Цэвэр тохилог орон сууц, рашаан тунгалаг ундны ус, саруул дардан зам харгуй, саадгүй нэвтрэх мэдээлэл холбоо, эрүүл мэндийн төв, ном судар тэгширсэн соёлын төв энэ бүхэн “Арвыг хамруулах” төслийн “Арван цагаан буян” бүрдэж, аз жаргалын хураар ард олны амьдралыг ивээнэ.
Баян тариа хийгээд тариачдын баясгалан
“Арвыг хамруулах” төсөл хэрэгжсэнээс хойш Залайд хошуу өнөөдрийг болтол бүх ажилд нийт 2.368 тэрбум хөрөнгө оруулж, 15325 өрхийн нурах аюултай байр байшинг шинээр барьж байгуулан, 454 айл тосгоныг ундны цэвэр устай болгож, 32 өөртөө үйлчлэх дэлгүүр нээж, телевиз хүлээн авах төхөөрөмж болон стандартад нийцсэн эрүүл мэндийн төв, соёлын төвийг баг тосгон бүрд бүтээн байгуулжээ.
Холбоо суурингийн Э Дао Хэ Зи тосгонд 420 өрхийн 1543 хүн ам аж төрдөг байна. Хэдийгээр хот сууринтай ойр, зам харилцааны нөхцөл харьцангуй сайн байдаг ч тариалах газрын талбай багатай. 780 га тарианы газартаа гол төлөв эрдэнэ шиш, буурцаг зэргийг тарьж байжээ. Тосгоныхоо тарьж болох тариан газраа бүгдийг хоршооны хүрээ хэмжээнд оруулж, мөн 633.3 га тарианы газар түрээслэн 666.6 га газарт цагаан будаа, 780 га чихэр удвал тарьж байна. Хоршооны хэлбэрээр ажиллаж орлогын нэмэгдэл мэдэгдэхүйц дээшилж, 173 өрх хоршоонд орж, 2015 онд тус тосгоны нэг хүний жилийн цэвэр орлого 35 мянган юаньд хүрсэн байна.
Индэр суурингийн Гүн Вэй тосгоныхон байгалийн тогтоц нэлээд сайн бөгөөд тосгон дунд нь жижиг гол урсаж, ой модонд битүү хучигджээ. “Арвыг хамруулах” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тосгоны гудамж талбай шинэчлэгдэн сайжирч нөхцөл боломж сайжирснаас гадна жуулчид жил ирэх тутам нэмэгджээ.
Тус тосгоны монгол залуу Ян Хуан, Шю Лан эхнэр нөхөр хоёр тосгондоо хамгийн анх бизнес эрхэлж эхэлсэн байна. Энэ айл уржнангаас эхлэн тосгоны төв гудманд байрлах давуу талаа түшиглэн 300 мянган юань зарцуулан 120 м.кв талбайтай цэвэр тохилог хоолны газар ажиллуулж, өнгөрсөн жилийн 7 дугаар сард арилжаагаа эхлүүлжээ. Зам харилцаа, мэдээлэл холбоо сайжирч зочид олон болж, энэ жилээс эхлэн өөрсдөө загасны цөөрөм байгуулан загас болон цагаан галуу тэжээж, экологийн хүнсний ногоогоор зочдоо дайлах болжээ.
“Хүрээ хашааны аж ахуй” хийгээд 0.06 га газар
Улаанхотын Ялалт суурингийн Хуан Жия День тосгон хотоос ойр байрлах бөгөөд давуу талаа түшиглэн “Хүрээ хашааны аж ахуй”-г голлон хөгжүүлж байна. Онцгой тарьж ургуулах аж ахуйн, тэжээж үржүүлэх аж ахуйн зэрэг аж ахуйг өрх бүр бага хэмжээгээр хийж, өрх бүрийн цэвэр орлого 4000 юанийг давж байна.
Энэ жил 69 настай Ли Шүвэнийх 0.06 га хашаандаа цагаан будаа тарьж, будааныхаа усанд мөргө загас тэжээгээд 3 жилийн нүүр үзэж байна. Бага хэмжээнд арчилж тордож байгаа болохоор 0.06 га газраас 600 кг ургац хурааж, цагаан будаандаа ямар ч бороо, химийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй учир жин бүрдээ 6-8 юань хүрдэг. Мөн цагаан будааныхаа усанд жилд 500 гаруй мөргө загас тэжээж, намрын сүүл болоход нэг загас нь бараг 500г хүрч, 0.06 га хашаанаасаа наад захдаа 10 мянган юанийн орлого олдог байна.
Хуан Жия День тосгонд Ли Шүвэнийх шиг хашаандаа 0.06 га газарт цагаан будаа тарьж байгаа өрх 50 гаруй байдаг. Гол төлөв өтлөх насны буурлууд арчилж тордож байна. Энэ нь нэг талаар нэмэлт орлогыг нэмэгдүүлж, хөдөлмөр хүчийг хэмнэх болж, хөдөө тосгоны “Арвыг хамруулах” төсөлд аж ахуйн тулгууртай болж, эрчимтэй өрнөхөд баталгаа болж байгаа ажээ.
Ли Шүвэний зэргэлдээ айл харин “Хүрээ хашааны аж ахуй”-н төрөл зүйлдээ нутгийн тахиа тэжээж, хүнсний ногоо тарьж, тахианы баасаа бордоо болгон өлөн өвс буюу үлдэгдэл ногоогоор тахиагаа тэжээж, эргэлтэт аж ахуйг эрхэлж эхэлжээ. “Нэг тахиаг 3 сар хэртэй тэжээвэл бие гүйцэж, зах зээлийн үнэ нь 50-80 юань хүрдэг байна. Хүнсний ногооны гаралт тийм өндөр биш ч үнэ ханш нь тогтвортой бөгөөд нэлээд өндөр байдгаас ойр хавийн болон хотын хүмүүс ирээд булаацалдан авцгаадаг гэж Зан Хайшан ярьж байв.
Сүүлийн жилүүдэд “Арвыг хамруулах” төслөөр Хуан Жия День тосгоны зам харилцаа сайн болж, Улаанхотоос ойрхон болохоор тариалан мал аж ахуйн товчооны тусгай мэргэжилтнүүд үргэлж тус тосгонд ирж, онцлог аж ахуй болох “Хүрээ хашааны аж ахуй”-г хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг болжээ.
“Арвыг хамруулах” төслийн ач буян ингэж ажилч түмний амьдралд шинэ зохицлыг олж, ирэх маргаашийн аянд итгэл тэмүүллийн галыг асаасан билээ.
