"Хятад улсын цаа бугын нутаг" хэмээн алдаршсан Олгуяагийн Эвенк үндэстний шянь нь Хөлөнбуйр хотын Гэгээн гол хотын хилд байдаг. Цаа буга, ойн үндэстэн гэвэл хүмүүст маш сонирхолтой санагдах нь дамжиггүй байх. 8 дугаар сарын 26-ний өдөр бидний сэтгүүлчдийн баг энэхүү эчнээ нууцгай ойн үндэстний орчин үеийн амьдрал үйлдвэрлэлтэй танилцах хүсэлдээ хөтлөгдөн, тухайн орон нутгийн сэтгүүлч нарын замчилснаар шугуйт орон зүг чиглэв.

Бидний суусан машин Гэгээн гол хотоос гарч авто замаар нэлээд аялсны дараа хөвчийн ойн дундуур шороон замыг өлгөж авлаа. Алгуурхан урагшлах машины цонхыг нээвэл, цэвэр тунгалаг агаар цээж онгойлгоно. Замын хоёр хажуугаар нарсан мод жигдэрнэ. Хааяа нэг цэцэг дэлгэрсэн үзэсгэлэнт төрх нүдний өмнө дэлгэгдэнэ. Шугуйт орны цэнхэр хөх тэнгэр, хөвөн цагаан үүлс, жигдрэн боссон ой хөвч, цэвэр агаар нь яасан таатай. Энэхүү "Ертөнцийн гаднах хүрээлэн" гэмээр энэ нутгийн эзэн Олгуяагийн эвенкчүүдтэй удахгүй уулзана гэж бодохоос бидний сэтгэл догдолж байлаа. Ийнхүү бидний суусан машин 40 гаруй километр аялаад ойн гүнд амьдардаг Бү Дүншягийин анчны чигт хүрэв.
Хөвч ойн дунд хөх утаа манаран, хэдэн майхны хажуугаар сүрэг цаа буга сүлжилдэн, модон хашаан дээр хэдэн хэсэг бугын арьс дэлгэж, хүрээн дунд байх модон ширээн дээр бугын арьсаар хийсэн жижиг гар урлалын бүтээгдэхүүн болон ховор хачин ойн бүтээгдэхүүн дэлгэсэн байна.
- Та нар маш азтай хүмүүс байна. Манай цаа бугын сүрэг бэлчээрээсээ өдөр бүр ирдэггүй. Бүр хэдэн өдрөөр ч буцаж ирэхгүй үе байдаг. Өнөөдөр харин бэлчээрээсээ ирчихлээ гэж Бү Дүншя бүсгүй яриа үүсгэн биднийг гэртээ урив.
Бү Дүншя анчны чигтээ нийт 100 гаруй цаа бугатай. Биднийг хүрсэн өглөө 20 гаруй цаа буга нь бэлчээрээсээ ирсэн байж. Бү Дүншя цаа бугаа тэжээхийн хажуугаар нарсан модыг унгатгаж, ялаа батганыг хөөнө. 2006 оноос эхлэн аялал жуучлалын бааз нээсэн Бү Дүншя анчны чигт зуны улирал болоход жуулчин тасрахгүй.

