solongonews
Өргөн талыг чимсэн Үзэмчин цагаан ямаа
2016-08-23 16:17
- Орон нутгийн шилдэг үүлдэр болох Үзэмчин цагаан ямааны тухай

        Тал нутаг таван хошуу малтайдаа тансаг тэнэгэр байдгаараа таван хошуу мал тархан бэлчсэн Шилийнголын тал нутаг уудам тансаг байлгүй ч яах билээ. Мөн  таван эрдэнэ дээдлэн уламжилж явах нь малтайгаа мөнхийн заяатай малчин хүний дээд жаргал болохоороо Шилийнголын малчин нутаг бэлчээрийн байдал, амьдралын хэрэгцээ шаардлага, ашиг орлого зэрэгт үндэслэж, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн, орон нутагтаа зохицсон мал маллан өсгөж үржүүлсээр. Ийнхүү Үзэмчиний өргөн талд тана сувд цацсан мэт цагаан ямаад тархан бэлчиж, орон нутгийн зохицол ба хүн ардынх нь олон жилийн хөдөлмөрөөр Үзэмчин цагаан ямаад нутгийн шилдэг үүлдэр болж алдаршсан аж.

         Үзэмчин цагаан ямаад ноолуурын гаралт, махны гарц, ноолуурын чанар нь сайн зэрэг гурван давуу талтай болохоор 1994 онд ӨЗО-оос орон нутгийн шилдэг үүлдрээр сонгож, 2010 онд Хөдөө аж ахуйн яамнаас байгалийн баялгийн хамгаалалтын жагсаалтад оруулжээ. Үзэмчин цагаан ямаа биеэр том, цээж уужим, нуруу нь тэгшхэн, бие урт, нүд нь том бөгөөд гэрэлтэй, цовоо дэгжин зантай сүрлэг харагддаг. Хөдлөх нь ч бушуу шаламгай байдаг нийтлэг онцлогтой. Үзэмчин цагаан ямаанд хар мах илүү суудаг бөгөөд мах нь идэхэд амттай гээд өвөрмөц давуу тал ихтэй.

        Үзэмчин цагаан ямаад олон жилийн турш өргөн уудам Үзэмчин нутгийн өнөтэй шимтэй бэлчээрт чимэг болж, ажилч малчиддаа ашиг шимээ хүртээсээр ирсэн. Үзэмчин цагаан ямаа гол төлөв Шилийнголын Үзэмчин нутгаар тархаж нутагших бөгөөд Авга, Сөнид зэрэг газруудаар ч Үзэмчин цагаан ямаа маллаж байгаа малчин айл цөөнгүй. Өвлийн улиралд өргөн уудам Үзэмчин нутгаар аялахад уулын хормой, нам доор газарт хялгана, шарилж, дэрстэй газраар тарган цагаан ямаад тархан бэлчиж байгааг харна. Ийм бэлчээртэй газрын малчид нутаг бэлчээрийнхээ байдалд зохицуулан ямаа их малладаг. Тэрчлэн Үзэмчин нутаг өргөн уудам, өвс ургамлын төрөл зүйл олон, өвөл урт бас хүйтэн, зун нь богино, халуун байдаг. Энэхүү онцгой уур амьсгалд цагаан ямаа өвс бэлчээр голохгүй, арчилж маллахад амар, тэжээл авах нь түргэн, хүйтэнд тэсвэртэй зэрэг олон талын онцлогт яв цав тохирно.

        Шилийнголын малчид гэдэг мал сүргээ нарийн арчлан додомддог ажилч хөдөлмөрч хүмүүс. Нутаг бэлчээрээ зөв ашигладаг ухаалаг хүмүүс. Хаврын урин дулаан болоход энэ газрын малчин айлууд ямаан сүргээ цасны доороос гарч буй нарийн соргог өвс бэлчээрийг дагуулан, өдөр өдөр сэлгүүлэн хариулдаг. Учир нь өнгөрсөн намрын эрт орсон цасанд дарагдан далдлагдсан өвс бэлчээрт бэлчээрлүүлбэл хаврын гачигт тардсан ямаад ч түргэн тэнхэрдэг байна. Халуун нартай хар чийггүй өдөр бол малчид ямаан сүргээ өглөө сэрүүнд эрт бэлчээрт гарган, нарийн сэрмүүн шинэ соргог ногоотой бэлчээрийг дагуулан хангай газар, гол булгийн хүйтэн усанд усалдаг заншилтай. Ямаад нь ногоонд цадвал хааяа нартай өдөр салхины уруу ширүүхэн тууж хөлөргөдөг бөгөөд зуны үргэлжилсэн бороотой өдөр ямаагаа заавал амьтай усаар усалдаг. Учир нь ямаан сүргээ тарга авуулах, мөн ямаад нь тогтоол ус ууж өвчлөхөөс сэргийлдэг байна.

        Үүний тухай ажилч малчин Ариунбаярын мал маллах туршлагыг энд дурдахад таатай байна. Арван жилийн өмнө хориодхон ямаатай байсан малчин Ариунбаяр цөөн хэдэн ямаагаа хонин сүрэгтээ дагуулан маллаж байсан. Ямаад нь ихэрлэх нь олонтаа, маллахад амархан, хавартаа ноолуурын орлого сайн олдог байв. Тэгээд ямаагаа хайрлаад худалддаггүй бөгөөд одоо 20-иод ямаа нь өсөөд 200 болжээ.

        Тэднийх 260 гаруй га нутаг бэлчээрээ гурав хуваан, зун, хавар, өвлийн бэлчээр гэж улирал сэлгэн ашиглаж байгаа нь цаанаа учиртай. Нэг хэсэг бэлчээр нь дэрс ихтэй, зуд шуургатай хүйтэн өвлийн улиралд мал сүргээ энэ бэлчээртээ тавьбал нөмөртэй дулаан байдгаас ямаад нь өвлийн хүйтэнд даарч бээрээд хээл хаях учир гардаггүй. Зуны цагтаа хэрэглэхээр бэлтгэсэн бэлчээр нь бороо хур сайтай бол өвсний төрөл зүйл нь их болж, сайн муу өвс бүгд ургадаг тул бэлчээр өвс голдоггүй ямаан сүргийн идэшлэх хамгийн тохиромжтой газар болдог. Хаврын цагтаа ашиглахаар тусгай хадгалж үлдээдэг хүрээлсэн бэлчээр шим сайтай өвсөөр голлож, өөр цагт мал оруулдаггүйгээс соргог байдаг. Ийнхүү хаврын төлийн үед ямаагаа энэ  хүрээндээ бэлчээрлүүлбэл ямаад нь яг л тусгай бордоогоор бордсон юм шиг таргалж төл мал маш сайн байдаг.

        Ажилч малчдын ийм нарийн нямбай арчилгаанаас Шилийнголд Үзэмчин цагаан ямаан сүрэг өнөр болов. Бүрэн бус бүртгэлийг үндэслэвэл Баруун Үзэмчин хошууны Хоолойтынгол багт өнгөрсөн зууны 90-ээд оны сүүл болтол 500 ямаатай айл арваад байсан бөгөөд 300 шахуу ямаатай айл 40-өөд, 100 гаруй ямаатай айл захаас аваад байдаг байлаа гэдэг. Одоо ч Шилийнголын тал нутагт Үзэмчин цагаан ямаадын сүргийн чимэгтэй малчин айл олон болж, тэд ямаа маллах хашир туршлагаар үлэмж их. Малчин Оюунбаатарын бэлчээрт ямаан сүрэг голтой бэлчих болсон.

        Ямаа бэлчээр шилэхгүй, тэжээл өвс нэг их хэрэглэдэггүй, тэжээл авах нь сайн, тэнхрэх нь түргэн, үнэ ханш нь багагүй зэрэг олон давуу тал нь Оюунбаатарт ямаа маллавал аж ахуйн талаар ашигтай гэдгийг мэдэв. Тэдний хонин сүрэгт ямаа хагасаас илүүг нь эзлэх болж, бэлчээрээ гурван хэсэг хуваан төмөр хүрээгээр хүрээлэн улирал ээлжлэн ашиглаж байна. Ямаа маллахад даарч жингэнэхийг нь анхаарах хэрэгтэй байдаг ч Оюунбаатарынх өвлийн хүйтэнд ямаагаа үргэлж задгай хашаа хороонд хашдаг. Жаврын мал жавартаа гэдгээр задгай хашаа хороонд хашвал ноолуур нь улам зузаан суудаг байна. Нэг ямаанаас дунджаар 400 гр илүү ноолуур авдаг. Тэрчлэн байнга хэвтрийг нь шинээр сольж дулаалдгаас ямаад нь задгай хороонд хашсан ч хээл хаядаггүй.

        Тэрээр: - Ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлье гэвэл арчилгааны талаар нарийн байх хэрэгтэй. Зун намартаа цаг агаарын байдлыг байнга анхаарах хэрэгтэй. Өвөлдөө давстай ус уулгаж болохгүй хэмээн мал маллах туршлагаа хуваалцлаа.

        Тиймээс бэлчээр усандаа зохицсон, аж амьдралынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, аж ахуйн ашиг орлогын дансаа сайн бодож, мал ахуйгаа зохицуулан маллах нь зөв сонголт зөв бодлого байж таарна. Үзэмчин цагаан ямааг сонгон маллаж, шилдэг үүлдэр болгон өсгөн үржүүлсэн хашир малчдын арга туршлага яг үүний бодит жишээ болж байна.

        - Мал маллахад бэлчээр нутагтаа зохицуулах нь чухал байдаг. Манайх ч нутаг бэлчээрийнхээ байдалд зохицсон малаа өсгөж ирснээр одоо 300 гаруй ямаатай болчихлоо. Арваад жил мал малласан туршлагаасаа харахад нэг ямааны зардал жилдээ дунджаар 100-120 юань орчим болж, ноолуурын орлого ямаандаа зараад хүрдэг болохоор ишиг нь цэвэр орлого болж үлдэнэ хэмээн Шилийнголын баян малчин Улаанхуар ярьж байв.

        Их шилийн нутагт ямаагаа өсгөж яваа ямаат баян малчин захаасаа аваад олон. Ямааны ашиг шимээ боловсруулж байгаа, ямааныхаа ноолуурын гаралтыг нэмэгдүүлж байгаа, арьс ширийг нь нарийн боловсруулан хэрэглэж байгаа, ямааныхаа ашиг шимийг эм эмнэлэгтэй уялдуулж байгаа жишээ ч муугүй олон бий. Тэр бүхний түүхийг ярихад эрхгүй хүний сэтгэлийг догдлуулдаг нь мал эзэн хоёрын ээнэгшил юм уу даа.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл