solongonews
Агтны жолоогоор арилжааны боломжийг аргамжиж явна
2016-09-23 23:14
Агтны жолоогоор арилжааны боломжийг аргамжиж явна.

   Өвөр Монголын Тайфус хошууны Гүнбулаг сумын Бумбан багийн малчин Гэрэлт, Нарс нар зуны сайхан улиралд унааны морьдоо барьж, жуулчдад унуулахаар бэлтгэдэг билээ.

Малчин Гэрэлт, Нарс нар адуун сүргээсээ ашиг орлого олохоор нээсэн замын нэг бол адуу маллах ажлыг аялал жуулчлалтай уялдуулан, унааны морио жуулчдад унуулж, ашиг орлого олсон явдал болно. Аль эрт 10-аад жилийн өмнө монгол нутгийн аялал жуулчлал хөгжлийн үе шатандаа орж, Гүнбулагийн нутагт хувийн болон нийтийн аялал жуулчлалын  бааз байгуулсан малчин залуус болох Гэрэлт Нарс нарын унааны морио жуулчдад унуулж, ашиг орлого олохоор замнасан зам байлаа.

        - Хамгийн анх бид манай багийн зүүн талд байрладаг жуулчны баазад унааны морио хөтөлж очоод жуулчдад унуулдаг байсан. Тэр үед үнэ ханш бага. Ойролцоо газар тойроод ирэхэд  2-оос 3 юань, нэг цаг унавал 10 юанийн төлбөр хураадаг байв. Тухайн үед жуулчид ч цөөн байснаар тав зургаан мориор жилдээ 1000-аад юанийн орлого олдог байсан гэж малчин Нарс бидэнд тухайн үеийн нөхцөл байдлаа ярив.

        Өнөөдрийн хувьд 1000-аад юанийн орлого нь багад тооцогдох боловч, тэр үедээ нэлээд зүгээр санагдаж байсан юм. Анх ийнхүү унааны мориороо жуулчдад үйлчлэн орлого олж байсан тэр хоёр энэ төрлийн ажилд улам сонирхолтой болж, жил жилийн зуны улирал морилон саатахад унааны морьдоо барьж аялал жуулчлалын баазуудаар очиж, жуулчдад үйлчилдэг болсон байна. 2006 оноос эхлэн тэд аялал жуулчлалын баазаар хэсэхээ больж, нутгийнхаа ойролцоо байрлах Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан Жү Рүнжигийн дурсгалын хөшөөний дэргэд тусгай морь унуулах цэг байгуулсан юм.

        Аялал жуулчлалын  газраасаа яагаад тэнд шилжсэн тухай нь асуухад, “Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг газраас морилон саатсан жуулчид болон хошуу суурингийн хүмүүс энэхүү дурсгалын хөшөөг үзэхээр олонтоо ирдэг. Мөн эндээс хөдөө нутгийн тансаг байгалийг таалан сонирхдог. Тиймээс бид энд морь унуулах газар байгуулсан” гэв.

        Аялал жуулчлалын салбар жилээс жилд хөгжиж, Гүнбулагийн тал нутагт зочлох хол ойрын жуулчид  өдөр тутамд олон болоход малчин Гэрэлт ч жил бүр унааны морь сурган жуулчдад унуулахаар бэлтгэх болсон байна. Одоогийн байдлаар жил бүр 20-иод унааны морь барьж, жуулчдад унуулан 100-аад мянган юанийн ашиг орлого олдог болжээ.

Ийнхүү адуундаа хайртай Гэрэлт Нарс нар адуугаа өсгөн үржүүлэхийн хажуугаар аялал жуулчлалын бааз байгуулж жуулчдад морь унуулж,  зуны улирлын хоёрхон сард 20-од унааны мориороо 100-аад юанийн орлого олж талын гүнд исгэрч явна...

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл