Өмнөх зууны 80-аад онд хоёр жил дараалан цас ихтэй зудтай жил болжээ. 86 он байсан байх. Би бага сургуулиасаа гараад хөдөө нутгийн бор амьдралдаа орсон билээ. Манайх нэг хүрэн атан тэмээтэй байсан юм. Тэр тэмээ хоёр өдөр уруул амаа сэгсрэн, уяан дээрээ тавгүйтэж байснаа хэвтээд өглөө. “Энэ тэнгэр ч нэг юм болохнээ! Хүрэн ат бас боргиод, хүзүүгээ тавиад хэвтчихжээ” гэж нагац ярьж байв. Би хэрэгт дурлаад гарч үзсэн чинь хүрэн ат салхины зүг хараад хүзүүгээ газарт наалдуулан нүдээ анин хэвтэж байв. Буцаж ороод: - Энэ нь яаж байгаа юм” гэж нагацаасаа асуувал тэмээ тэгж газарт хүзүүгээ наалдуулж хэвтвэл тэнгэр муухайрахын тэмдэг, цас орж зуд болж магадгүй гэж нагац санаа зовсон байдалтай хариуллаа.
Үнэхээр тэр шөнө нь цас хаялж эхэлснээ цас бүр их орж, салхигүй боловч шөнөжин орж, залгаад хоёр гурван өдөр орсоор өвдөг тулсан байлаа. Гэсэн хэдий ч өнөө хүрэн ат бас боссонгүй. Өвчин тусчихсан юм биш биз гээд нагацаас асуухад: - Тэмээ тэнгэр муухай болбол тэгж хэвтдэг. Тэнгэр арилсан хойно босно биз. Дороо бааж шээгээд л хэвтээд байдаг юм. Тэмээ босохгүй бол тэнгэр арилахгүй” гэж нагац тайлбарлаж өгсөн.

Тэгээд тэр цаснаас хойш үргэлжлэн цас орсоор тэр өвөл хэцүү цас зудтай жил болсон. Хүрэн ат маань тэр жилийн зудад ихээхэн хүчээ өгсөн юм. Би тэмээ гэдэг амьтан тэнгэр муухайрахыг сайн мэддэг гэснийг ойлгосон юм.
Тэмээ гэдэг амьтан ердөө их мэдрэмжтэй болохоор тэмээ базаах (гаргах) гэхэд хажууд нь “ална” гэж хэлж болдоггүй гэнэ. Хэрвээ хэлчихвэл тэмээ нулимс унагаагаад буйлаад сүйд болдог. Үүнийг би биеэрээ өнгөрүүлсэн удаатай. Наян хоёр гурван оны үед би хоёрдугаар ангийн сурагч байсан. Өвлийн идэшний цаг болж, бидний Баянгол сургуулийнхан хоёр тэмээ нядлах гээд авчирж уяад байсныг нь олон хүүхдүүд хэрэгт дурлахдаа гүйлдэн очжээ. Тэгээд өнөөх хоёр тэмээ нулимс унаган “у…у” гэж буйлан уйлж байлаа. Бид хүүхэд болохоор улам шохоорхон: - Энэ хоёр тэмээ алах гэдгийг мэдчихэж магад” гэж хоорондоо таамаглан мэргэлж байтал бидний дундаас нэг нь: - Тэмээний хажууд ‘ална’ гэдэг үгийг хэлж болдоггүй гэсэн шүү” гэж хэллээ. Тэгтэл нэгэн настай аав: - Энэ муусайн дүрсгүй хүүхдүүд! Тэмээ базаана гэж байхад юу яриад байна вэ” гэж зандрахлаар бид цээртэй үгийг нь хэлсэндээ ичиж зовон “Тэмээ базаана” гэснийг сонсоод улам бүр айдас хүрч гарч зугтсан билээ.

Тэмээ зүг чигээ алдахыг мэддэггүй амьтан. Нутаг бэлчээрийг өрх бүрд даалган өгөхөөс өмнө тэмээ алс хол нутгаар бэлчээрлэж, хэдэн сум, хэдэн хошуу дамжин явчихдаг тул тэмээчид намрын сүүлч өвлийн эхээр тэмээгээ хурааж авчирдаг байсан. Тэмээ эзгүй хэдэн сар явдаг атлаа ижлээсээ салдаггүй. Хаврын цаг ингэ хааяа ботгоо голох явдал гардаг. Гэсэн хэдий ч тэмээ өөрөө ухаантай амьтан болохоор ботгыг нь авуулахаар дуулсан дуу, хуурын аялгуунд уяран, нулимс унагаан ботгоо авчихдаг юм.
Тэмээ гэдэг ийм л сайхан амьтан, тиймээс л малчид тэмээгээ тэнгэрлэг ухаантай гэдэг биз.
