Алшаа баруун хошууны Алтан-Овоо суурингийн Гүндалай багийн малчин Алтан-Уул 200 гаруй тэмээтэй. Алтан-Уулынх ингэний сүүний үйлдвэр, ингэний сүүний сувиллын газар байгуулсан байна.Одоогоор ингэний сүү саалийн жилийн цэвэр орлого 500 мянган юанийг давж байгаа бөгөөд хөгшин ингэ зэргийг зарсан орлоготой нийт 600 мянган юаньд хүрч байгаа аж.
2008 оны үед Алтан-Уул гэргий Адулцоогийн хамт ингэний сүү болон айраг худалдаж эхлэхэд “Ингэний сүүг ууж болдог юм уу” гэж цөөнгүй хүн асууж байсан гэнэ. Эндээс харахад Алтан-Уулынх ингэний сүүг зах зээлд анх гаргасан байх ёстой аж. Алтан-Уул багаасаа ингэний сүү ууж өссөн бөгөөд түүний ээж Дулмаа гуай 13 настайгаасаа ингэ сааж сурсан байна. Одоо наян гарч сайхан нас наслаж яваа настай ээж минь насаараа ингэний сааль барьсаар ирсний ач тус юм гэж Алтан-Уул ярив.
Адулцоо анх бэр болон ирж байсан үеийн дурсамжаа хуваалцахдаа: - Анхандаа би ингэ саах байтугай ингэтэй ойртохоосоо ч айдаг байсан. Харин хадам ээж маань ингээ сааж, ингэний ааруул хийхэд бид сүү саалийг нь борлуулж мөнгө төгрөг болгохоор бодож эхэлсэн гэв.
Эхлээд Баянхотод 500 граммыг нь арван юаниар зарж байжээ. Баянхотод амьдардаг ах нь тэдэнд тусалж тав арван килограммаар зарж өгдөг байжээ. Одоо ингэний сүүний ач тусын тухай хүмүүсийн ойлголт сайн болжээ. “Ингэний айргийг өндөр градуст цэвэрлэн ариутгаж, хошууны эмнэлэгт 500 граммыг 50 юаниар зардаг. Зах дээр 500 граммыг нь 60 юаниар зарахад борлуулалт сайтай байдаг. Хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байгаа гэж баярлан ярьж байлаа. Хангалтыг нэмэгдүүлж, үнэ ханшийг тогтворжуулахын тулд Алтан-Уулын гэр бүл “Алтан” хэмээх ингэний саалийн тусгай хоршоо болон суурингийн төв дээрээ ингэний саалийн үйлдвэр байгуулсан байна. “Тэмээт нутаг” хэмээн алдаршсан Алшаа аймгийн тэмээ нь Алшаа баруун хошуунд олон байгаа бөгөөд тус хошууны Алтанбулаг суурин болон Тансагбулаг суманд хамгийн олноор байдаг ажээ. Тусгай хоршооны гишүүн нь Алшаа зүүн хошууны Өлзий зэрэг гурван суурингийн зургаан гацааг багтааж байгаа төдийгүй өвлийн улиралд 20-иод гишүүн 400 гаруй ингээ саадаг байна. Ингэний сүүний үйлдвэр нь жилд 18 тонн ингэний айраг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Алшаа аймгийн монгол эмнэлгийн хорооны ингэний сүүний эмчилгээний сүүг хангах суурин болсон байна.
- Бид 500 граммыг нь 35 юаниар хоршооныхоо малчдын ингэний айргийг худалдан авдаг. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад нэлээд нэмэгдсэн гэж байлаа. Нэг ингэнээс өдөрт 500 грамм орчим сүү сааж, 30 юаниар бодоход жилийн орлого 10 мянган юаньд хүрч байгаа гэж Адулцоо ярьсан юм.
Өнгөрсөн онд Алшаа баруун хошуунаас Шиньжяны Алтайн орноор судлах аялалд тэмээ олонтоо гэдгээр төлөөлөгчийн хувьд Адулцоо энэ аяллын багт орсон байна. Аяллын үеэр Шиньжянд машинаар ингэ сааж буйг харсан байна.
Машинаар ингэ саах нь тэмээний хөхөнд муу сангдсан. Машинаар ингээ саах талаар бодож үзээгүй гэж байгаагаас нь харахад малчин хүний малдаа хайртай сэтгэлийг харуулна.
2012 онд Алтан-Уулын гэр бүл байр байшингаа засан шинэчлэн өргөтгөж, ингэний сүүний сувиллын газар нээж, Ордос, Эзнээ, Гансү, Шиньжян, Бээжин зэрэг олон нутгаас хүмүүс тасралтгүй ирсээр байгаа аж. Адулцоо Шиньжянаар явж ирээд ингэний сувиллын газар нээсэн нь зөв шийдэл гэдэгт итгэл дүүрэн байх болжээ.
