Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Баяннуур багийн уугуул малчин Нараа оёдол үйлдээ сайнаараа нутаг усандаа нэр алдартай.
Тэрээр Үзэмчин загварын монгол дээл оёхдоо таван хуруугаараа төөлөн хэмжээлдэг. Хашаа даруулан оёх нь бусдаас онцгой. Хашаа даруулах гэдэг нь хаваасны хөвөөгөөр хашиж оёхыг хэлнэ. Цулгуй өнгийн торгыг хоёр гурван эгнээгээр хатгаж оёно.
Хоргой эмжээр оёх нь гарын ур шалгасан нарийн зүйл байжээ. Энэ бүхэнд Нараа яах аргагүй дадамгай болсон юм.
Тэрлэгийн хаваас янз бүрийн байдаг. Хамгийн олон хаваас 50, хамгийн цөөндөө 28 хаваастай байдаг.
Нараа одоо хошууны төв Улиастай сууринд ач охиноо харахын хажуугаар оёдлын газрын хаваас хавах ажлыг хийж байна. 10 хоногт нэг тэрлэгийг хавж дуусгадаг. Сард бараг 3 дээл хавдаг юм байна.
Нараа:
- Нэг дээлийг 600–800 юаниар хавна. Харин хашаа даруулахад 100 юань авдаг болохоор ойр зуурын юм авах мөнгөө олчихдог гэж ярив.
Үрээ, үрийн үрээ хэмээн сэтгэл чилээж явсан Нараагийн зүтгэл талаар болоогүй. Тэрээр Монгол Улсын "Мянган шилдэг ээжийн түүх цадиг” нэртэй номд бичигдсэн бөгөөд "Мянган шилдэг ээж” шагналыг хүртжээ. Мөн “Ахмадаа асарч нялхсаа хайрлах боловсон айл”, “Ариун цэвэрч тэргүүний гэр бүл”, “Тансаг гэр бүл” зэрэг олон шагналын эзэн аж.
Нараа: - Хүүхэд байхад буурлууд уран бол, угалз оё гээд хонины тагнай өгч ерөөдөг. Харин тагнайг нь идчихээд оёдол оёж чадахгүй бол яах билээ гэж айдаг байлаа. Тэгээд оёдол оёж сурахаар хичээх болсон гэж ярилаа.
