвс нь яасан соргог юм бэ” гэж татгалзсанаар их загал нь дүүгээ хүлээж, дүү загал нь Улгай голыг ширтсэн төрхөөр хад болон хувилсан нь тэр юм гэнэ. Эзэн богдын хоёр загал энд нутагшсанаас Үзэмчин нутагт загал зүсмийн адуу олноор өсөх болсон гэдэг. Энэ хад одоо Баянговь багийн нутаг дэвсгэр дээр байна.
Загал гэдэг нь адууны зүсэм. Саарал моринд мундагнаас доош хоёр дэлээ дагасан хөндлөн буюу бусад хэлбэрийн загал тэмдэг гардаг. Загал морийг тэнгэрийн сэтэрт хүлэг хэмээн бэлэгшээж адуу өснө гэдэг.
Урд цагт Үзэмчин бэйлийн хошуунд түмэн адуутай баян Цэвэгмид гэдэг айл байжээ. Нэг удаа Цэвэгмид гурван Чингэлдэй хавиар явж байхад алтан унага ганц хомоол унагаагаад гүйж одсон гэнэ. Цэвэгмид тэр хомоолыг авч даллагадаа тавьснаар адуу нь их өссөн гэдэг. Цэвэгмидийн адуунд загал саарал зүсмийн хоёр эрдэнийн хүлэг гарав.
Адуучин манжийн хааны зарлигаар Цэвэгмидийн загал эрдэнийн хүлгийг шинжиж олоод тухайн өдөртөө Бээжин орж хаанд өргөсөн гэдэг. Харин нөгөө нь чонод баригдсан гэлцдэг.
Цэвэгмидийн адуу өсөж 10 мянга хүрэхэд хоёр богдын араас голын зүг ус уухаар явахдаа зам гарч хоёр богд хэмээн нэрлэх болсон.
Цэвэгмидийнх адуундаа сайн морьтой болно хэмээн хоёр Богдод адуугаа хариулсан хэдий ч гүүнүүд нь унагалсангүй болохоор усан зүг хариулах болсон гэнэ. Хоёр Богдоос гарч явах зуур 300 гаруй гүү унагалсан байжээ. Харин хоёр Богдын доод аманд ганц гүү унагалж хоцорсон гэнэ.
Тэрхүү шодон буурал унага нь хурдан гүйдлийн морь болсон байжээ.
“Жавхаат адуучин Лхасүрэнжав” өгүүлэлд Мандах булаг мал аж ахуйн талбайн Тосоннуур багийн адуучин Лхасүрэнжавын мянган цагаан сүрэгт хоёр загал унага байв.
Үзэмчин буурлууд түүнийг эзэн Чингисийн хоёр загалын бүрэлваа, тэнгэрийн сэтэрт хүлэг хэмээн бэлэгшээж ярьдаг. Нэгийг нь найрын түрүүн бөх Чимдэдийг шагнасан бол нөгөөг нь дүү Буянцогт нь хайрлан унаж байлаа гэдэг.
Зүүн Үзэмчний Хатавч суурингийн Баянжалга багийн Шарнууд овогт Уртнаст болон Ширмэнгийнх хуа хул зүсмийн адуутай, загал зүсэм ихэнх тоог эзэлдэг. Загалд сэтэр загал, шувуун загал, саглагар загал, үүлэн загал, одон загал зэрэг таван зүсэм бий.
Сэтэр загал-мундаанаас хоёр тал руу буусан судал тэмдгийг хэлнэ. Шувуун загал — хүзүүн зүг нэг салаа, далаа дагсан хоёр салаа судалтай. Саглагар загал — доороос дээш модны намаа мэт сарвагар тэмдэгтэй. Үүлэн загал — дээд талдаа мушгирсан хэлбэртэй. Одон загал — мундаанаас доош дусал тэмдэгтэй.
Баянжалга баг "тэнгэрийн сэтэрт загал адууны нутаг” хэмээх сайхан алдартай.
