solongonews
Малын хишигтэй үйлсийн гараа
2016-09-29 10:13
Малчин Ерөөлтийг тэмдэглэв.

   Хүний өвчин эмнэх эмнэлгийн газар гэгч хот суурин гэлтгүй холын цэнхэр хөдөө нутгаар борооны мөөг шиг түгсэн нь үнэн. Гэсэн хэдий ч малчин ардын амин түшиг болсон мал сүрэгт нь эмнэлэг байгуулж өглөө гэсэн мэдээг та бүхэн дуулж байгаагүйн дээр өөрийн хадгаламжийн мөнгөө харамгүй хандивлана гэдэг нь тэмүүлэгчдийн үйл ажиллагаа байж таарна. Ажил үйлсээ эрхэмлэн дээдэлдэг халуун сэтгэл л хамгийн тэргүүнд хувиа хичээх бодлыг орхигдуулсан учиртай. Ийм хүмүүсийн нэг гишүүн нь даруй малчин залуу Ерөөлт болно.

     Авга хошууны Хонгор гол суурингийн Хашаат багийн малчин Ерөөлтийнд бид хүрлээ. Ерөөлтийн байшин хананаас шал хүртэл нүүр харагдмаар цэвэр цэмцгэр. Эндээс айлын аж амьдрал өөдтэй байгаа нь илхэн. Өрөө дүүрэн орчин үеийн шинэ эдлэл хэрэгсэл нь хотын байшингаас ч илүү гоёмсог харагдлаа. Гэсэн хэдий ч миний анхаарлыг хамгийн их татсан нь харин түүний 84 кв.м “Малын эмнэлэг” байлаа.

     - Хошууны улс төрийн зөвлөлөөс бидний багийг хариуцан 20 мянган юаниар дэмжсэн бөгөөд багаас 80 мянган юанийн хүүгүй зээл олгосон. Тэгээд энэхүү эмнэлгээ байгуулсан. Энэ жил бид нийт 85 бод бог малд мэс засал хийсэн бөгөөд эх мал болон төл малыг аварсан гэж Ерөөлт бидэнд эмнэлгийнхээ тухай танилцуулж байлаа.

85 малд мэс засал хийхэд тоног төхөөрөмж, нөхцөл муу бөгөөд саяхан байгуулагдсан эмнэлгийн хувьд тун хялбар бус. Ерөөлт 10 жил малын эмчийн ажил  хийхдээ тугаллахад хүндрэлтэй 181 үнээнд хагалгаа хийж, 155 үнээ нь засал авсан бөгөөд үхсэн буюу дутуу гарсан 20 тугалаас гадна 161 тугал эдгэсэн байжээ. Үүнийг одоогийн зах зээлийн малын үнээр тооцвол 1.5-2 сая юанийн үнэ өртөг хүрэх аж.

     Хар багаасаа сурч судлах дуртай Ерөөлт сургууль соёлын мөр хөөж, эрдмийн өндөр оргил өөд мацах бодол байсан ч ар гэрийн аж амьдрал гээд аяны жолоогоо татаж, 13 настайдаа сургуулиас гарч мал захдаж малчин заяа түшжээ. Тэрээр мал унаандаа аргагүй хайртай учир мал сүргээ өвчин эмгэгээр үхэж шархдахад сэтгэл шимширч явдаг билээ. Тухайн үед Цэнрэв гэх малын эмчийн мал эмчилж буйг хараад Ерөөлт малын эмчилгээний ухааны тухай ойлголттой болсон байна. Цэнрэв эмчийн Ерөөлтөд үлдээж өгсөн номууд нь түүний малын анагаах ухаан сурч судлах анхны “багш” болсон байлаа. Үүнээс хойш Ерөөлт бас хошууныхаа мал аж ахуйн салбар болон Шилийнголын Мэргэжлийн болон Техникийн сургуулиас зохион байгуулсан тусгай сургалтад оролцох, мэргэжлийн багш нарын удирдлагаар эмчилгээний мэргэжил нь ихэд дээшилсэн байна. Ингээд ном бичгээс сурах, амьдрал дээр үйл хэрэг болгож Ерөөлт нутаг усандаа алдартай малын эмч болж явсан юм.

     Сүүлийн хэдэн жил төрийн бодлогын өөрчлөлтөөс Авга хошууны малчид хонио цөөн болгож үхэр их малладаг болсон байна. Ерөөлт нутаг усныхаа үхрийн үүлдэр сайжруулах ажилд шаламгайлан, сайн үүлдрийн үхрийн үнэ цэнийн тухай шинэ ойлголттой болжээ.

     “Сажилж явбал хүрнэ, санаж явбал бүтнэ” гэдгээр 2001 онд Ерөөлт симентар үүлдрийн тугалтай 4 үнээг нэг бүрийг 1500 юаниар худалдан авч, малын үүлдэр сайжруулах ажлыг эхлүүлжээ. Анхны жил хээлтүүлгийн хугацаа нь түүнд тулгарсан хамгийн их бэрхшээл болжээ. “Тулж ирсэн бэрхшээлийг тойрч гардаггүй” гэдгээр Ерөөлт Шилийнхотоос гар хээлтүүлгийн мэргэжилтэн урьж, 9 үнээндээ гар хээлтүүлэг хийлгэснээр 7 эрүүл тугал тоссон байна. Үүний зэрэгцээ сурахад халшрахгүй Ерөөлт урьж авчирсан гар хээлтүүлгийн ажилтнаас хээлтүүлгийн мэргэжил сурсан бөгөөд хожмын жил бүрийн хээлтүүлгийн ажлыг өөрөө хийх болсон юм. Ингээд нэг мэдэхэд гар хээлтүүлгийн мэргэжилтэн болжээ.

