solongonews
Шинэ сэтгэхүйтэй содон бүтээлийн соёрхол
2016-08-24 10:57
— “Зандан хүрэн” нэрэмжит тэмцээний тухай сурвалжилга

       Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат сууринд “Зандан хүрэн” нэрэмжит тэмцээний шагнал гардуулах ёслол 8 дугаар сарын 3-ны өдөр болсон.

        Хошуу нутгийнхаа утга урлагийн хөгжлийг өндөр түвшинд хүргэн, уран бүтээлчдийн идэвхийг дайчлах үүднээс Шулуун Хөвөөт Цагаан хошууны Засгийн газар санаачлан, Утга урлагийн холбоо уг тэмцээнийг зохион байгуулжээ.

        Шулуун Хөвөөт Цагаан хошуу “Хятад улсын үндэстний цөөнхийн зохион бүтээх суурин” хэмээх сайхан алдартай бөгөөд тус нутгаас маш олон соёлын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн гарч, хошуу нутгийнхаа алдрыг улс даяар дуурсгасан байдаг. Эдгээр олон соёлын нэрт зүтгэлтний нэг болох алдарт туужсын зохиолч Цэрэнжавыг дурсахын зэрэгцээ, ард олны дунд нөлөө ихтэй содон бүтээл болох түүний “Зандан хүрэн”-ээр нь нэрийдэн уран бүтээлчдээ уран бүтээлийг сорих тавцан болгож байгаа нь энэ юм. Энэ удаагийн тэмцээнийг томчууд, залуучууд хэмээн хоёр багт хуваажээ. Тэмцээний бүтээлийг 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдөр болтол бүх хошууны хэмжээнд бүртгэж, уран бүтээлчид заавал шинэ бүтээлээ дэвшүүлсэн байх хэрэгтэй гэсэн шаардлагатай байлаа. Сонгогдсон 30 гаруй бүтээлийн дотроос томчуудын хэсэгт “Солонго” шагналт зохиолч Эрдэнэтогтох “Зэргэлдээ айл” хэмээх өгүүллэгээрээ тэргүүн байрыг эзэлж, Т.Соёлт, Равданцэрэн нар хоёрдугаар байранд шалгарсан бол залуучуудын хэсэгт яруу найрагч Т.Эрдэнэчимэг “Хайрын үнэр” хэмээх шүлгээрээ нэгдүгээр байрын эзэн болж, Хөтгүйд Алтанбүргэд, Ч.Ярэнэхүү хоёрдугаар байранд орсон байна. Сонгогдсон 30 гаруй бүтээлээс 18 бүтээлийг шалгаруулж шагнал гардуулсан бөгөөд эдгээр бүтээлийн дотор нэлээд сайн, цаг үеийг дагаж шинэ сэтгэхүйгээр бичигдсэн бүтээлүүд шүүгчдийн өндөр үнэлгээг хүртлээ.

Тусгай шүүгч урин, шалгаруулах комисс байгуулсан бөгөөд зохиогчийн нэр хадуулахгүйгээр уран бүтээлүүдийг шалгаруулжээ. Шалгаруулах комиссын гишүүнээр ажилласан “Шилийнгол” сэтгүүлийн ерөнхий найруулагч, “Солонго” шагналт яруу найрагч П.Цогтнаран:

        - Энэ удаагийн тэмцээнийг жилийн эхэнд зохиогдсон Цахар гэвш нэрэмжит тэмцээнтэй харьцуулахад оролцсон хүний тоо харьцангуйгаар нэмэгдэж, бичигдсэн арга барил буюу сэдвийн талаар нэлээд ахисан байдал ажиглагдлаа. Томчуудын хэсэгт тэргүүн байрыг эзэлсэн Эрдэнэтогтох бол уран бүтээлч, түүний ‘Зэргэлдээ айл’ хэмээх бүтээл нэлээд гүн санаа агуулсан, өргөн агуулгыг хамарсан байна. Мөн хүмүүсийн оюун санаанд өөрчлөлт хийх хэлээд дорвитой бүтээл болжээ. Залуучуудын хэсэгт тэргүүн байранд орсон Т.Эрдэнэчимэгийн ‘Хайрын үнэр’ хэмээх яруу найраг бол залуучуудын шинэ сэтгэхүйгээр бичигдсэн дотоод сэтгэл, мэдрэмж, үг хэлний нарийн тунгалаг их хүч оруулснаараа онцлог болжээ. Өөрөөр хэлбэл уран бүтээл нь өвөрмөц чанар, өвөрмөц өнцөгтэй, өөрийн гэсэн өнгөтэй харагдаж байна гэлээ.

        Шулуун Хөвөөт Цагаан хошуу уран бүтээлчдийнхээ зохион бүтээх идэвхийг дайчлах үүднээс энэ төрлийн үйл ажиллагааг үргэлж зохион байгуулж байгаа бөгөөд энэ нутгаас гарсан соёлч хүмүүс, эрдэмтэн мэргэд ч уран бүтээлчдийг хүндэтгэн хүмүүжүүлэх үүднээс үйл ажиллагааг биечлэн хийж, зарим нь дэмжин тусалж уран бүтээлчдээ урам хайрласаар байна. Ийм сайхан орчин нөхцөлтэй болохоор сайн бүтээл, шинэ сэтгэхүйтэй содон бүтээл энэ нутгаас цэцэглэж гарахгүй ч яах билээ.

 

 

Зохиогч: Ө.Туяа
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл