Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Баянбулаг багийн Наранмандал гэх туранхай өндөр биетэй, намуун тогтуун зантай уран оёдолчин. Тэрээр Шилийнхотод монгол хувцасны оёдлын газар нээн ажиллуулж, нарийн нямбай оёдлоороо хэрэглэгчдэд танигдан, 2006 онд ӨМӨЗО-ны Соёлын танхимаас “Монгол үндэстний хувцас загварын уламжлагч”, “Монгол үндэстний хувцас загварын цуглуулагч” хэмээх яруу алдар хүртээж, монгол үндэстний хувцас загварын ур ухааныг өвлөн уламжлах дархан хариуцлагатай оёдолчин болжээ.
Ажил үйлс эрхэлсэн анхны зам
Өнө өргөн Үзэмчин нутгийн өрцөд төрж өссөн Наранмандал малчин заяа түшиж мал аж ахуйн үйлдвэрлэлд гавшгайлж залуучуудынхаа дуурайл болж байжээ. Тэрээр 1995 онд Намын төрийн бодлогын уриалгаар Лувсандоржийн хамт 233 га талбай нутаг бэлчээрээ битүүмжилж, өөрийн 500 гаруй малаа садныдаа найдан үлдээж, хот орж арилжаа наймаа хийх анхны сонголтоо хийжээ. 70 мянга гаруй юанийн хөрөнгө оруулан Баянхуа суурингийн төвд 170 гаруй кв.м талбайтай байшин барьж, “Таван хана” зочид буудал нээсэн юм. Таван жилийн дараа дахин 150 мянган юанийн хөрөнгө оруулан өргөтгөж, 2000 он болоход томоохон хэлбэрийн хоолны газар, зочид буудалтай болж, малчин хүний бор ухаан, хөдөлмөрч зан, үнэнч итгэлээрээ өрсөлдөөний захад орон зайгаа олж билээ.
Охин Зунаагаа Шилийнгол аймгийн монгол хүүхдийн цэцэрлэгт суралцуулахаар 2002 онд Наранмандал нөхөр охины хамт Шилийнхотод нүүн ирснээр Нарнамандал дахин арилжаа хийх зах хайх шаардлагатай боллоо. Тэрээр 2 дахь удаагийн сонголтоо удам залгасан Үзэмчин монгол оёдлоо сонгожээ. Өөрийн гэртээ монгол хувцас урлан оёж таньж мэддэг хүнээрээ дамжин зах зээлд гаргахаас эхэлжээ. 2005 онд Шилийнхотын Бэйсийн сүмийн худалдааны Баруун соёлын захад 45 кв.м байр түрээслэн “Таван хана” монгол хувцасны дэлгүүрээ нээж, Үзэмчин нутгийн уламжлалт хувцсаараа голлон хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн нутаг нутгийн монгол хувцас оёх, тайзны урлагт зохицсон монгол хувцас, шинэ маягийн монгол хувцас ч оёх болсон байна.
Өвлөж залгамжилсан ур ухаан, мэргэжил
“Урын сан” хэмээн алдаршсан Үзэмчин нутагт уран бүсгүйчүүд захаасаа аваад байх бөгөөд охиноо багаас нь үйл утсанд дасгаж сургадгаас Наранмандал ч бага байхын ээжээсээ оёдол сурсан байна. Дээл, зувцаа, тэрлэг, цамц, малгай, гутал, энгэр заам, зайц сумны эмжээр чимхээр, баруун солгой зүү ороох, утас хагалж оёх, алд мөнгөн утас даруулах, шүр сувд даруулах, угалз хатгах зэрэг уламжлалт гар оёдлыг сайн оёж чадахаар барахгүй дээвэр, туурга, царваг, толгойвч, өрх, хөлтрөг, ширдэг, тойруулга, оосор, бүслүүр, аяганы уут, эмээлийн тохом, ишиг хурганы дагт зэрэг уламжлалт эсгий оёдол болон шүүлэх, элдэх, утах, эсгэх, зүйх зэрэг уламжлалт арьсан оёдол ч сурч эзэмшжээ. Энэхүү өвлөж залгамжилсан ур мэргэжил, ухаан нь Наранмандалын үйлсийн аянд жолоо болж, түүний уран сэтгэмж, оролдлого хичээл зүтгэл ажил үйлс нь өөдтэй өнгөтэй, үлэмж ашиг орлоготой байна. Түүний оёсон хувцас Франц, Япон, Монгол Улс болон Бээжин, Тяньжинь, Гуанжөү, Шэньжэнь зэрэг улс орноор борлуулагдаг ба 2007 онд Наранмандал Австрали, Шинэ Зеланд зэрэг улсаар тойрон суралцаж монгол хувцсаа харь гүрэнд таниулсан байна.