Очсон газрын томоохон үйлдвэрийн боловсруулсан 250 грамм хүрэхгүй ингэний сүү нь 30, 40 юаний үнэтэй. Бас хэдэн сараар хадгалж болно гэдэг. Харин манай сүү нэг л хоноход гашлах гээд байдаг. Тэгвэл ингэний сүүг урт хугацаанд хадгалж болох уу? Шим тэжээл нь алдагдана гэх мэтийн олон зүйл бодогдлоо. Тиймээс ингэний сүүг зэлэн дээр нь ирээд халуун бүлээн, шинээр нь цэвэр хольцгүй байгалиар нь хэрэглэхэд хамгийн аюулгүй, баталгаатай гэж Адулцоо ярилаа.
Ингэний сүүний үйлдвэр болон сувиллын газраа байгуулахдаа 2 сая юаний хөрөнгө оруулсан бөгөөд хагас нь зээл байжээ.
Адулцоо энгэртээ эрхлэх бага хүүгийнхээ толгойг илээд “Бид үрээр баян, өвөөр ч баян аз жаргалтай байна” хэмээн инээмсэглэн ярьж байсан юм.

Отгийн өмнөд хошууны Нанс суурингийн Арлай багийн малчин, багийн намын хорооны нарийн бичгийн дарга Батнасан 1983 оноос бор царгас тарьж ургуулснаар өнөөдөр болоход 330 гаруй га бэлчээрийнхээ 106 га бэлчээрт бор царгас тарьж, жилийн орлого нь 1 сая юанийг давж байна.
Батнасан 1976 оноос эхлэн бор царгастай танилцсан боловч тариан талбай багатай тэр үед хүнсний төмс тарихаас биш өвс тийм их газарт тарьж болдоггүй байжээ. Энэхүү өвсийг тарьж ургуулах нь тийм хялбар ажил биш. 1983 онд анх удаагаа тариад бүтээгүй байна. Гэвч шантралгүй 1996 онд 3 га талбайд тариад ирэх онд өргөжүүлэн нутгийн иргэдээ дайчлан 335 гаруй га талбайд бор царгас тарьсан байна. Талбайг өргөжүүлсэн нь тэрээр өөртөө зорилго тавин заавал амжилтад хүрнэ гэсэн бодолтой байсан юм гэж байв. Гэвч зөвхөн халуун сэтгэл итгэл зориг өвөрлөөд болох юм биш. Салхи шороо болон усжуулах ажил нь хэцүү байдаг. Тэр үед одоогийнх шиг том хэлбэрийн усжуулалтын машин төхөөрөмж байгаагүй. Бор царгас нь шороотой шаварлаг газарт л тохирдог.
Бор царгасыг ургуулахад заавал ус сайтай байх хэрэгтэй. Миний туршлагаас арван хэдэн өдөр болоод нэг удаа усалж, 50 сантиметр орчим зузаан хөрсийг үргэлж нойтон чийгтэй байлгах хэрэгтэй. Иймээс том хэлбэрийн шүршин услах төхөөрөмж хамгийн хэрэгтэй юм. Олон дахин хадах учир дусалган услах төхөөрөмжийг хэрэглэх нь яршиг төвөгтэй байдаг. Мөн шавартай газар ус нь шингэхгүй урсаад байдаг. Шороотой шаварлаг газарт л бор царгас зохицон ургадаг юм. Жаахан малтахад ус гараад ирдэг газар бас болохгүй. Үүнээс гадна тэр үед хүмүүс эмийн ургамал зээргэнэ тарихаар хөөцөлдөж, бор царгасын ургалт тааруу, үр ашиг гээд байхаар юм мэдэгдэхгүй болохоор тариалахаа больсон байна. Ер нь бор царгасыг нэг хоёр удаа тариад амжилтад хүрсэн удаа маш цөөхөн, заавал олон удаагийн туршилт олон жилийн хичээл зүтгэл хэрэгтэй байдаг гэж Батнасан ярив.
1997 онд их хэмжээгээр тарьсан бор царгас нь амжилтгүй болж, багаа 2 сая юаний их өрөнд оруулав. Юм болгон сайн муу хоёр талтай. Бор царгас тарих гэж энэ удаа багтаа цахилгаан татсан нь харин сайн зүйл байлаа. Мөн цахилгаантай болсноос том хэлбэрийн шүршин услах төхөөрөмжийг хэрэглэх боломжтой болжээ. Хувь хүний хувьд 1999 онд Батнасангийн хийморь босож, Могойт сумныхаа орлогч дарга болж зэрэг хэргэм дэвшив. Гэтэл Арлай багийн 2 сая юаний өр шир цасан бөмбөг өнхрөх мэт жилээс жил ирэх тусам нэмэгдэж байсан нь түүний сэтгэлийг зовоож байв. Ингээд тэрээр аргагүйн эрхэнд ажлаасаа гарч 2003 онд Арлай багтаа буцаж багийн даргын ажлаа дахин хийж, хэдэн жил зүтгэж байгаад багийнхаа 2 сая юаний өрийг төлж дуусгав. 2007 онд тэрээр айл аймгийн хоёр айлтай нийлж дахин бор царгас тарив.
