\nНийтлэлийг М.Банди

Өглөөний наран Далан хар уулыг гэгээн гэрлээрээ тэтгэж, орчлон дэлхийд шинэ өдрийг урин авчирлаа. 9 дүгээр сарын 1-ний өглөө. Хөххотын Үчуань шяний Далан хар уулнаа Японы эсрэг партизан дайны суурин газрын дурсгалт хүрээлэнд Дундад улсын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн Фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Дундад улсын Төрийн дууллын дуунд ёслол төгөлдөр эхэллээ. Энгэртээ гавьяаны тэмдгээ гялалзуулсан ахмад дайчид, удирдах албаны хүмүүсээс авахуулаад энх тайван цагт эрдмийн жолоог атгагч сурагч багачууд хүндэтгэлтэйгээр оролцов.
70 жилийн тэртээх энэ өдрүүдэд амь биеэ үл хайрлан эх орон, ард түмнийхээ энх тайван ийм амгалан өнөөдрийн төлөө олон арван дайчид дайнд мордсоныг хэн хүнгүй мэдэх учиртай. 1938 оны өвөл Наймдугаар замын цэргийн Далан харын салбар ангийн захиргааны газар энд ирж суурьшсан билээ. Тухайн үед Наймдугаар замын цэргийн Далан харын салбар ангийн захиргааны газар хүрч ирснээр Японыг эсэргүүцэхээр ард түмнийг уриалав. Улмаар цэрэг ардыг зохион байгуулж түрэмгийллийг эсэргүүцэн, ард түмний итгэл хүндлэлийг олж, олон залуус эх орны төлөөх дайнд сайн дураараа оролцохоор нэгдэж байсан. Эдгээр эр цэргийн хатан зориг, халуун амиараа сольж ирсэн хөрсөн дээр энэ өдөр ялалтын дуун цуурайлж, цэцгийн баглаанууд үрэгдсэн дайчдын хөшөөний өмнө үнэн түүхийг өгүүлэн өнгө алаглаж харагдана.
Далан харын Японыг эсэргүүцэх суурин газар бол Дундад улсын Японыг эсэргүүцэх 19 суурин газрын нэг юм.Түүнчлэн Шаньши, Сүйюань нь Японыг эсэргүүцэх суурин газрын чухал бүрэлдэхүүн хэсэг нь болно. Зүүн зүгт Хүйтэн шил, баруун тийш Бугат, Гү-Янь, өмнө зүгт Хатан гол, цагаан хэрэм, хойд зүгт Дөрвөд хошууг хамарна. Энэхүү дайны халуун цэгт байрлах Далан харын Японыг эсэргүүцэх цэргийн анги шуугих суман дундуур сөрөн, 1938 оны 9 дүгээр сараас 1942 оны 10 дугаар сарыг хүртэл 500 гаруй удаа дайн болжээ.
Мөн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Хөххот болон Үчуань шяний удирдах албанаас хүрэлцэн ирсэн ахмад дайчиддаа хүндэтгэл дэвшүүлсэн бол тус шяний дунд сургуулийн хоёр сурагч “Үндэстний зориг санаа” нэртэй шүлэг уншиж, залуу үеийнхний нэгэн төлөөлөл эх орны төлөөх сэтгэлээ илэрхийлсэн байна.
90 насны өндөр давааг давж, ихийг үзэж бэрхийг туулсан ахмад дайчин Лю Жэнь энгэр дүүрэн одонгоо гялалзуулан индэр дээр очиж, хурсан олонд хандан баяр гуниг хосолсон сэтгэлээ дарж ядан хуучилна. Тэрээр хэлэхдээ:- Миний бие Японыг эсэргүүцсэн ахмад дайчдын хувиар энэхүү тэмдэглэлт арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Японы түрэмгийлэгчид 1931 оны “9 дүгээр сарын 18-ны Хэрэг хувьсал”-ыг үүсгэснээр Дундад улсын зүүн хойд хэсгийг хүчээр эзэлсэн бол мөн 1937 оны Японы “7 дугаар сарын 7-ны Хэрэг хувьсал”-аар Дундад улстай бүх талаар дайн зарласан. Ийм хүнд хэцүү байдалд орсон Дундадын ард түмэнд халуун амиа үл хайхран тэмцэлдэж, Японы эсрэг агуу их ялалтыг байгуулан, өөрийн нутагтаа эзэн сууж чадсан юм. Дундадын Японыг эсэргүүцсэн дайн бол Дэлхийн үндэстний чөлөөлөлтийн түүхэн дэх нэгэн гэрэлт хуудас, Дундадын үндэстний баатарлаг тууль билээ. Өнөөдөр миний бие Далан харын хувьсгалын суурин газар ирж, энэхүү тэнгэр газар мэт их өөрчлөлтийг хараад сэтгэл өндөр байна. Эх орны маань маргааш улам гэгээн саруул болно гэдэгт итгэл дүүрэн байна. Энх тайван үүрд мөнх байг гэж ярьж байлаа.
Халдахаар ирсэн дайсанд хуруу дарам нутгаа ч өгөхгүйн төлөө халуун амиа хайрлалгүй тулалдаж явсан эдгээр хүмүүс өнөөдрийн нарыг өнгө гэрэлтэй нь бидэнд уламжилж өгсөн. Өнгөлзөх дайсны өмнөөс өчүүхэн ч сүрдэлгүй тэмцэлдэж, өмөг түшиг болсон нутгийнхаа халуун элгэнд өнөд нойрссон эрхэм баатруудыг эргэн дурсах учиртай.
Тийм ээ, тухайн үед дайны халуун цэг болж байсан Далан хар уулаа дагасан энэ нутагт хөгжлийн их аян өрнөж, хүн ард нь тэнүүн жаргалтай аж төрж байна. Мөн энэхүү хувьсгалын ул мөр гүн тамгалагдсан суурин газраа мөнхлөн дурсаж байх зорилготойгоор тус шяниас Далан харын Японыг эсэргүүцэх салбар ангийн дурсгалын ордон, хүндэтгэлийн хөшөөг босгожээ. Дурсгалын ордон нь гурван танхим, 17 хэсэгтэй. Хаалгаар нь ороход төв танхим угтана. Дурсгалын ордны танилцуулга, Японыг эсэргүүцэх дайн эхэлсэн, хувьсгалын суурин газар үүсгэн байгуулагдсан, амь үрэгдсэн баатруудын нэрсийн самбар зэрэг 9 хэсэгтэй бол зүүн, баруун хоёр танхимд дайны тухай гэрэл зургууд, зэр зэвсэг, хэрэглэж байсан эд зүйл, бичиг материалыг дэлгэн үзүүлж, хойч үеийнхэндээ түүхэн үнэнийг өгүүлж байна.
Он цаг өнгөрсөн ч түүхийн үнэн хэвээрээ, энх тайван цаг гэмээнэ хүн төрөлхтний эвийн түшигт бадамлан орших нь учигтай.

Цэцгийн багцаар чимсэн үрэгдсэн баатрын хөшөө

Төрийн дуулал эшиглэнэ.

Хүндэтгэл үзүүлнэ.

Ахмад дайчдын алхаа

Хүндэтгэлийн жагсаал

Хувьсгалын хуучин суурингийн зураг