Наранмандал хот орсон малчиддаа дуурайл болж хотол олондоо шагшигдаж явахад нам засгаас ч түүнийг өндөр үнэлсэн байдаг. 2007 онд Баруун Үзэмчин хошууны 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчөөр сонгогдон, 2010 онд Баруун Үзэмчин хошууны “Тал нутгийн эгч дүүсийн бизнес эрхэлсэн арван шилдэг”-ийн нэгээр шалгарч, 2011 онд “Уранаа” хэмээх гэрэл зургийн бүтээл нь Баруун Үзэмчин хошууны анхны гэрэл зургийн тэмцээнд гуравдугаар байранд оржээ. 2014 онд Баруун Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн холбоот хурлаар олгосон бүх хошууны “Магтаалтай гэр бүл”-ийн яруу алдраар энгэрээ мялаалгасан ба Өвөр Монгол буюу аймаг хотоос зохион байгуулсан монгол хувцасны тэмцээнд олон удаа оролцож, олон ч удаа шагнал хүртэж байжээ.
Уламжлан сургах дархан хариуцлага
Шилийнгол Аймгийн ардын урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Баруун Үзэмчин хошууны Гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн зэрэг тушаал үүрэглэж яваа Наранмандал “Таван хана” тусгай барааны эрх авч, 2007 онд 300 мянган юаниар Бэйсийн сүмийн худалдааны Баруун соёлын захад 100 гаруй кв.м худалдааны байшин авч, “Таван хана” монгол хувцасны газраа өргөтгөн байгуулж, шавь хүмүүжүүлжээ. Түүний 4 шавь одоо биеэ даасан уран оёдолчин болж, оёдлын газар ажиллуулж байгаа аж. Наранмандал 2012 онд урилгаар Баруун Үзэмчин хошуунд хүрч, уламжлалт үйл оёдлоо нутаг усныхаа эгч дүү нартаа зааж, 10 гаруй хүнд үйл оёдлын дэмийг эзэмшүүлжээ. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 1-ээс Шилийнхотын монгол үндэстний 2 дугаар бага сургуулийн сонгон ангид 7 хоног бүр нэг удаа хичээл орох үүргийг хүлээн авчээ.
Уламжлагч гэдэг алдар нэрдээ осолдохгүй гэж монгол хувцасны ур ухаан, мэргэжил, соёл заншлаа нандигнан хайрлаж, түүнийгээ уг хэвээр нь хүүхэд дүү нартаа уламжлуулахаар бие сэтгэлээ зориулж яваа Наранмандал “ӨМӨЗО-ны монгол үндэстний хувцас загвар” хэмээх 29 бүлэгтэй номын “Үзэмчин хувцас загвар”-ын хэсгийн эхийг найруулахад оролцож, Үзэмчин хувцас загварын оёдол, урлалыг системтэйгээр тайлбарлан танилцуулахад хувь нэмэр оруулж байна.
Наранмандал энэ жилийн 5 дугаар сард Шилийнхотоо төлөөлж, нэг сарын хугацаатай зохиогдсон Хятадын биет бус соёлын өвийн уламжлагчийн сургалт — ӨМӨЗО-ны “Монгол үндэстний хувцас загвар”-ын төсөлд оролцож, нутаг нутгийн монгол хувцас загварын урлал, оёдол, хэв маягтай танилцахын зэрэгцээ нутаг усныхаа хувцас загвар соёлыг сурталчилж, харилцан туршлага солилцсон бөгөөд 6 дугаар сарын дундуур Шилийнгол аймгийн 2 дахь удаагийн монгол үндэстний хувцас загварын өвлөн уламжлагчийн сургалтад оролцож, хүүхэд залуучуудад Үзэмчин нутгийн уламжлалт хувцас загварыг урлах талаар заан сургаж, өвлөж уламжлах үйлсээ өөд нь татаж явна.


