solongonews
Гурван одтой жуулчны бааз
2016-08-18 16:06
— Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Загастай багийн малчин С.Хөгжилтийн “Тулай хан” Үзэмчин адуун соёлын жуулчны баазын тухай

        Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Загастай багийн малчин С.Хөгжилт тус хошууны “Соёлын жишээч өрх” бөгөөд түүний нээсэн жуулчны бааз нь ӨЗО-ны гурван одтой жуулчны баазаар үнэлэгдлээ.

        Багаасаа адуунд хайртай тэрээр Шилийнхотоос Баруун Үзэмчин хошуу хүрэх замын ойролцоо “Тулай хан” Үзэмчин адуун соёлын жуулчны бааз байгуулж, өндөр үр ашигтай ангис үхрийн суурин, Үзэмчин хонь маллах суурин зэргийг нэгтгэн бүтээн байгуулжээ. Гүү сааж айраг исгэх сууриндаа 100 гаруй гүү хашаалж, 5 монгол гэр барьж, 10 хүн ажиллуулдаг байна. Өдөрт 250 гаруй литр айраг исгэн жуулчдын хэрэгцээг хангаж, хошуу нутгийнхаа ойр зэргэлдээ буюу Хөххот, Тунляо, Улаанхад хот, Ар Хорчин хошуу, Баарин, Шилийнхот зэрэг газраар борлуулж байна. Жуулчны баазад 17 монгол гэр барьж, хөдөө нутгийн цэвэр сайхан цагаан идээ, мах, шинэ сайхан айргаар дөрвөн зүгийн зочдыг зочилж, жуулчдад зориулан 10 гаруй морь барьж, хүүхдийн наадам тоглоомын газар, үдэшлэгийн тайз гээд бүгдийг бэлтгэсэн байна. “Тулай хан” үндэстний зан үйлийн үзэсгэлэнгийн төвдөө адууны дэл сүүлээр томсон дээс, гүрсэн морины олом, суран ногт чөдөр, эмээл, эсгийгээр хийсэн цүнх, эсгийн аяганы хайрцаг, тулам, тэрлэг хувцас, тамхины гаанс, тамхины уут, сувд шүр, модон сав суулга, модон өлгий, нум сум, Чингис хааны үеийн дайн байлдааны сийлмэл модон зураг, Хубилай хааны үеийн хэрэглэж байсан монгол үсэг бичиг ба түүх уран зохиол, шинжлэх ухаан техник технологийн болон мал аж ахуйн арчилгаа маллагааны тухай ном дэвтрүүд дэлгэн тавьжээ.

        С.Хөгжилт ингэж адуун соёл болон аялал жуулчлалыг хослуулан малчин айл жуулчны бааз нээж ажиллуулаад 20 гаруй хүнд ажил олгож, нутаг усныхаа хүмүүст үлгэр дууриал үзүүлэн, чинээлэг амьдралаа босгож явна.

Зохиогч: Чилинь
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл