Хорчин баруун гарын дунд хошууны Баянхошуу суурингаас гараад нэг их удалгүй бид Шарга багт хүрсэн юм. “Үгүй ер, засмал замаасаа буугаагүйгээр Шарга багт хэрчихлээ гэж үү?” хэмээн би дотроо бодож амжсан ч замын хажуу дахь Шарга баг гэх том үсэгтэй хаягийг хараад итгэхээс өөр арга байсангүй.
Уг нь би 2014 онд энд ирж байсан болохоор тэр үеийнхээ байдлаар бодож явсан бол ийм их өөрчлөгдөнө гэж санасангүй. Айлын зүүн өмнөх намхан толгойгоос доош харахад ижилхэн цэнхэр оройтой шинэ байшингууд жигдрэн, засмал зам айлын зах уруу татаад тавьсан шугам мэт сунан оржээ.

Бид багийн зөвлөлийн газарт шулуухан яваад очив. Тэнд Шарга багийн Намын хорооны нарийн бичгийн дарга Бай Гүөчин биднийг хүлээн авч, тус багийн иргэн Сэргэлэнгийнд дагуулж хүрлээ. Сэргэлэн гэгч хөдөөний борог тариачин байлаа. Гурван өрөө тоосгон байшин нь 2014 онд барьсан цоо шинэ хэвээр, гэрийн тавилга эдлэлээс нь энэ айл ядуурлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэднэ.
Эднийх таван ам бүлтэй, том охин болон отгон хүү нь их сургуульд суралцаж, дунд охин нь арван жилээ төгсгөөд гэртээ үлджээ. Хэдий 47 мянган метр квадрат тариан талбайтай ч уналт муу, бороо хур багатай жил бол ямар ч орлогогүй байсан бөгөөд хоёр сурагчийн сурлагын төлбөр болон өөрөө байнга зүрхний эм уудгаас Сэргэлэнгийн амьдрал нь маш ядуу байжээ. Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтсээс Шарга багт ядуурлыг бууруулах тусгай дарга томилон олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж, 2013 онд тэдний сургуульд байгаа хоёр хүүхдэд тус тус 20 мянган юанийн сурлагын тэтгэлэг болон 15 хонь өгсөн бөгөөд 100 гаруй метр квадрат малын хашаа барьж өгсөн байна. 2014 онд Сэргэлэн өөрөө 20 мянган юань гаргаж, засгаас 50 мянган юань гарган одоогийн амьдарч байгаа 70 метр квадрат бүхий байшинг барьж өгчээ. Угтаа жилийн цэвэр орлого нь хүн бүр дунджаар 2000 юань хүрэхгүй байсан Сэргэлэнгийнходоо хүн бүр дунджаар 6000 гаруй юань болж, үндсэндээ ядуурлаас ангижирсан байна.
Дараа нь бид Бүдүүвчийнх гэдэг айлд оров. Таван өрөө тоосгон байшин нь сүрлэг харагдана. Том өрөөнд нь байрлах ургаж байгаа модны төрхтэй бетон багана нь онцгой содон үзэгдэж, хөдөөний айл хэрнээ хотын айлаас ч гоёмсог чимэглэсэн байв. Ингэхэд нас ахиж бие тэнхээ нь муудсан Бүдүүвчийнх хэдэн жилийн урд харин ядуу нэртэй өрх байсан гэнэ. Хүү нь 18 нас хүрээд гадагш гарч хүч хөөн, охин нь их сургуульд сууж байсан үеийн Бүдүүвчийнх зөвхөн 37 мянган метр квадрат тариан талбайдаа түшин амьдралаа аргацааж байжээ.
Биднийг очиход Бүдүүвч гуай гэртээ байгаагүй. Хөгшин нь Бао Жиньхуа ачтайгаа банш бууз хийхээр бэлтгэж байв. Таван жилийн өмнөх амьдралынхаа тухай Бао Жиньхуа хэлэхдээ:
- Худаггүй, машингүй, орлогогүй, өлбөрч үхсэнгүй нь яамай гэж шулуухан дүгнэв. Хэлж ярихдаа эрээ жороогүй, шууд шулуухан түүний яриаг сонсоход их инээдэмтэй.