     Сурсан мэдлэгийг шалгах өргөн тавцан бол практик. Түүний шүдлэн гунж нь тугалж чадахгүй байдалд хүрч, шууд мэс засал хийх аргаар үнээ тугалаа мэнд гаргасан юм. Энэ явдал нь мөн түүнд их урам өгч зэргэлдээ айл өрх, хот усандаа уригдан залагдах болж, хожим нь бүр хүний нутаг хөндлөн газруудаар мал эмнэн явах болжээ. Ерөөлт мал сүргийн үхэл хорогдлыг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд өөрийн эмнэлгийнх нь хүчин чадал дээшилж, алдар нэр нь хол ойрдоо хүлээн зөвшөөрөгдсөн байна.

    Ерөөлтийн мэргэжил чадвар сайжирсан ч хичээнгүй даруу байдал нь олон түмний хүндэтгэлийг хүлээдэг. Одоо малчид гар утас эсвэл вичатаар Ерөөлттэй холбоо бариад өөрийн малын өвчинг Ерөөлтөд хэлбэл тэрээр олон жилийн туршлагадаа түшиглэн оношилж, жор бичиж олон малыг эмнэдэг ч болжээ. Ерөөлт үргэлж ард олондоо тусалж ашиг хүртээхийг боддог бөгөөд нэг багийнхаа малчдын мал эмнүүлсэн зардлыг 40 хувиар хямдруулдаг байна.

      - Нэг удаа өдөрт 8 малд түргэн эмчилгээ хийх хэрэгтэй болсон. Тэгээд 4-ийг нь өөрөө эмнэж, бусад 4-ийг нь Шилийнхотоос тусгай эмч урьсан. Шилийнхотоос эмч урихад зардал их байх нь мэдээж. Гэсэн хэдий ч манай малчид мал сүргээ юу юунаас ихээр хайрладаг учир малынхаа өвдөж зовохыг хараад хэдэн төгрөгний төлөө эмнэхгүй байна гэж үгүй хэмээн Ерөөлт ярьж байв.

   Түүний мал эмнэлгийн мэргэжил дээшилж сайжирч байсан ч сурч судлахаа үргэлжлүүлсээр байлаа. Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулийн Мэндбаяр багш, тэтгэвэртээ гарсан ахмад малын эмч Балж зэрэг багш эрдэмтэд Ерөөлтийн багш юм. Ерөөлтийн сүүлийн хэдэн жилийн мал унаа эмнэж зассан түүхийн тухай тоочвол:

    2008 онд Балж багшийнхаа Зүүн Үзэмчин хошууны Эх булаг багийн саалийн үнээний мал аж ахуйн талбайн симентар үнээний ивэрхий өвчинд засал хийж эрүүлжүүлжээ. Шулуунхөх хошууны Нарт суурингийн Баянмэнд багийн тугал нь үхсэн үнээг эмнэсэн. 2013 онд Баян туг суурингийн Баяндэлгэр багийн залуу малчин Мухлайн хайртай хурдан морины уушгины өвчинг утаж, зүү тавихыг хавсарган эмнэж эдгээжээ. 2014 оны хавар Хишигтэн хошууны Дархан-Уул суурингийн хурганы түргэн үхлийн аймшигт өвчнийг өөрийн найруулсан эм сүүн тарилгаараа эмнээд 500 гаруй төл малыг үхлээс аварсан байна.

     - Манай гэргийг Сарантуяа надад маш их тусалдаг эмч. Эмчилгээ хийх хэрэгтэй мал олон болоход  малд эм савлах болон ариутгал хийх ажил зэргийг хийдэг гэж Ерөөлт эхнэр Сарантуяагаа бидэнд танилцууллаа.

Ерөөлт мөн ажлынхаа гараанд ганзага дүүрэн явахдаа “Сайхан гэр бүл”, “Малын үүлдэр сайжруулсан тэргүүний хувь хүн” зэрэг олон яруу алдраар энгэрээ мялаалгажээ.

     - Энэ эмнэлгийг байгуулахад нийт 120 мянган юань зарцуулсан. Гэсэн хэдийн ч эмнэлгийн багтаамж бага байгаа нөхцөл байдлаас болж хаврын төл тосох улиралд эм савлах өрөөг хурга тугал дүүргээд алхах зайгүй болгодог. Мэс заслын багаж хэрэгслийн ихэнх нь хуучирсан учир шинийг худалдан авах хэрэгтэй. Үүнээс гадна малын өвчнийг оношлох тусгай химийн шинжилгээ хийх багаж хэрэгсэл, рентген, ЭХО зэрэг тоног төхөөрөмж дутагдаж байна. Хэрвээ эдгээрийг бүрэлдүүлж чадвал малын өвчнийг оношлох талаар илүү шинжлэх ухаанч байж чадна гэж ирээдүйн ажлынхаа тухай ярлаа.

     Үйлс бүтээхэд их сургуульд боловсрол хүртэж, өндөр эрдмийн зэрэг авснаар болдог биш. Өөрийн дур сонирхол бөгөөд өөрөө сурч судалдаг л юм бол шинийг санаачилж шижир үйлсийг цогцлоож болно гэдгийг малын эмнэлэг байгуулсан Ерөөлтийн үйл хэрэг гэрчилжээ. Өргөн уудам хөдөө нутаг бол үйлс босгох өргөн тавцан аж. Үйлсээ гэсэн олон залуус маань Ерөөлт шиг зорьсон зүгээ зогсолгүй мэрийж байвал үйлсийн зам өмнө дурайна гэдэгт итгээрэй.
 

Зохиогч: Эрдэнэбилиг
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл