solongonews
“Солонго” сэдэвт хэвлэл мэдээллийн уулзалт-хэлэлцүүлэг болов
2016-11-04 21:14
“Солонго” сэдэвт хэвлэл мэдээллийн уулзалт-хэлэлцүүлэг болов

Өвөр Монголын Өдрийн сонины харьяа “Солонго” мэдээллийн төвөөс өнөөдөр Улаанбаатар хотноо “Солонго” сэдэвт хоёр орны хэвлэл мэдээллийнхнийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Солонго” мэдээллийн төв нь Солонго сэтгүүл, Солонго сонин, Солонго сайт, Солонго гар утасны АПП, Микро блог зэрэг мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг. “Солонго” сэтгүүл байгуулагдаад 23 жил болж байна. “Солонго” мэдээллийн төвөөс Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраа 2014 оны 9 дүгээр сард байгуулжээ. Уг төв байгуулагдсан цагаасаа эхлэн мэдээ сурвалжлага бэлтгэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалт зохион байгуулах, сонин сэтгүүл хэвлэн түгээх ажлыг гүйцэтгэж ирсэн.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын газрын зөвлөх Ли Вэй оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. 

“Солонго” мэдээллийн төв нь жил бүр энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааг монголын уншигчдад таниулах, монгол уншигчдын хэрэгцээ шаардлага юу болох, нийтлэлийн бодлогоо хэрхэн уялдуулж болохыг харилцан ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглүүлжээ.

Өвөрмонголын “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү энэ үеэр хэлсэн үгэндээ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр орны сэтгүүлч сурвалжлагчид нүүр тулж уулзах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хэвлэл мэдээллийнхэн төр засгаас тавьж буй бодлого зорилтыг таниулах, хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан туршлагаасаа хуваалцах, ажил хэрэгч санаачилгуудыг хөхиүлэн дэмжих, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн мэдээ мэдээллийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Торгоны замын түмэн газрын аяллыг зохион байгуулах, цахим мэдээллийг хөгжүүлэх, шилдэг боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг чиглэлд хамтарч ажиллах зорилт дэвшүүлж байгаагаа хэллээ.

Мөн үеэр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэг "Монголын уншигчдын өнөөгийн чиг хандлага" сэдэвт илтгэлдээ сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй түлхүү хөгжиж, хот хөдөөгийн иргэдийн дунд мэдээллийн тархалт ижил түвшинд очсон. Энэхүү хөгжлийг дагаад сонин сэтгүүлүүд дэргэдээ бие даасан сайт, фэйсбүүк, жиргээ хаягтай  болж буйг тэмдэглэсэн юм. Түүнчлэн МҮОНТ-ийн сэтгүүлч  ГБадамсамбуу "Нэг бүс нэг зам" төсөл ба Монголын оролцоо", "Хархорин" хүрээлэнгийн ажилтан Б.Эрдэнэсанаа "Эдийн засгийн коридор" сэдэвт илтгэл тавьсан ба гурван орныг дамнасан томоохон дээрх төслүүдийн үр нөлөө, ач холбогдлоос дурдав. 

 

Зохиогч: Б.Туул
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.montsame.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл