
“Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” тэмцээний мэргэжлийн бус дуулаачдын шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар 5 дугаар сард зарлаж, 6 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шалгаруулалтаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотын аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулсан. Өвөр Монголын Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулгын албанаас санаачлан Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Хөгжимт драмын театруудтай хамтран зохион байгуулсан тус тэмцээн нь Дундад, Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа, соёл урлагийн солилцоог өргөжүүлэх, ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах зорилготой аж.

“Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” тэмцээний эхний шатанд шалгарсан 9 оролцогч эцсийн шатны шалгаруулалтын гала концертод оролцохоор 2015 оны 7 дугаар сарын 17-21 Өвөр Монголын ШББХ-ны Алтан-Эмээлийн Залуучууд төвд айлчиллаа.

Тэмцээний хүүхдийн хэсэгт Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын 6 дугаар сургуулийн 5 А ангийн сурагч Эрдэнэтуяагийн Чинхүслэн түрүүлж бэлэн мөнгө 3000 юань гардсан бол хоёрдугаар байранд Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн 11 Б ангийн сурагч Байгалмаагийн Оюун-Эрдэнэ тодорч, гуравдугаар байранд Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн сурагчдын “Queens” хамтлагийнхан удаалжээ. Мөн насанд хүрэгчдийн тэмцээнд Монгол Улсын Дорнод аймгийн СУИС-ийн Соёл иргэншил судлалын 3 дугаар курсийн оюутан Амгалангийн Ганзул нэгдүгээр байр, хоёрдугаар байранд Энхболдын Эрдэнэбилэг, Нямаагийн Хулан нар тодорч, гуравдугаар байранд Дамдингийн Өлзийбат, Энхмаагийн Аззаяа,Энхжаргалын Ундармаа нар шалгарлаа.
“Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” тэмцээн Дундад, Монгол хоёр улсын орон нутгийн иргэдийн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэн, хятад хэл сурах сонирхолтой Монгол Улсын иргэдийн сурах тэмүүллийгнь чангалж чадлаа. / Мэдээг бэлтгэсэн: Цэнгэл /


