Монголчуудын “олбог цоортол суусан мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр” гэсэн үг нь яг нутгаасаа хол явж нүд нээсний ачаар үйлсийн аяндаа ганзага дүүрэн яваа залуу малчин Е.Улаанхүүг оноож хэлсэн гэлтэй.
Манай сурвалжлах багийнхан Алшаад хүрмэгц хол ойрын сонин сайхныг сонирхон сураг тавьсаар 10 дугаар сарын 14-ний үдээс хойш Баянхот сууринд амьдардаг Е.Улаанхүүгийнхийг чиглэлээ. Зам зуураа бид Е.Улаанхүүгийн тухай их төлөв ойлгож авлаа. Эднийх уул нь Алшаа Зүүн хошууны Уртхөл багийн малчин байв. 6 жилийн өмнө засгийн зарлигаар хөдөөнөөсөө нүүж, Баянхот суурингаас ойрхон нэгдсэн байдлаар барьж өгсөн нүүдэл ардын дүүрэгт суух болж, гуанз эрхлэн олз омогтой яваа юм.
Баянхот суурингаас гарч жигдэрсэн олон тоосгон байшингуудад ойртоход, замын хажууд босгосон “Отрын зоог монгол өргөө” гэсэн хаяг нүдэнд туслаа. Улаанхүү биднийг угтан тоссон юм. Амар мэнд асуулцсаны дараа тэр инээмсэглэсээр:
- Эхнэр маань төрөх дөхсөн болохоор эмнэлэгт очиж үзүүлсэн, “Арай болоогүй, орой 8 цагийн үед дахин ир” гээд бид саяхан харьж ирээд байна гэв.
Эцэг хүний үрийн зулай үнэрлэх хязгааргүй баяр баясал түүний нүүрэнд тодхон харагдана. Гэрт нь ороход Улаанхүүгийн эхнэр гал тогооны өрөөндөө ажиггүй ажлаа амжуулж байгаагаас нь харахад удахгүй төрөх гэж байгаа гэхэд итгэж ядмаар.

Гуанзны том танхимын багана дээр өлгөөтэй тэмээний эдлэл хэрэгсэл юуны өмнө нүдэнд өртөж анхаарал татав.
- Манай аав жинчин байсан. Энэ тэмээний хонх, одоо хуучин юм бүр эрдэнэ болсон цаг шүү” гээд Улаанхүү олзуурхан мишээнэ.
Цаана нь 35 хүн хооллох нэгэн том ширээ тавьж, бас 10 гаруй хүн суудаг ширээ тавьсан таван өрөөтэй байв.
- Хуучин нутгаасаа нүүснээс хойш хэдэн жил гадагш яваад буцан ирж энэхүү гуанзыг ажиллуулах болсон гэж Улаанхүүгийн үйлсийн аяны үлгэрийн учиг тавигдлаа.
Тэнгэр элсний гүнд байх энэ нутагт гол төлөв үхэр малладаг гэнэ. Улаанхүү ах дүү олуул, гэрийн амьдрал хүнд болохоор арван жилээ төгсгөөгүй байна. Тэгээд газрын үс түүж зарах, өвс хадаж худалдах зэргээр гэрийн амьдралдаа тус дэм болж, өр ширээ бөглөж байжээ. Тэгэж байтал аймгийн ажил олгох товчооноос хэсэг залуучуудыг Чуулалт Хаалга хотод сургалтад суух завшаан олдож Улаанхүү бүртгүүлсэн байна. Ингээд тэрээр 1994 оны намар 19 настай анх удаа гэр нутгаасаа салж хол явж, Чуулалт Хаалгад цагаан ногооны шөл, хатсан мантуугаар өл даран байж гурван сарын сургалтаа дүүргэж, Бээжинд аар саар ажил хийхээр явжээ. Бээжинд очсон эхний дөрвөн жилд хоолны газрын хамгаалагчаар ажиллаж байснаа сүүлд нь баарны зөөгч хийх болов. Ийнхүү баарны захирал Хань Дүнгийн ачаар Улаанхүүгийн амьдралд эргэлт гарч, хожмын зам нь урагштай болжээ.
- Захирал надад итгэн жолоочоо болгож, мөн бааранд нь ажиллаж гэрт нь амьдардаг байсан. Захирал шөнө гэртээ харихдаа цүнхтэй мөнгөө машин дээр орхичихдог. Би огт хөдөлгөдөггүй сайхан цэгцэлж тавьдаг. Одоо бодоход намайг шалгаж байсан ч магадгүй. Тэгээд надад илүү итгэх болсон гэж Улаанхүү тухайн үеэ эргэцүүллээ. Ялангуяа Хань захирлын “Арилжаа хийхэд юуны урд заавал хүн чанараа баримтлах хэрэгтэй” гэж сургаж хэлсэн үг нь Улаанхүүгийн цээжинд хоногшиж, амьдрал үйлсийг нь тэтгэж иржээ.
Өрөөлийн газар хэдий ээлтэй ч унасан нутаг нь сэтгэлд нь уяатай байсны ч билүү, Бээжинд 8 жил яваад Улаанхүү 2002 онд нутагтаа буцаж иржээ. Эхлээд хөлсний ажил хийгээд олсон хуримтлуулсан мөнгөө шавхан байж сурсан ажлаасаа баар ажиллуулав. Гэтэл зах хязгаарт байршсан Алшаа нутгийг Бээжинтэй хэрхэн адилтгаж болох ажээ. Харийн архийг амтархах хүн үгүй бөгөөд тийм соёлын орчин хараахан бүрэлдээгүй байснаас гурван жил шахам ажиллуулаад хаав. Захын арилжааны замд ингэж нэг бүдэрсэн боловч бие бүтсэн учир нь түүнийг хага баярлуулав. Баар ажиллуулж байхдаа тэрээр гэргий Мэргэнтуяатайгаа ерөөлөөр танилцаж, 2004 онд тоонот гэрт толгой холбон амьдралын аянд зуузай нийлүүлжээ. Ажилгүй болсон Улаанхүү унтаж хэвтэхдээ ч бодон сэтгэсээр 2011 онд “Отрын зоог монгол өргөө”-гөө эхлүүлжээ. Их удалгүй эдний монгол хоол Баянхот болон ойр хавийн хүмүүст танигдаж, одоо болоход гаригийн таван болмогц захиалгын утас залгалдаж, амралтын хоёр өдөр болон баяр тэмдэглэлт өдөр зочдоор дүүрч, ялангуяа цагаан сард хамаг илүү зочинтой байдаг гэнэ. Улаанхүү хоолон гэр ажиллуулж хонин махаа өөрөө ашиглаж борлуулаад сая малчин хүн юуны төлөө зүтгэж юунд баясдаг гэдгийг сэтгэлээрээ мэдэрчээ.
- Зах дээр хонин махыг килограмм бүрд 36 —38 юаниар зарж байна. Манайд чанасан хонин мах килограмм бүрдээ 136 юань, толгой шийр, гэдэс дотор зэргийг нь хувинд нь борлуулна. Ингээд 20 килограммын хонийг 2000 юанийн өртөгтэй зарж байна гэж Улаанхүү ярилаа. Эднийх жилдээ бараг 200 хонь, арваад үхэр зарж, шарсан хонин мах нь хүмүүсийн хамгийн илүү захиалдаг хүнс болжээ.
- Монгол хоолыг чанартай, өвөрмөц, цэвэр хийх хэрэгтэй гэх Улаанхүүгийн хатуу зарчмаар “Отрын зоог” зах зээлд хөл тогтон хүн зоны анхааралд хүрч, жилийн цэвэр орлого нь 300 мянган юаньд хүрч байгаа ажээ.
Тэмээгээр хоёр өдөр явж, ахиад машинаар явж сая элсэн гүнээс гарч Баянхотод сургуульд явдаг байсан үеэ дурсах бүр Улаанхүүгийн дотор олон олон юм бодогддог гэнэ лээ. Одоо хэдий аав ээжээ хотод авчирч бүгд хотод амьдардаг болсон боловч түүний сэтгэл хөдөө нутагтаа уяатай л байдаг. “Элс туулсан зам” нэвтэрснээс түүний уугуул нутаг Есөнхудагт хүрэхэд одоо Баянхотоос 2 цаг явбал хэрчихдэг гэнэ.
- Нутагтаа харих санаа орж байна гэж тэр хэлнэ. Хөдөө нутгийнхаа хишгээр хотод хөлжсөн Улаанхүүгийн хүсэл ч яахын аргагүй зөв дөө.
