solongonews
Цагаан сарын дуулал
2016-02-22 09:58
цагаан сарын уур амьсгал хамгийн өргөн байгаа нь манай хөдөө нутагт л байлаа.

Жилийн жилд айл хотлоороо найрлан цугларч, хуучин жилээ үдэн мордуулж, шинэ жилээ угтах цагаан сар мөнгөн өвлийн сүүлийг шувтран хүрч ирсэн байна. Хот балгасны гудамж талбайг өнгө өнгийн гэрлээр чимэглэж, цагаан сарын уур амьсгал орно. Гэхдээ цагаан сарын уур амьсгал хамгийн өргөн байгаа нь манай хөдөө нутагт л байлаа.

Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий сумын Турам гацааны Гэрэлцогтынх хөөр наргианаар дүүрэн шинийн хоёрны өдрийг угтан авлаа. Гэрэлцогтынх үүр цайхаас өмнө эртлэн босож хонь малаа бэлчээж, цайгаа чанаж, чанасан мах, бууз баншаа бэлэн болгож, монгол хувцсаараа гоёж, Сайханталаас зочлон ирэх гэж байгаа хүүхдүүдээ хүлээн сууна. Хаврын урь орж, өдөр ирэх тусам дулаарч, хөдөө талд хэсэг хэсэг л цас цайран харагдана. Ес арван цагийн үед тэртээ холд нэгэн машины бараа харагдахад “Хүүхдүүдийн минь машин мөн үү биш үү?” хэмээн Гэрэлцогт гуай хөмсгөө зангидан нүдээ анивчин холыг бараална. Зайтай байсан машин нарны гэрэл дор нэгэн гялс цэг болж, тэднийх зүг аажим ойртов.

Харж санаж байсан хүүхдүүд нь өөрийн гэр бүлтэйгээ хамт хүрэлцэн ирлээ. Нялх нярайгаа дагуулж ирсэн байна. Настан буурлуудын хувь үүнээс илүү баяр өөр юу байх вэ? Хүүхдүүд нь уламжлалт монгол ёсоороо хадагтай хүрэлцэн ирж ахмадтайгаа золгоно. Гэрэлцогт гэргийн хамт гал тогооны өрөөндөө мунгинаж аль сайхнаа гаргаж ширээ дүүрэн өрж, амарч суух завгүй гүйлдэнэ. Бүгд ширээ тойрон сууж, шинийн идээнээс амсаж, ахмаддаа сархад барьж, сайн сайхан ерөөлөө дэвшүүлнэ. Томчуулын яриа хөрөө, хүүхэд нялхсын инээх, уйлах дуун талын дээр тэнгэрийн дор хангинах цагаан сарын баярт дуулал аж.

Хөдөө нутгийн цагаан сар өнгө өнгийн гэрэлтүүлэг байхгүй ч шинийн нарыг угтан униартах аргалын утаа бий. Зөрөлдөн сүлжилдэх олон машин байхгүй ч талыг сэргээх хурга ишигний майлалдах дуун бий, хүнээр дүүрэн хоолны газар байхгүй боловч хамгийн сайхнаа өрж тавьсан гэрийн хоол бий, өндрөөс өндөр барилга байшин байхгүй ч алс газар аж төрөн амьдарч суралцаж байгаа хүмүүсийн дулаан бүлээн гэр бий, хүүхдээ хүлээн суугаа аав ээж ахас захас бий …

 

Зохиогч: Хайраа
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл