Цагаанзаан арван гурван жил дараалан газар шороодоогүй барилдаж явсан босоо аварга. Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нэртэй бөх юм. Хэдийгээр арван зургаан жилийн өмнө хорт хавдарт нэрвэгдэж ходоодныхоо хагасыг авуулсан гэдэг ч энх тэнхлүүн байгаа. Нэг метр 90-ийн өндөр нуруутай, жирийсэн сайхан сахалтай, цог золь төгс нүүр төрхөөс нь ид хөгтэй барилдаж явсан залуу үеийнх нь омголон жавхаа мэдрэгдэнэ. Одоо тэрээр өвгөн бөхийн барилдаан байвал орж, өнгөрсөн жил Зүүн Үзэмчин хошууны өвгөн бөхийн барилдаанд тэргүүлсэн гэнэ лээ.

Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур суманд өсөж төрсөн Цагаанзаан “Бөхийн нутаг”-ынхаа золбоог өргөж залуу бага үеэсээ барилдаж ноцолдож явсан. 1981 онд Шилийнгол аймгийн бөхийн анги байгуулагдахад орж, сорио боловсролоор 15 хүний хамт албан ёсоор элссэн байна. Энэ цагаас хойш тэрээр Өвөр Монголын тэмцээн, Хятад улсын тэмцээнд олон удаа оролцон, 90-ээд он болтол ид сайтай барилдаж явсан бөгөөд Хятад улсын хэмжээний тэмцээнд 15 удаа түрүүлж, 13 жил дараалан газар шороодсонгүй гайхамшгийг бүтээжээ. 1988 оноос Шилийнгол аймгийн бөхийн дэвжээний орлогч дарга болж бөхийн сорио дасгал сургуулилтыг хамаарч, 90-ээд онд Шилийнгол аймгийн бөхийн нийгэмлэг байгуулагдахад нийгэмлэгийн орлогч дарга болоод одоог хүрчээ. Хятад маягийн бөхөөр голлон барилдаж байсан болохоор тэмцээн болох бүрд биеийн жингээ зохицуулах гэж биеэ сойж, олон жил бие махбодын зүй зохисыг алдан явснаас 2000 онд ходоодны хорт хавдарт нэрвэгдсэн байна. 2006 оноос Шилийнгол аймгийн Үндэстний спортын сургуулийн захирлаар ажиллаж, 2012 онд тус сургуулийг Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд сургуультай нийлүүлсний дараа биеийн байдлаа үндэслээд тушаалаа суллан өгч сургалтын хянан шалгах тасагт ажилласан ажээ. Бөхөөр эрийн хийморио мандуулж, бөхөөр үйлс мөрөө болгож ирсэн хүн гэж чухам энэ хүн байжээ.
- Сүүлийн жилүүдэд монгол бөх их хөгжжээ. Нам засгаас үндэстний соёлоо уламжилж залгамжлахыг хүндэтгэх болж. Мөн эдийн засаг хөгжиж ардын амьдрал сайжирснаас найр наадам зохион байгуулах хүн олон болж улмаар шагналын сан нь ч их болсноор сорио боловсролдоо шамдах залуу бөх олон болсон. Эдгээр нь бөхийн соёл бөхийн үйлс хөгжихөд сайн сайхан орчин нөхцөл болсон байна хэмээн Цагаанзаан ярилаа.
Тийм ээ, өмнө нь бол нар хур тэнцэж мал сүрэг өнөр өссөн өнтэй сайн жилд л хошуу сумны наадам болдог байсан бол одоо харин овоо тахилга, нас жил орно гээд л найр наадам олширч, шагналын санд 200 мянга, 300 мянган юань өгөх нь сонин биш болов. Цагаанзааны хэлдэг бас нэгэн өөрчлөлт бол бөхийг мэдэх, бөхийн ур мэргэжлийг ойлгох үзэгч олон болж, бөхийн барилдааныг шүүмжлэн ярилцаж улмаар барилдааны шаардлага өндөр болсон байна. Монголчууд удмын бөхөд хайртай. Сайн бөхийг бахархаж, хүүхдээ сайн бөх болгохоор сорио боловсролыг нь шаарддаг, зарим нь хүүтэй болбол хожим сайн бөх болохыг бэлгэдээд аварга бөхчүүдийн нэрээр нэрлэдэг нь ч бий. Өдгөө Шилийнгол нутагт “Цагаанзаан” нэртэй сайн бөх тав зургаа гараад байгаа нь үүний нэгэн гэрч гэлтэй.
Бөхийн соёл, бөхийн үйлс хөгжиж байна. Гэвч хэрхэн зөв хөгжих, дүрэм горимтой хөгжих гэсэн асуудал тулгарч байна гэж Цагаанзаан ярина. Ялангуяа сүүлийн үед тэрээр энэ тухай анхаарал тавих болж, дүрэмжүүлэх асуудлын эргэн тойронд асар их хичээл зүтгэл гаргасан байна. Бөхийг дэвжээнд гарч буухдаа зодог шуудгаа өмсөх, бөхийн ёс журмаа гүйцэтгэхийг шаардах болж, дүрмийг эс дагавал эрхийг нь үгүйсгэх болгожээ.
- Монгол бөх гэдэг чинь монгол соёлын төлөөлөл болохуйц өв соёл, монгол хүний цог жавхааг бадраах соёл байгаа юм. Бөхийн зодог, өмд, гутал нутаг нутгийнхаа онцлогтой байдаг нь мэдээж. Гэхдээ одоо зодгийг өөрөө хийх болсон бөгөөд ханцуйг гар оруулах зай завсаргүйгээр, бүсийг атгаж дийлэхгүйгээр хийж, нөгөө хүндээ барьц өгөхгүй хэмээн баримжааг зөрчдөг болж байна. Зодгийг заавал баримжаатай зодог хийх хэрэгтэй гэж Цагаанзаан бодитой жишээ татан ярив.
2001 онд Цагаанзаан Хөвөөтшар хошуунд “Цагаанзаан цом” монгол бөхийн шагналт тэмцээнийг санаачлан хийсэн нь түүний бас нэгэн шинэчлэл байлаа. Үүний дараа монгол бөхийн цол олгох тэмцээн, их шагналт тэмцээн гэхчлэн санаачилж хийсэн боловч мөнгө төгрөг хүрэлцэхгүйгээс Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, сургууль зэргээр тусламж дэмжлэг гуйж бадарлан байж зохион байгуулж байгаад хэдэн жилийн өмнө дөнгөж аймгийн тусгай төлөвлөгөөнд оруулсан байна. Сүүлийн жилүүдэд наадам олон болж, шагналын сан өндөр болсонд зарим бөхчүүд мөнгө харах болсон. Шагналын сангийн зөрөө хэт их болсноос харилцан “наймаа хийж”, шангаа хуваалцаж үзэгчдийг дургүйцүүлэх байдал гарч байгааг тэрээр нэгэн зэрэг шүүмжлэв.
- Бөхийн соёл бөхийн үйлсийг эрүүл хөгжүүлэхийн тулд бөхчүүд бөхийн соёлоо хүндэтгэх, ард түмнээ хүндэтгэх, үзэгч түмнээ баясгах зорилгоор барилдах хэрэгтэй. Дүрэм горимын хувьд бөхийн дүрмийг чангатгаж, бөхийн дүрэм, шүүгчийн дүрэм, тэмцээний дүрэм, наадмын дүрмийг хуулийн хүчтэй болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж Цагаанзаан өөрийн үзэл бодлоо ярилаа.
