
Сүүлийн жилүүдэд Эвенк хошууны Шинэхэн сумын Буриад монголчуудын дунд үе тэнгийнхний шинэлэх заншил бий болж, ажил амьдралаас болоод удаан хугацаанд уулзаж чадахгүй найз нөхөд, хөрш айлаараа хамтран “шинийн золголт” хийдэг болжээ.
2016 оны цагаан сарын шинийн дөрвөнд үе тэнгийнхний болзоо уламжлал ёсоор болж, санаа нийлсэн хүмүүс Эвенк хошууны Шинэхэн зүүн сумын Мөнгөнтуяа гацааны малчин Хамсүрэнгийнд хуран цугларч, улаан бич жилийн “Үе тэнгийнхний шинийн золголт”-оо хийсэн байна.
“Ёс ёмбогор төр төмбөгөр” гэдгээр найрын ширээнд саатсан зочид идээ будаанаас амсаж харилцан сархад барьсны дараа Буриадуудын уламжлалт наадам “Бөгж нуух” тоглоомыг тоглосон байна. Бөгж нуух тоглоомыг хоёр баг болон тоглодог бөгөөд баг бүрээс нэг бүсгүйн бөгжийг өөрийн багийн хүмүүстээ дамжуулан өгсний дараа хэн нэг нь өөрийн гартаа бөгжийг нууна. Дараа нь нөгөө багийнхан бөгж нуусан хүний нүүрний хувирал, үйл хөдлөл, үг яриаг үндэслэн бөгж хэнд байгааг таана. Ялагдсан баг нь дуу шүлэг өргөж, буруу таасан бол таасан тал дуу шүлэг өргөж тоглоом үргэлжилнэ. “Үе тэнгийнхний золголт” болохоор санаа зовох зүйлгүй наадам тоглоом хийж, тоглоомд оролцсон томчууд дахин бага насандаа буцсан мэт нааддаг аж.

- Бидний золголтод багын найз, нэг ангийнхан, хөрш саахалтынхан цугладаг болохоор ярих яриа, сэтгэх зүйл нэг, чөлөөтэй сайхан байдаг юм. Энэ жил бидний золголт “хуралдай” шиг болж, аж амьдралынхаа талаар “зөвлөлдөх, туслах” гэх мэтийн шинэ өнгө төрх нэмэгдсэн. Хойшид энэхүү заншлаа цагаан сар бүрээр үргэлжлүүлнэ гэж цөөн бус найзууд маань санал гаргаж байсан гэж Эвенк хошууны төв Баянтохойд ажиллаж амьдардаг Балдандорж ярисан байна.





