Дэлхийг тойрсон хүний ой билэг ердөө хүнээс өөр байдаг билүү. Монгол залуу Цэцэнбилэг цахим худалдааны компани байгуулан, дэлхийн таван улсын 50 гаруй компанитай хамтран ажиллаж, хүний санаа зүүдэнд оромгүй гайхамшгийг бүтээлээ. Түүний “Гал Аян” нь тэмээн жингийн дууг сонордуулж, шинэ эрин үеийн яруу туульсыг бичнэ.
Их говийн гүнээс тэмээн жингийн хонх “дингар дангар” цуурайлсаар өрнө дорныг холбон арилжаа худалдааны зам шугамыг нэвтрүүлсэн. Монголчууд энэхүү цувааг “гал аянд явна” гэж ч хэлдэг. Түүхийн хүрд эргэлдсээр энэ цаг үе болоход их өөр болж машин, интернэт бүхнийг ив даран ирэв. Хэдий тийм боловч “гал аян” нүүдлээ зогсоогүйгээр өөр нэг шинэ хэлбэрээр ард зоны аж амьдралд ач тусаа хүргэсээр. Энэхүү утга ёсноос улбаалан таван улсын хил дамнасан цахим худалдааны компаниа “Гал Аян олон улсын цахим худалдааны компани” хэмээн нэрлэсэн Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс суурингаар нутагтай, 1990 онд төрсөн Цэцэнбилэг хэмээх залуугийн түүхийг уншигч түмэндээ хүргэе.

Манай сурвалжлах багийнхан Өөшин хошууны оюутнуудын бүтээлчээр үйлс босгох хүрээлэнд очиход хар костюм, эрээн зангиатай сэргэлэн залуу биднийг угтан авч хоёр давхрын “Гал Аян олон улсын цахим худалдааны компани”-даа урьсан нь тус компанийн захирал Цэцэнбилэг байв.
Цэцэнбилэг 2009 онд Монгол Улсын Олон Улсын Их Сургуульд Олон улсын арилжаа худалдааны чиглэлээр суралцаж 2013 онд төгссөн бөгөөд сургуульд байх хугацаандаа “Гал Аян аялал жуучлалын компани”-ийг үүсгэн байгуулсан байна.
- Монгол Улсад зун болоход Төрийн их наадам гээд их л найр хөөр болдог. Мөн энэ сайхан улиралд Монголын байгаль ахуй хамгийн үзэсгэлэнтэй, хүн ард хамгийн зав чөлөөтэй болохоор гадаад дотоодын жуулчид их олноороо хурдаг. Тэдэнд үйлчлэхэд их ашигтай болохоор 2012 онд энэхүү компанийг байгуулсан билээ. Улмаар арилжаа худалдааны ажилд аажмаар мэргэшиж, цаашлан гадаад улс орны бизнес эрхлэгчидтэй танилцан хожмын үйлсэд минь ихээхэн тус болсон хэмээн Цэцэнбилэг ярьж байлаа.
Үйлс бүтээнэ гэдэг тэр чигээрээ эрсдэл хэдий ч айж шантраад ухарч суувал хоосон буцдаг нь тодорхой бөгөөд эсрэгээр ямар нэгэн зүйлийнхээ төлөө хүчрийг давах зориг өвөрлөвөл чухам “санаа байвал унаа хүрнэ” хэмээгч болох буюу. Цэцэнбилэгийн үйлсийн харгуй анх ингэж эхэлсэн бөгөөд 2013 онд сургуулиа төгссөний дараа өмнө нь танилцсан гадаад дотоодын анд найзуудын тусламж болон өөрийн хүсэл бодлынхоо төлөө Америк улсыг зорин, тухайн газрын хөгжил өөрчлөлт, зах зээл, арилжаа наймааны талаар ажиглалт хийхийн зэрэгцээ өөрийгөө улам илүү боловсруулахаар хэсэг хугацаанд тэнд амьдарсан байна. 2014 онд буцаж ирэнгүүтээ Хөххотод гадаад дотоодын 7 хүнтэй хамтран 500 гаруй мянган юаниар санхүүжүүлсэн “Гал Аян олон улсын цахим худалдааны компани”-иа Хөххотод эхлүүлэв.
- Хамтын ажиллагаа бол хөгжлийн суурь, зах зээлийн өөрчлөлтийг ажиж мэдэх, үйлс босгох гол цөм болно. Ийнхүү бид зээлээс татгалзан, өөрсдөө хамтран энэхүү компанийг байгуулсан. Одоо цагт уламжлалт хэлбэрээр үйлс босгох, ганцаараа ихийг бүтээх явдал нэлээд түгшүүртэй. Заавал өөрчлөлт шинэчлэлтийг таньж шинэ содон зүйлсийг хийх хэрэгтэй. Одоо хүн бүр гар утсаараа ихэнх ажлаа амжуулах боломжтой болсон цаг. Тэдний сонголт олон болжээ. Тиймээс бид хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн гадаадын компанитай хамтран, тухайн газрын онцлог, шилдэг бараа бүтээгдэхүүнийг импортолж, нутгийнхаа онцгой барааг экспортлох хэрэгтэй гэж Цэцэнбилэг ярив. Ингээд тэдний компани нь Монгол, АНУ, Тайланд, Солонгос болон Хятад улсад тус тус хамтран ажиллах компанитай болж, хоорондоо цахим худалдааны солилцоо хийдэг өргөн хэмжээний бүсийг бүрдүүлжээ.
Гал аяны учир утгыг тодруулж, интернэтээр дамжин нутаг нутгийн хүмүүсийн хэрэгцээг хангаж чадсанаар Цэцэнбилэгийн санасан явдал сэтгэлчлэн бүтэж, Хөххот дахь компанийн арилжаа худалдаа нь сайн болж, Ордос нутагтаа бас нэг салбар компани байгуулахаар Өөшин хошууг зорьжээ. Энэ нь Цэцэнбилэгийн нутагтаа ирж үйлсээ өргөтгөх нэгэн зорилго байснаас гадна, нам засгаас залуучуудыг дэмжин, ажлын газрын түрээс, ус цахилгааныг үнэ төлбөргүй хангах бөгөөд үйлс бүтээх боловсрол сургалт зохион байгуулж байгаа нь бас нэгэн давуу тал байсан ажээ. Ингээд л тэрээр 2015 онд Өөшин хошууны оюутнуудын бүтээлчээр үйлс босгох хүрээлэнд “Гал Аян олон улсын цахим худалдааны компани”-ийнхаа салбар компанийг байгуулж, гадаадын олон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэдний бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олон болж, хэрэглэгчдийн шаардлагаас болж ажилтны тоо ч нэмэгдлээ. Цэцэнбилэг энэ тухай ярихдаа:
- Манай компани гол төлөв тухайн улс орон буюу бүс нутгийн өвөрмөц шилдэг бараа бүтээгдэхүүнийг импортлох, энэ нутгийн онцгой барааг бусад улс оронд экспортлохоор гол ажлаа болгож байна. Манай эндээс гаргаж байгаа бүтээгдэхүүн нь борц, хуурсан будаа, сагагийн хальсан дэр зэрэг болно. Импортлох бараа таваарт олонх нь гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хувцас гээд өдөр тутмын хэрэглэдэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн байна. Улмаар Монгол Улсын 32, Солонгосын 12, Тайланд улсын 6, АНУ-ын 1 компанитай хамтран ажиллаж байна. Тэдгээр компаниуд бүгд системчилсэн борлуулалтын замтай. Манай компанийн цахим арилжааны бас нэг онцлог гэвэл бараа дарагдах явдал гэж байхгүй. Вичатаар цахим худалдаа хийж байгаа зарим хүмүүс олноор авбал хямдыг бодож бараа бөөндөж аваад түүнийгээ зарж чадахгүй дардаг тохиолдол бий. Манайх бол шаардлагадаа тохируулан бараа оруулдаг бөгөөд тухайн газар орны үнээр зардаг болохоор хэрэглэгчдийн таашаалд хүрдэг учраас давуу талтай хэмээн би боддог гэлээ.
Цэцэнбилэг 2015 онд Ордос хотын шилдэг залуу бизнес эрхлэгчээр үнэлэгдэж 30 мянган юаниар шагнуулжээ. Тэрээр Ордос хотын хэмжээн дэх олон үзэсгэлэнгээр дамжин бараа бүтээгдэхүүнээ борлуулж, анхны нэг жил интернэтээр борлуулсантайгаа нийт 500 гаруй мянган юанийн орлого олсон нуруу гэдгэр явна.
Цэцэнбилэг “Гал Аян”-ыхаа галын ах нь болсны хувьд нутаг усныхаа хөгжлийн төлөө харийн зах зээлд нүд бэлчээн, алсыг чиглэж дэлхийг зорин тэмүүлсээр.
