Солгой гарынхаа эрдмээр суран эдлэл хийж, үзсэн харсан хэн ч гайхахаар гар уран миний өвөөг Цогжил гэдэг. Өвөө минь 60 насыг давж яваа ч бие тэнхээ сайн. Манайх Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Саруул багийн уугуул. Би багаасаа өвөө эмээгийнхээ гар дээр өсөж, буурлын яриа хөөрөөнөөс уламжлалт ёс заншлаа ойлгож явсандаа бахархдаг.
Сүүлийн жилүүдэд хот бараадан суусан өвөө зүгээр суухаар зүлгэж сууя хэмээн суран эдлэлээ оролдож суудаг болсон. Өвөөгийн үзэг, савх барих нь солгой гар. Харин солгой гараараа суран эдлэл оролдон гар урлал хийх нь харин маш гайхалтай.
Өвөө минь уурга залах, арьс элдэх, ногт чөдөр зангидах, эмээл урлах, хуучин эмээл засах, ташуур гүрэх зэрэг морины эдлэл хэрэгсэлд холбогдсон зүйлийг уламжлалт хэлбэрээр урлаад арваад жилийн нүүрийг үзжээ.
- Суран эдлэлийн хамгийн гол материал нь арьс шир учраас түүнийг боловсруулж элдэх нь нарийн ажил. Эхлээд үхрийн ширнийхээ шар идээг авч үсийг нь хусаад нойтон байх үед нь хөө түрхвэл өнгө нь сайхан болно. Шар усанд 25 хоног, цагаанд 15 хоног хийж дэвтээгээд гаргаж авсан ширээ найман хувь хатах үед эхэлж элддэг. Сур элдэхийг талхиар элдэх ба ээрүүлээр элдэх гэж хоёр ангилна. Талхиар элдэх нь сураа бүхлээр нь элдэж, хүний хүч их зарцуулах хэдий ч сурыг эвдэхгүй давуу талтай. Ээрүүлээр элдэх нь сураа зүссэний дараа элддэг учир хүний хүчийг хэмнэнэ гэж өвөө маань ярилаа. Өвөө эхэндээ хийсэн сур эдлэлээ найр наадмын үеэр зарж байсан бол сүүлийн үед хүмүүс өөрсдөө гэрт ирж суран эдлэл хийлгэх болсон.
- Сүүлийн үеийн залуучууд морь унаа эдлэх нь их цөөрсөн. Суран эдлэлээ хэрэглэхгүй болсон гэж өвөө минь хайгаад ирсэн залуучуудад санаа алдан өгүүлнэ.
Өвөө маань өтлөх насаа баяр жаргалтай өнгөрүүлэхийн зэрэгцээ хойч үедээ өв соёлоо уламжлан түгээх үйлсэд хичээн зүтгэж яваа нь залуучууд бидний бахархал юм.