- Чи юу тарьж байгаа юм бэ? Бараг жил болгон л тарьж байна! Төмс тарихад хураалт сайтай байна. Чиний энэ чинь ямар ч ашиг байхгүй! …гэх мэтийн элдэв яриа чихийг нь дэлдэж байлаа. Гэвч Батнасан бэлтгэл ажлаа сайн хийсэн байв.
Нэг. Тэр өөрийн хяр газрын 533 га талбайгаа замаас ойрхон ус, цахилгаантай өөр айлын 200 га талбайгаар солив.
Хоёр. Америк улсын бүтээсэн том хэлбэрийн шүршин услах машиныг худалдан авсан байна.
- Энэ үед манайх 600-700 ямаа маллаж байсан. Эр ямаа 300 юань хүрч байсан юм. Бэлчээр сольж өвс тарих гээд малаа бүгдийг нь худалдахад 200 мянган юань л олсон юм. Тэгээд малчин хүний хөрөнгө гэдэг чинь их биш юм байна гэдгийг ойлгосон гээд өнгөрсөн үеэ Батнасан эргэцүүлэн ярив. Тухайн жил түүний тарьсан бор царгас нь бас бүтсэнгүй. Дараа жил нь тэр мөн л тарьж, харин санасан ёсоор нь сайн ургасан байна. Сайн үйлд саад олон гэгчээр хөхрөн долгиолох бор царгас нь гэнэт хорхойн хөнөөлд өртсөн байна. Арга ядахдаа тэр суваг малтан усаар хашиж ч үзлээ, утаа гаргаж утаж ч үзлээ, ямар ч тус болсонгүй…
2009 онд тэр Нин Шя, Хар мөрний хэдэн өвсний үйлдвэрээр судалгаа хийн суралцаж багш урин бор царгасаа дахин тарив. Энэ удаа бүх багаараа тарьжээ. Хамтарч байсан хоёр айл нь энэ удаад татгалзсан аж. Учир нь тухайн үед түүний өр 2 сая юаньд хүрсэн байв. Гэвч энэ удаа амжилттай боллоо. Тухайн жилийн 11 дүгээр сараас эхлэн дараа жилийн эх болтол хэдэн удаа цас орсноор бас нэг туршлага суув. Өвөл газар хөлдөхөөс өмнө бор царгасаа заавал нэг удаа сайн услах хэрэгтэй, үгүй бол дээд хэсэг нь хатчихдаг ажээ. Одоо Батнасангийн тарьсан бор царгасын талбай 106 га хүрч, айл аймгийн 3 айлтай нийлээд 200 га болж, зах хязгаар нь үзэгдэхгүй үргэлжилнэ.
- Бор царгас халууны улиралд сайн ургадаг. 6 дугаар сарын 10-ны үе, 7 дугаар сарын 20-ны үе, 9 дүгээр сарын 20-ын үед гээд жилд гурав удаа хадаж болдог. Энэ хэдэн жил бор царгасын үнэ ханш 500 грамм нь 1 юань хүрч, Нин Шя, Баяннуур, Бугат, Хөххот, Шанхай гээд авах газар маш олон…гэж ярихад олон удаагийн бүдрэл, олон жилийн зүтгэл эцэстээ амжилтад хүрсэн баярын инээмсэглэл Батнасангийн царайд тодорлоо. Сэтгүүлч баримжаагаар тооцоо хийж үзэхэд 106 га бор царгасын жилийн орлого 2 сая юань хүрч байв. Гэвч Батнасан гуай: - Миний жилийн цэвэр орлого 1 сая гаруй юань, өөр бас хадах, хураах, боох зэрэг ажил байдаг. Эдгээр ажлыг айл аймаг, багийнхаа хүмүүсээр хийлгэж, хөлсийг нь бодож өгдөг юм. Зарим хүнд зээлээр машин авуулж, өөрийн газар дээрээ ажиллуулаад мөнгө хөлсийг нь өгч зээлийг нь төлүүлж байсан удаа ч бий.
Одоо би 58 хүрчихлээ. 40 гаруй жил багийн ажлыг хийж явахдаа мод тариарай, өвс тариарай гэж гишүүдээ уриалсаар ирсэн. Одоо манай багийн өвс бордооны суурин 1600 га хүрлээ. Үүнээс 800 га нь бор царгас гээд магнай нь тэнийнэ. Батнасан нарийн бичгийн даргын баярлах бас нэгэн шалтгаан нь их сургуулиа төгсөөд өөр нутаг усанд ажил хийж байсан хүү нь нутагтаа буцаж ирэн аавынхаа хамт бор царгас тарьж байгаа явдал юм.