- Уг нь би ийм амьдрал эдэлнэ гэж зүүдэлж байсангүй. Ийм сайхан гэрт сууж, ийм жаргалтай амьдралыг эдэлнэ гэж бодож байгаа ч үгүй. Энэ маягаар хөгжих юм бол хэдэн жилийн дараа байранд сууж ч мэднэ. Өмнө нь хотын амьдралыг бахархан хүсдэг байсан. Одоо бол үгүй гэж Бао Жиньхуа ярьж гарлаа. Арга ч гүй дээ, амьдралын өнгө төрх өөрчлөгдөөд ирэхээр хүний сэтгэл санаа ч саруул гэгээн болж, итгэл хүсэл нь ч ундардаг бололтой. Гэхдээ одоогийн амьдрал нь Бао Жиньхуагийн нэг насны хүсэл тэмүүллийнх нь дээд түвшинд хүрчихсэн нь тэр.
- Манай өвгөн өмнө нь шинэ хувцас аваад шинээр нь өмсдөггүй. “Ядаж хэдэн удаа угаахгүйгээр яаж өмсөх юм, хүн муу хэлнэ” гэдэг байсан. Одоо бол шинэ хувцсыг өмсөхөөс татгалзахгүй болсон гэх Бао Жиньхуагийн үг сэтгүүлч надад зөндөө юм бодогдууллаа. Шинэ хувцсыг хэд угааж, өнгийг нь буулгаад өмсөнө гэдэг чинь тухайн хүний олон жил ядуу амьдралд дадсаны шинж бөгөөд номой дорой, өөртөө итгэлгүй зан чанарынх нь илрэл гэлтэй. Гэтэл одоо тэрээр энэхүү сэтгэлийн бараан сүүдрээсээ гарч, өөртөө итгэлтэй болж өөрчлөгджээ.
Эдгээр нь үнэндээ ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулсны ач тус гэдгийг Бао Жиньхуа гийтэл мэдэж байлаа. Тиймээс тэрээр Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтсээс Шарга багт томилогдон ирсэн Үндэсбат даргын сайныг хэзээ ч мартдаггүй. Үндэсбатын тухай Бао Жиньхуа хэлэхдээ:
- Манай энэ байшинг бариулах гэж тэр дарга хэдэн удаа ирснийг бүү мэд. Тэр үед бид байшин барихгүй гэж зүтгэж байлаа. Багийн засаг дарга удирдлагууд олон дахин ирж тайлбарлаж хэлээд байхаар нь зөвшөөрсөн. Мөн ядуу айл өрхийг тэтгэх 17 хонь өгснийг нь бид 3 жилийн хугацаанд 50 болгон өсгөсөн. Үндэс дарга ирснээс хойш өдөржин зүгээр суулгана гэж байхгүй, ямар нэгэн ажил олж өгөөд хийлгээд л байдаг. Эхэндээ дургүй хүрдэг байсан ч одоо үр ашгийг нь олоод эдэлчихсэн” гэх зэргээр хэлээд барахгүй яриа.
Өвгөн эмгэн хоёр амьдарч байсан бол хүү, бэр хоёр нь ирээд хамт амьдрах боллоо. Хүү Эрдэмт нь гарын уртай болохоор айлын байр байшин засан чимэглэж, бэр нь ч ажилд сайн болохоор эднийх удахгүй баяжиж, одоо хүн бүрийн жилийн дундаж цэвэр орлого нь 10 мянган юанийг давжээ. Охин нь ч сургуулиа төгсгөөд багшийн алба хаах боллоо.
Буцахдаа би зүүн өмнөх дов дээр гараад эргэж харлаа. Шингэх нарны туяанд утаа униар шаргалтан үргэлжилж, тэртээх уулстай холболдон сүүмийнэ. Амгалан хөдөөгийн зураг шиг үзэсгэлэнт төрхийг би үүрд үлдээж авахаар зургийн аппаратынхаа товчийг хөнгөхөн дарав.
