Өвчин зовлонг хайхралгүй үнэн хайраар амьдралаа гийгүүлж яваа нэгэн бүсгүйг ярихаар эрхгүй сэтгэл уярах бөгөөд амьдрал хайр дээр тогтдогийн учрыг улам гүн ухааруулах юм.
Өвчин зовлонтой эр нөхрөө нэг л сэтгэлээр асран халамжилж яваа энэхүү энэрэл журамтай эгэл жирийн малчин бүсгүйг Саранцэцэг гэдэг. Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур суурингийн Цагааннуур багийн малчин. Тэрээр саа өвчинд нэрвэгдсэн Эрдэнэ-Уултай хуримлан айл гэрээ босгожээ.
Эрүүл саруул байсан Эрдэнэ-Уул 2001 онд гэнэтийн өвчинд нэрвэгдэж мэдээ алдан, хошууны монгол эмнэлгийн хороонд үзүүлэхэд хурдан чанартай тархины сүрьеэ гэсэн онош гарчээ. Хоёр сар гаруй эмнүүлж ухаан орсон боловч саа өвчин болж үргэлжлэн сайн эмчлүүлэх шаардлагатай болов. Өнчин өрөөсөн, амьдрал хүнд Эрдэнэ-Уулд үргэлжлэн эмчлүүлэх нөхцөл боломжгүй болохоор мэдрэлийн судас нь улам дарагдан алхаж чадахгүй болж хүний гарт оржээ. Хорвоогийн уудам зайд хослон жаргах сайхан мөрөөдөлтэй үерхэж явсан Эрдэнэ-Уул нь өвчин зовлонд ороогдож шаналахыг энэрэнгүй сэтгэлтэй Саранцэцэг үзээд эрхгүй өр өвдөн, үнэнч хайрын эрхэнд нэг сэтгэл нэг зоригоор түүнийг асран халамжилсаар ирэв. Саранцэцэг багаасаа өвчтэй ээжээ асран халамжилж өссөн болохоор угийн өр зөөлөн нэгэн.
Үнэнч хайр ертөнцийн аливааг уяруулж чаддаг учир тэр хоёр 2005 онд хуримаа хийж, үрийн зулай үнэрлэн охинтой болов. Саранцэцэг хоёрдугаар зэрэглэлийн хөгжлийн бэрхшээлтэй болсон эр нөхрөө асарч халамжлахын зэрэгцээ охиноо сургуульд өгч хошууны төв Улиастай сууринд сууж байна. Хэдэн жилийн өмнө Дуут нуур суурингийн хүүхдийн цэцэрлэгт хүүхдээ өгч байхдаа Саранцэцэг амьдралдаа бага ч гэсэн орлого нэмэрлэхээр өдөр нь дэлгүүрт ажиллаж, зав чөлөөгөөрөө эр нөхрөө асарч хоол ундыг нь хийсээр иржээ. Хошууны төвд ирж суусны дараа өдрийн гурван хоол унд бэлтгэх, охиноо хүргэж авах зэрэг гэрийн аар саар ажил нь олон болж, өөр ажил хийж орлого олох нөхцөлгүй болжээ. Гэвч Саранцэцэг хэзээд уужуу тайвуу сэтгэлээр амьдрал ахуйгаа додомдож, эр нөхрөө халамжилж явна. Өдөр бүр эр нөхрийнхөө идэж уухыг зохицуулан, хөл нурууг нь угааж арчин, хөл гарыг нь барьж асардаг ба түүнтэй шатар, хөзөр тоглон санаа сэтгэлийг нь сэргээдэг. Заримдаа зүтгүүр тэргэнд суулган гадуур явах ба түшиж тулан хөдөлгөөн хийлгэдэг. Ийнхүү Саранцэцэгийн үнэнч сэтгэлийн хариуд түүний нөхөр нь хэзээд сэтгэл баян, нүүр царайг нь хэн харсан ч эрүүл хүн шиг харагддаг.
Амьдрал хайр дээр тогтдог гэдгээр Саранцэцэгийн үнэнч хайр ариун зүтгэлээр энэ нэг гэр бүл баяр баясгалантай байдаг. Эрдэнэ-Уул :
- Манай гэрийн орлого нэг их биш. Хөдөлмөрлөх чадалтай нь зөвхөн манай эхнэр, гэвч эхнэр маань хүүхэд бид хоёрыг асарч халамжлаад өдөр өнгөрнө. Өөр ажил хийх боломжгүй. Одоо манай гэрийн орлого нутаг түрээсэлсэнорлогоос гадна миний халамж л байна. Эхнэр маань асарч додомдсоны сайнаар би сэтгэл амар жаргалтай амьдарч байна хэмээн ярьж байлаа.

