solongonews
Удмын ухаан үе үеийн хүмүүсийг тэтгэнэ
2016-02-25 10:24
Өвөр Монголын Р.Тулгуур эмчтэй хийсэн ярилцлагаа хуваалцъя.

Хүмүүн бид энэ орчлонд ирэхдээ ирээдүйн ажил мэргэжил, туулан өнгөрүүлэх зам мөрөө сонгож чаддаггүй нь үнэний мөртэй. Гэхдээ удмын ухаан, авьяас билгийг үе дамжин өвлөн авч төрдөг гэдэгт миний бие итгэдэг. Удмын их ухаан үеийн үед өвлөн залгамжилсаар өнөөг хүрэхэд бид бүхэнд их зүйлийг авчирсан билээ. Энд би уламжлалт монгол анагаах ухаанаа гурван үеийн удам дамжин, дөрөв дэх үедээ өвлөн авч элэг нэгт Монгол түмэндээ эрүүл амьдрал бэлэглэж буй Өвөр Монголын Р.Тулгуур эмчтэй хийсэн ярилцлагаа хуваалцъя.

-  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг Монгол Улсыг анх зорин ирж байсан тухай тэр сайхан дурсамжаас ярилцлагаа эхлүүлье?

-     За баярлалаа. Аавынхаа найдлага, монгол түмний халуун дотно урилгаар миний бие анх 2004 онд эмчилгээний шугамаар Монгол оронд ирж байсан. Миний бие одоогийн Түнляо хотын уугуул. Аав маань гурван үеийн удам дамжсан эмч байсан. Манай нутаг төдийгүй Өвөр Монгол даяар Риченжав эмч гэдгээр нь сайн мэдэх байх аа. Мөн Монголоос ч олон хүн зорин очиж, аавд биеэ үзүүлдэг байсан. Тухайн үед өвчтөнүүд энэ хол газраас тэр болгон Хөххотыг зорьж очиж чаддаггүй байсан нь мэдээж. Энэ ч утгаараа 2004 онд  аавыг Улаанбаатарт ирж эмчилгээ хийхийг урьсан юм. Харин аав маань тухай үед нас дээр гарсан болохоор явж чадахгүйн учир дүү бид хоёр ирж хэсэг хугацаанд эмчилгээ хийсэн.Тухайн үеэс ирэн очин өвчтөн эмчилж байсан бол 2008 оноос эхлээд Монгол Улсын Анагаахын дээд сургуульд магистр зэрэгт сурахын хажуугаар багшлах болсноор байнга Улаанбаатар хотод амьдарч, хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.

 - Манайхан эмч удамтай, гурван үе дамжсан эмч, манай аав бас маш алдартай эмч байсан гэж та сая ярьлаа. Удам угсааныхаа тухай, аавынхаа тухай дурсан яривал?

 - Манайхан эмч удамтай. Өвөө маань оточ маарамба байсан гэдэг. Аав долоон наснаасаа өвөөгөөс эмчлэхүйн ухаан сураад 85 нас хүртлээ эмнэлэгт ажилласан. Аав маань тухайн үеийн янз бүрийн шалтгаанаас болоод хошуу сумын эмнэлэг, багийн эмнэлэгт ажиллаж байсан ч эмч гэдэг эрхэм алдраа эн тэнцүү авч явснаар нь үр хүүхэд бид нар нь бахархдаг. Аав маань тэтгэвэртээ гараад эмч мэргэжлээ ер орхиогүй, Хөххотод өрхийн эмнэлэг эрхэлдэг байсан. Харин би анх ааваасаа эмч мэргэжлийг өвлөсөн.

-  Ер нь хэдэн наснаасаа эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн бэ, аав тань их нөлөөлсөн байх ?

 -   Тийм ээ, би хар багын л аавынхаа эм үнэртсэн энгэрт тоглож өссөн болохоор энэ нь надад их зүйлийг сургасан. Аав маань намайг эмч болоход их нөлөөлсөн л дөө. Дунд сургуулиа төгсөөд аавыгаа дагаж уламжлалт анагаах ухаанд суралцан, тухайн үедээ хошууныхаа “Шавь эмч” гэрчилгээг авч байсан. 1980 оноос миний бие эмнэлэгт ажилласнаар өнөөг хүртэл 30 гаруй жил энэ салбарт хүчин зүтгэж байгаа маань энэ билээ.

 - Уламжлалт монгол анагаах ухааны ямар чиглэлээр сурч мэргэшсэн бэ. Та өөрөө гардаж эм тан найруулж байна уу ?

 -  Монгол анагаах ухааны дөрвөн үндсээр гол болгон сурсан. Аав маань өөрөө өвсөн эм түүж, найруулан тан хийдэг байсан учир би түүнд нь суралцсан. Тан найруулах, амталж ямар эм болохыг мэддэг болсон. Энэ бүхнийг ааваасаа сурсан. Би угийн л дотрын засалд мэргэшсэн, судас барьж эм тан өгдөг.

 -   Одоо хичнээн төрлийн танг өөрөө найруулан бэлдэж байна?

-  Зуу гаруй төрлийн монгол эм танг би өөрөө найруулж хийж байна, гол нь дотрын бөөр, ходоод, гэдэс, толгой өвдөх, эмэгтэйчүүд, хуян шар усны талын эмчилгээний зориулалттай.

 - Та олон ч жил эмчийн ажил хийж, маш олон хүмүүст эрүүл амьдрал бэлэглэсэн ачтай буянтай хүн. Таны бодлоор эмч хүн гэж ямар хүн бэ, эмч хүн ямар байх ёстой вэ?

