Тус уралдаанд айргийн гуравт хурдалсан морь бол Шилийнгол аймгийн Авга хошууны Наранбулаг сумын Баяншил багийн нэрт уяач Өлзийбатын хурдан хээр юм. Харамсалтай нь Өвөр Монгол орны хэмжээнд анх удаа зохиогдож байгаа энэхүү “TOYOTA — PRADO” машины шагналын сантай уралдаанд унаач хүүгийн алдаанаас болж аз дутуудлаа. Ийн энэхүү харамсал дүүрэн хоцорсон хурдан морьтой танилцахаар түүний эзэн, удаан жилийн хашир уяач Өлзийбатыг сурвалжилж билээ.
Харамсал хаанаас ирэв гэхээр “Хулатын хурд” хурдан морины шигшээ уралдаанд тэргүүлж ирсэн Ар Хорчин хошууны хар морь нь Авга хошуунд болсон бэлтгэл уралдаанд Өлзийбатын хээр мориноос бараа тасран хоцорч байсан ажээ. “Зангилаан цагт жаран саад” гэгчээр урьд нь унаж байсан монгол улсын унаач хүүхэд нь тус удаагийн шигшээ уралдаанд ирж амжаагүй, өөр хүүхэд унасан юм байна. Уралдаан эхлэхэд хурдан хээр арван хэд дүгээрт хөдөлж гараад зам дундаа эхний гуравт оров. Их удалгүй тэргүүн морийг гүйцэж зуузай холбон давхиж байгаад гэнэт унаач хүүхэд жаахан алмайрч жолоогоо буруу тал уруу нь залсан байна. Ийн нэлээд хоцорч, барианы газар ойртоход маш олон мотоцикл машинаас болж ахин гүйцэж чадалгүй айргийн гуравт хурдалжээ.
Хурдан морины шинж тэмдэг цаанаа нэг ондоо гэдгээр шандас сайтай энэхүү хээр нь цаа богийн төрх, тайган нохойн гэдэс, чонын хоёр нүд, цолмон хоёр чиг, урт сэрвээ, уужим ташаатай төрсөн болохоор яахын аргагүй гайхалтай сайхан харагддаг. Яг ийм ганган цогцос гайхамшигт төрхтэй болохоор уяачдын дунд “богийн шинжтэй хээр” хэмээн алдаршсан ажээ. Энэ морь нь хэдий үүлдрийн азарганы унага боловч Өлзийбатын нутгийн гүүнийх нь төл билээ. Уясан цагаасаа аваад хурдлах шинж нь мэдрэгдэж хязаалан байхдаа аман хүзүүнээс буугаагүй хийморьтой сайн давхиснаар барахгүй их насны уралдаанд ч удаа дараалан тэргүүлсэн байдаг.
Хүн нэг эндэж, хүлэг нэг бүдэрнэ гэгчээр “Хулатын хурд” хурдан морины уралдаанд аз дутуудаж харамсал өвөрлөсөн дөчөөд жилийн гарамгай уяач Өлзийбат гуай:
- Ийм их шагналын сантай хурдан морины наадам манай оронд анх удаагаа болж байгаа болохоор би энэхүү хээр мориныхоо уяа сойлгыг нь тааруулахад маш их сэтгэл гаргасан. Хээр морины маань уяа ч бол сайхан тохирсон гэж амьхандаа бодож байсан. Арай жаахан туршлага дутуудлаа ч юм уу гэж бодно. Дагууд нь хэлэхээс машин унаа уралдааны морьдын хоёр талаас дэндүү шахаж орж ирэх байдал хурдны морьдод их саад болж байна гэж бодож байна” гэлээ.