- Энэ жил манай анчны чиг 6000 гаруй жуулчин хүлээн авсан. Жуулчид ирэхэд захиалга авч үндэстний хувцас өмсгөн цаа бугатай зураг авуулдаг. Бугын цусан эвэр, бугын арьс зэргээ худалдана. Заримдаа жуулчид бидний амьдралыг сонирхох гэж хэдэн өдрөөр хамт амьдардаг. Энэ жил манайх 200 мянган юанийн орлого оллоо гэж Бү Дүншя ярив.
Олгуяагийн Эвенк үндэстний шяньд ийм анчны чиг 11 байна.
- Би буганууддаа онцгой хайртай. Ойн дунд цаа бугаа маллаж амьдарсаар салж хагацаж чадахаа больжээ. Шяниас бидэнд майхан, ор дэвсгэр, үндэстний хувцас, идээ ундаа хүртэл өгдөг. Өвлийн улиралд буганууд ч тэжээл бордоо хүргэж ирдэг. Гэтэл одоогийн хүүхдүүд ууланд гарах дургүй болжээ. Миний хүү энд ирээд хэдхэн өдөр болоод буцаад явна. Гар утас нь сүлжээгүй болоод байна гэнэ. Залуучууд ан агнах, хусны хальсан онгоц хийж чадахгүй болж. Эвенк хэлээ ч мэдэхгүй болж хэмээн Бү Дүншя сэтгэл зовно.
Олгуяагийн Эвенк үндэстний шяньд 300 гаруй эвенк иргэн суурьшиж, Хятад улсын 1200 гаруй цаа буга бүгд энд байдаг байна. 400 шахам жилийн өмнө Олгуяагийн эвенкчүүд Оросын Байгал нуурын сав газраас Өргөнө голын сав газарт нүүдэллэн ирж, Их Хянган давааны Гэгээн гол хотын хилд цаа буга тэжээж, ан агнан нүүдэллэн амьдарч байжээ. Орос улсаас нүүж ирснээр тэдний өмсөж зүүх, үг хэлд нь Орос им тамга үлджээ. Цаа буга бол тэдний гол зам харилцааны хэрэглээ ба аж ахуйн эх үүсвэр болно. 1965 онд Засгийн газраас тэднийг Цаатнаас Олгуяад нүүлгэн авчирсан боловч цаа буга нь гол төлөв хөвд болон мөөг иддэг болохоор анчид мөн ойд цаа бугаа даган нүүдэллэн амьдарч байв.
2003 онд Гэгээн гол хот нүүдлийн иргэдийн төслийг хэрэгжүүлснээс Эвенкчүүд шинэ сууринд нүүж оржээ. Бид Бү Дүншя анчны чигээс гараад Гэгээн гол хотын баруун дүүрэгт байрлах Эвэнкчүүдийн шинэ сууринд хүрэхэд жижиг тосгон нам гүм эчнээ сайхан харагдана. Машин унаа бараг харагдахгүй, хүн хар ч цөөн. Авто зам дагуу үндэстний онцлог бүхий хоёр давхар бор өнгөтэй хээнцэр орон сууц жигдэрч, зарим байшингийн захад цагаан даавуугаар бүрсэн майхан барьж, гудамж нь цэвэр цэмцгэр, айл айлын үүдэнд цаа бугын ашиг шимийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын бүтээгдэхүүн дэлгээтэй байв. Бид явсаар "Үү Линма цаа бугын бүтээгдэхүүний дэлгүүр" гэсэн хаягтай дэлгүүрийн үүдэнд хүрэхэд дэлгүүрийн эзэн Бү Жинлин цахилгаан өрмөөр ясаар бэлэг дурсгалын зүйл хийж байлаа.

Бү Жинлин гуай Эвенк үндэстэн. Тэрээр эхнэрийн хамт бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж хол ойрын жуулчдад борлуулдаг байна. Тэдний суурингийн нэгдүгээр давхарт бугын ясан сийлмэл, бугын арьсаар хийсэн цүнх, модоор хийсэн ханын зураг зэрэг олон зүйлийг дэлгэжээ. Хоёрдугаар давхарт зүүн баруун хоёр өрөөндөө цэвэр цэмцгэр ор дэвсгэр, хувцас угаалгын машин, телевиз гээд гэр ахуйн хэрэглээний зүйлс харагдана.
- Манайх энэ жил гэр бүлийн буудал нээсэн. Жуулчид хэд хоногоор сууна. Гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулахын зэрэгцээ гэр бүлийн буудлаасаа орлого олно. Манай нөхөр Эвенк үндэстэн, би Хятад үндэстэн боловч нөхрөөсөө Эвэнк үндэстний гар урлалаас олон арван зүйл хийж сурсан. Энэ жил гар урлалын бүтээгдэхүүн болон гэр бүлийн буудлаасаа 30 мянган юанийн орлого оллоо гэж Бү Жинлиний эхнэр сэтгэл хангалуун ярьж байв.
Түм түжигнэж бум бужигнасан хотын чимээнээс зугтаж ирсэн хүнд Олгуяа ёстой ертөнцийн гаднах нам гүм орон юм. Тус шяньд Гэгээн гол хотын Засгийн газар Олгуяагийн Эвенкчүүдэд амьдрах дулаан орон сууц үнэ төлбөргүй барин өгч, хүүхдүүдэд нь сургуульд суух нөхвөр мөнгө олгож, Эвенкчүүдэд амьдралын үндсэн баталгаа хүртээн, хотын албан ажилтны эм эмнэлгийн даатгалд оруулахын зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхлэлтийг дэмжиж байна. Одоогоор цаа буга худалдахаас гадна гэр бүлийн бааз ажиллуулж, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа Олгуяагийн Эвенкчүүдийн орлогын гол эх үүсвэр болж байна. Сүүлийн жилүүдэд аялал жуучлалын салбар хөгжсөнөөр Олгуяагийн цаа буга арав гаруй жилийн өмнөх 3,5 мянган юань байсан бол одоо 20 мянга шахам юань хүрэх болсон юм. Ойн гүнд суурьшин амьдарч буй Эвенкчүүд, шинэ сууриндаа суугаа Эвенкчүүд, Олгуяагийн Эвенкчүүд эрт дээдээсээ уламжилж ирсэн өвөрмөц цаа бугын соёл, ан агнах соёл, нүүдлийн мал аж ахуйн соёл, хувцас чимэглэл соёлоороо орлого олон, чинээлэгжих харгуйгаар урагшилж, жаргалтай амьдралаа зураглана.
