solongonews
Тэмээний тухай сонирхолтойг өгүүлэхэд
2016-08-22 11:41
Тэмээ бас хэвлэгтэй амьтан болохоор сайн цадвал 3-4 цаг хэвтдэг.

        Тэмээ гэдэг сайхан амьтан. Тиймээс л монголчууд тэмээг таван хошуу малынхаа нэгээр гаршуулан малласан байх. Тэмээ гэдэг ган гачигт тэсвэртэй, цөл хуурай орчинд зохицож амьдрах чадвар сайн. Тиймээс малчид тэмээг бэлчээрт гамтай, байгаль орчинд халгүй амьтан гэдэг биз.

        Тэмээ зун бутны намааг тастаж биш, шувтарч иддэг бол өвөл харин тастаж иддэг. Хөмөл тааныг толгойлохоос өмнө бүхлээр нь иддэг ч толгойлбол толгойг нь иддэг. Тэмээ хүзүү урт амьтан болохоор нэг метрийн цаанахыг иддэгээс бэлчээрт халгүй байдаг. Говь нутгийн өвөл цаг ердөө бор говь, улаан бутраана сайтай байвал тэмээ сайн тогтдог жамтай. Өвөл бор говь өвс идсэн тэмээ хавар тарга сайн байдаг. Хавар дахин цагаан бэлчээрт гарч хялгана иддэг нь бэлчээр сольж байгаагийн илрэл. Хаврын сүүлч зуны эхэн сард бут голлож цэцэглэх үе болоход тэмээ бут сайтай бэлчээрийг зорьж явдаг. Зун хаа ч хамаагүй салхи барьж ам ангалзуулан явдаг тэмээг хүмүүс “халгай идсэн тэмээ” гэдэг. Үнэндээ тэмээ ерөөс халгай иддэггүй гэнэ. Амаа их ангайдаг нь гашуун өвс их идсэнээс болсон гэж нутгийн малчид тайлбарлаж байв. Тэмээ бэлчээрт гамтай халгүй байдаг нь тэмээний таваг нь зөөлөн, сүрэглэхдээ зөрөглөж явдаггүй. Тэмээ бас хэвлэгтэй амьтан болохоор сайн цадвал 3-4 цаг хэвтдэг. Зуны халуунд бол маш урд цагаар хэвтдэг байна. Өвлийн шуурганд гэдэс цатгалан бол босохгүй хэвтдэг. Тэмээ өдөрт бараг 5 кг өвс иднэ. Тэмээг бас Зээрийн явдалтай адилхан явж идэшлэдэг гэж ярьдаг. Даруй хээрлэж байгаа тэмээн сүрэг шөнөжин хэвтэж, үүр гэгээрэхээр хөдөлдөг.

        Тэмээ хүрээлнэ гэдгийг хэр баргийн хүн сонсоогүй, үзээгүй зүйл байх. Хүрээлнэ гэдэг нь сүрэг тэмээ нэг захаа дарж эргэлдэж идэшлэхийг хэлдэг. Тэмээний хүрээ, янзаган хүрээ, тоодгийн хүрээ хэмээн гурван хүрээ байдаг. Жил болгоны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын үеэр тэмээн сүрэг хүрээлдэг. Тэмээ хүрээлж эхэлбэл салхи зогсож, нутаг уруугаа эргэдэг зуршилтай. Гэхдээ газар нутаг бага болж, тэмээ байгалийн жам ёс болон идлэг уулгынхаа шаардлагаар бэлчээр сэлгэн идэшлэх нь хүнд болсон. Ялангуяа алс холоос нутгаа чиглэн буцна гэхэд тор хүрээ нь хориг саад болж, нутаг эзэндээ аяндаа эргэдэг тэмээдийн минь “амьдралын зуршил” ч алдагдаж байгаа нь юутай харамсал хэрэг билээ.

        Монголчууд гэж их цэцэн сэргэлэн улс. Ямар тэмээг юунд яаж сургана гэвэл яг л сургаж чаддаг. Ачаанд даацтай сургаж чаддаг, унахад хөнгөн сургаж чаддаг, хүүхэд унахаар номхон сургаж чаддаг, эрэлд даамгай ч сургаж чаддаг бол унасан тэмээгээ яваан дээрээ шүүрүүлж идүүлэн сургаж ч чаддаг ухаантай. Яваан дээрээ өвс шүүрүүлж идүүлж сургахад урьдаар долоон хоног уяж хөнгөрүүлнэ. Тэгээд унавал нэг үе ташиж байгаад өлссөн үедээ шүүрч иддэг. Шүүрч идэхийн зэрэгцээ зогдор хөдөлгөн шогшиж явдаг. Ийм тэмээгээр хол зам, эрэл сурагт явахад сайн.

   Сайхан тэмээ унахыг хүсвэл холбоо бөхтэй нь ганган байдаг. Шааман бөхтэй тэмээ хурдан байдаг. Гуя сайтай тэмээ чадал сайтай байдаг. Давхар борвитой тэмээ унахад онцгой сайн байдаг ч одоо тийм тэмээ бараг байхгүй болжээ гэж малчид ярих юм. Малчин монголчууд намар болж уналгын тэмээгээ хөнгөрүүлэхэд шоотой, зүлэгтэй зөөлөн газар уяж сойдог. Шоотой газар уяхын учир ширмэн тавгийг нь зузааруулж хатууруулж байгаа хэрэг. Тэмээний уяа сайн таарвал хөлс гарахаа байж, унахад хөнгөн бөгөөд хурдан болдог.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл