
Зуны сайхан улирал хөдөө нутагт саатахад тал нутгаар аялан зугаацаж сэтгэлээ сэргээхээр Бээжин, Тяньжинь ба Хэбэй зэрэг газрын хүмүүс Гүнбулагийн тал нутгийг зорин ирдэг. Энэ нь тус нутгийн малчид аялал жуулчлалыг хөгжүүлэн орлогоо нэмэгдүүлэх нэгэн шинэ замыг нээсэн байна.
Гүнбулаг сумын Бумбан багийн Тай Шэнь Юань малчин айлын аялал жуулчлалын газрыг уг багийн малчин залуу Оюундалай 2008 онд анх нээжээ.
- Жуулчны газрыг анх байгуулахад маш жижиг, 3-4 монгол гэртэй байсан. Сүүлд энд ирэх жуулчид олширч түүнийг дагаад жуулчны газар ч жилээс жилд өргөжсөөр 10 гаруй монгол гэртэй болж, 300 гаруй зочдыг нэг дор хүлээн авах хүчин чадалтай болсон. Энэ жил стандартад нийцсэн байшин барьснаас хойш зочид олон болж байгаа. Мөн жуулчид 2-3 өдрөөр амраад буцдаг талаар Оюундалай ярилаа.
Сүүлийн жилүүдэд жуулчид олон болсонтой холбоотой Оюундалай энэ жил нэлээд их хөрөнгө оруулж, 17 өрөөтэй стандарт байшин барьж, ариун цэврийн өрөө, угаалгын өргөөг иж бүрэн болгожээ. Оюундалай:
- Энэ жилийн жуулчид өнгөрсөн жилээс их байна. Бид өдөрт 150 гаруй зочин хүлээн авдаг гэлээ.
Жуулчны газар нээгээд 8 жил болсон Оюундалайн орлого ч 350 мянган юаньд хүрсэн байна. Мөн тус багт байрлах “Номин тал зуслан” малчин айлын жуулчны газар энэ жилийн 7 дугаар сард нээгджээ. Дөрвөн монгол гэр, дөрвөн өрөө байртай уг жуулчны газар нь 40-өөд өдрийн дотор 50 мянган юанийн орлого олжээ.
- Манайх жуулчны газраа энэ жил шинээр нээсэн. Сүүлийн үед жуулчид улам нэмэгдэж байгаа талаар эзэн нь ярьж байв.
Бумбан баг нь хошууны төвөөс ойрхон. 207 улсын зэрэглэлийн замын ойролцоо байрладаг давуу талтай. Багийн 20 гаруй малчид жуулчны газар нээн ажиллуул байгаа бөгөөд хошууныхаа малчны жуулчны газрын хагас орчим хувийг эзэлдэг. Малчны жуулчны газар олширсноос малчдын хонь мал, цагаан идээ зэргийн борлуулалт сайн байдаг ба жуулчдад морь унуулах зэрэг ашиг орлого олох олон арга замыг нээсэн байна. Бумбан багийн малчин Гэрэлт зуны улирал болоход жуулчдад зориулан 20 гаруй морь барьж унуулан, жилд 100 мянган юанийн орлого олдог байна.
Сүүлийн жилүүдэд Гүнбулагийн малчин айлын аялал жуулчлал маш хурдтай хөгжиж, хошууны хэмжээнд 50 гаруй малчин айлын жуулчны газартай болжээ. Эхний хагас жилд жуулчдын тоо 153 мянгад хүрч, мөн үеэс 11.1 хувиар нэмэгдсэн бол аялал жуулчлалын орлого 76.50 сая юаньд хүрч, мөн үеэс 20.5 хувиар нэмэгджээ.
Энэ нутгийн малчид аялал жуулчлалын газар ажиллуулахдаа суртал ухуулгын ажлыг сайн хийдэг бөгөөд жуулчдад зориулан “гэр бүлийн аялал”-ыг зохион өгч, зугаа цэнгээний агуулгыг баяжуулах зэрэг олон талын бодитой арга хэмжээ авч, аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