 -  Хүмүүс эмчийг зөвхөн өвчтэй хүнийг л анагаадаг гэж ойлгодог нь олон бий. Мэдээж эмч хүн өвчтэй хүнийг эмчилдэг ч эрүүл хүнийг бас эмчилнэ. Эрүүл хүнийг өвчин эмгэггүй, урт наслуулахын төлөө эмчилнэ. Өвчтэй хүн өвчнийг анагааж, эрүүл саруул болгоно. Өвчтөнийг эрх зэрэг, баян ядуугаар ялгалгүй нэгэн сэтгэл, нэг зоригоор эмчилж анагаана. Өргөсөн тангараг, хэлсэн үгэндээ эзэн байж, эд ашгийн бус, эрүүл амьдралын төлөө гэсэн элэгтэй байх хэрэгтэй. Эмч хүнд элдэв өнгийн зан ерөөсөө зохихгүй, түмэн олны төлөө гэх нэг л сэтгэл байхад болно.

 - Эмч хүний ажиллах орчин нөхцөл хүнд хэцүү, ажил мэргэжил ч хатуухан гэдэг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?

-   Аль ажил нь хүнд, алийг нь хялбархан гэх билээ. Бүхий л ажил мэргэжил өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Энэ ажлыг сонгосноор бид өөрийн үүрэг хариуцлагаа болгон ажиллах нь л чухал.

 -   Европ эм эмнэлгийг хүмүүс орчин үеийн эмнэлэг гэдэг утгаар нь сайн мэднэ. Гэхдээ уламжлалт монгол эмнэлэг бол хичнээн зуун жилийн өмнө бий болж, нүүдэлчин монголчуудын бие махбод, ахуйн амьдралд зохицсон байдаг. Энэ талаарх ойлголтоо бидэнтэй хуваалцна уу?

 - Мэдээж Монголчууд бидний уламжлалт анагаах ухаан монгол нутаг, монгол хүний бие махбод, байгаль орчин, ахуй амьдралын нөхцөлд зохицсон, олон зуун жилийн туршлага, эмчилгээ судалгаагаар дамжин өөрийн гэсэн онцлог шинжийг бүрдүүлсэн байдаг. Олон үндэстнүүдийн арга билиг, таван махбод өөр өөр байдаг. Тухайлбал, хар, цагаан арьстан гээд өөр өөр арьс өнгөтэй байна. Бид нар нэг тэнгэр, нэг бөмбөрцөг дээр байж байгаа хэрнээ ийм өөр өөр байдаг. Энэ нь газрын шим, ус, хөрс шорооноос шалтгаалдаг. Тиймээс монгол уламжлалт анагаах ухаан нь монголчуудын ахуй амьдралд тулгуурлан хөгжсөн. Дан байгалийн гаралтай бүтээгдэхүүн, өвс ургамлыг найруулан анагаадаг. Харин Европ эмнэлэг нь химийн бүрэлдэхүүнтэй байдаг. Би одоо хүртэл хүмүүст дусал хийдэггүй ээ, тангаа өгөөд адилхан л анагаачихдаг.

 - Монгол уламжлалт анагаах ухаан бусад анагаахаас чухам ямар илүү давуу талтай вэ?

 - Монгол уламжлалт анагаах нь арга билиг, таван махбодоос бүрэлдсэн байдаг учир хүний биед сөрөг нөлөөгүй. Нүүдэлчин ахуйн нөхцөлөө дагаад эм эмнэлэг нь хаана, хэзээ, хөдөө гадаа гэлтгүй эм тангаа хэрэглэж болно. Харин бусад эмнэлэг зайлшгүй тогтсон орчин шаардах, ариутгал хийх гээд олон тал дээр хязгаардмал байдаг. Мөн хүйтэн өвчнийг халуунаар, халуун өвчнийг хүйтнээр анагаадаг зэрэг маш олон өвөрмөц онцлогтой.

 -  Та Монгол Улсад ирээд олон жил анагаахын салбарт ажиллаа. Энэ хугацаанд ихэвчлэн ямар өвчнөөр эмнэлэгт хандаж байна. Таны хувьд ямар зөвлөгөө өгмөөр байна?

 -  Хүмүүс ихэвчлэн хүйтэн өвчнөөр өвдөж байна. Тухайлбал, бөөрний хүйтэн, савны хүйтэн гээд л, энэ их даарч хөрснөөс болж байдаг. Тиймээс хөл нуруунаасаа салхи авхуулахгүй, их даарахгүй байх хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоол эм болдог учир хоол ундаа тохируулж идэх хэрэгтэй. Мах, тостой хоолыг хэмжээтэй идэх, харш идээ ундаа хольж идэхгүй байхыг зөвлөмөөр байна. Зөв хооллоно гэдэг нь эрүүл байхын чухал үндэс шүү дээ.

-  Одоо ярилцлагаа таны хувийн амьдрал руу хандуулъя. Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ танилцуулна уу, нутаг буцалгүй хэр удаж байна даа?

-  Ажил ихтэй байдаг болохоор нутагтаа буцаж чадалгүй хоёр жил гаруй болж байна. Манайхан ам бүл дөрвүүлээ, нэг охин, нэг хүүтэй. Охин маань миний мэргэжлийг өвөлж, эмч болсон. Одоо мөн Анагаахын дээд сургуульд сурч байгаа.

-   Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

 -    Баярлалаа.

 

Зохиогч: М.БАНДИ
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл