solongonews
Арьсан дээр амилсан амьдрал
2016-05-31 15:51
Арьсан дээр амилсан амьдрал сайхан.

     Өвөр Монголын Дөрвөд хошууны үндэстний соёл гар урлалын салбарын уран бүтээлийн хүрээлэн нь тус хошууны Хасар талбайн зүүн талд байрлаж, үндэстний гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүр, үндэстний хувцас загварын дэлгүүрүүд зах дараалан жигдэрч үндэстний онцлог бүхий худалдаа наймаагаараа онцгой харагдаж байлаа.

Өөрийн ажилч хоёр гар, авьяас чадвараараа амьдралаа босгосон арьсан гар урлалын бүтээгдэхүүн урладаг Нарс “Бэрс гар урлалын өргөө”-гөө өнгөрсөн жил энэхүү дүүрэгт нүүлгэн иржээ. Дэлгүүрт нь ороход үндэстний онцлогт хээ угалзтай ханын цаасаар дэлгүүрээ урлан чимж, ханан дээрээ арьсан сийлмэлийн уран бүтээлүүдээ өлгөж, модон шүүгээн дээр арьсан бүс, арьсаар урлаж хийсэн ханын цаг, нүдний шилний арьсан гэр, хэтэвч зэргийг өржээ.

Нарс Хөххот үндэстний их сургуульд зар сурталчилгаа дизайны мэргэжлээр суралцаж, сургуульд суралцаж байхдаа арьсан урлалын мэргэжлийг сонгон суралцах хичээлээр сонгон гурван жил хичээллэсэн байна. Урлал сийлмэлд дур сонирхолтой Нарс сургуулиа төгссөний дараа сургуулийнхаа арьсан урлалын багшаар гурван сар гаруйн хугацаатай арьсан урлал хийх арга техникийг сурч, урлал сийлмэлийн мэргэжлээ дээшлүүлжээ.

Дөрвөд хошуу уржнан жил хошууны төвдөө гар урчуудын хүрээлэн байгуулж, тус хошууны хэмжээний гар урчуудыг нэг дор төвлөрүүлэн удирдан зохион байгуулж, хот орж бизнес эрхлэгчид буюу саяхан сургуулиа төгссөн оюутнуудын  ажил хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн тус дэмжлэг болсон байна.

   - Дэлгүүрээ 2010 онд ажиллуулж эхэлсэн. Уг нь нэг гудамжинд жижиг дэлгүүр ажиллуулж байснаа өнгөрсөн жил энд нүүж ирсэн. Эхний жил түрээсийн мөнгө авахгүй байсан бол дараа жилээс бага сагаар түрээсний мөнгө авах болсон. Үндэстний онцлог бүхий дэлгүүрүүдийг нэг дор төвлөрүүлсэн нь дэлгүүр эрхлэгчид болон хэрэглэгчдэд бүр амар болсон гэж Нарс ярив.

Өнгөрсөн намар Дөрвөд хошууны тавиад айл өрх хамтран Дөрвөд гар урчуудын нийгэмлэг байгуулж, Нарс тус нийгэмлэгийнхээ дэд даргын тушаалыг хариуцжээ.

Идэр залуу насандаа бизнес эрхлэх замаар замнасан Нарс хэзээ ч ямар үед хийж бүтээхийг бодож сэтгэж суудаг. Тэрээр арьсан урлалаа хийхийн хажуугаар өнгөрсөн намар үндэстний онцлог бүхий ханын цаасны дизайн зохион хэвлүүлж, Өвөр Монголын хэмжээнд борлуулсан байна.

Монгол онцлогтой ханын цаасыг захиалан хийлгэхэд бараг 300 мянган юаний хөрөнгө оруулалт хийжээ. Хээ угалзны төрөл зүйл болон өнгө будгийг зохицуулан, нийт 15 төрөл зүйлийн ханын цаасаа хийсний дараа Шилийнгол, Баяннуур, Хөххот, Бугат зэрэг Өвөр Монголын өнцөг булангаар явж, ханын цаасаа борлуулсан гэж байв.

Тэрээр бас хошууныхаа таван өрхтэй хамтран Хөххотод гар урлалын бүтээгдэхүүний худалдааны дэлгүүр ажиллуулсан бөгөөд өөрийн хийсэн арьсан урлалын уран бүтээлүүдээ Wechat ашиглан худалдаж байна.

   - Арьсан урлал хийхэд гарын хүч дэм их шаардагддаг болохоор анх эхэндээ гар өвддөг ч яваандаа эв дэмийг нь олж гаршжээ. Сургуулиа дүүргээд нийгэмд зохицож хөлөө олж, аж амьдралаа өөд нь татна гэдэг тийм амархан зүйл биш юм. Өөрийн эзэмшсэн арьсан урлалын мэргэжлээ улам дээшлүүлж, хожим уран бүтээлийнхээ төрөл зүйлийг шинэчлэн, өөрийн хэв маяг бүхий арьсан урлалын бүтээгдэхүүн олон арваар хийхээр төлөвлөж байна. Тэр дундаа манай нутагт иймэрхүү үндэстний онцлогтой дэлгүүр цөөн байдаг. Иймээс үндэстнийхээ гар урлалын өвийг олон хүмүүст танилцуулж, мэдрүүлэх зорилготой байна гэж урам зориг дүүрэн ярьж байлаа.

Нарс арьсан урлалын бүтээгдэхүүнээ хийж худалдахын хажуугаар бас олон олон уралдаан тэмцээнд оролцож, өөрийн уран бүтээлүүдээ олонд дэлгэн үзүүлсэн байна.

   Тэрээр найман муж орны анх удаагийн “Тэнгэрлэг эзэн” цомын нэрэмжит үндэстний гар урлалын бүтээгдэхүүний тэмцээний арьсан урлалын төрлийн хоёрдугаар зэргийн шагнал, Улаанцав хотын анх удаагийн “Шэнь Жөү буюу Хувилгаан завь” цомын нэрэмжит үндэстний соёлын эдлэл хэрэгслийн салбарын мэргэжлийн үзэсгэлэнгийн онцгой шагнал, хар луу жилийн дөрвөн хүүхдийн аймгийн монголчуудын цагаан сарын арга хэмжээн дэх уран зургийн гар урлалын тэмцээний нэгдүгээр байр зэрэг олон шагнал урамшууллаар шагнагдаж байжээ.

Нарс ийнхүү уран гараараа амьдралаа арьсанд сийлж, ур чадвараараа нарны хорвоод гялалзаж явна.

Зохиогч: Баярцэннгэл, Урантана
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл