\n
Улаанхад хотын Сүншань дүүргийн Их сүм багийн Бага сүм тосгоныхон “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн эрдэнэ мөн” гэх хөгжлийн үзэл баримтлалын дагуу бохирдолгүй нөөц баялагт түшиглэн орон нутгийн хөгжлийг урагшлуулж, “аж үйлдвэр хөгжсөн, экологи байгаль орчин таатай, соёл иргэншилтэй, амьдрал баян чинээлэг” хөдөө тосгоныг бүтээн байгуулах зэрэг тал дээр чармайн ажилласан байна.
2014 оноос өмнө Бага сүм тосгон шар лууван тарих салбарыг голлон хөгжүүлж, тосгоны нийт орлого нь 10 сая гаруй юаньд хүрч байсан юм. Гэсэн хэдий ч зах зээлийн өөрчлөлт, ойролцоох бүс нутгийн өрсөлдөөн, хорхой шавжийн хөнөөл зэргээс болоод шар лууван тарихад зохиомжгүй болсноор тус тосгоны хоёр зөвлөлийн удирдах баг илүү чанартай хөгжлийн төлөө хятад эмийн материал тарих дээр анхаарлаа хандуулсан.
2014 онд Бага сүм тосгон Хундү тариалангийн тусгай хоршоо байгуулж, хятад эмийн материалыг тарьж эхэлжээ. Хэдэн жилийн дараа тариаланчид хятад өвсөн эм тарихыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тусгай хоршооны эмийн материал тарьсан талбай 500 мү байснаас өнөөдрийн 4000 мү болон нэмэгдэж, төрөл зүйл нь шүүргэнэ, туулайн мангир зэрэг 10 гаруй болжээ.
Эм эмнэлгийн аж ахуйн нэгжүүдтэй худалдан авах гэрээ байгуулж, захиалгаар тарихыг дэмжиж, эмийн материалын борлуулалтыг баталгаажуулж, үнэ ханшийг тогтвортой болгосон. Үүний дээр 3 сая юанийн хөрөнгө оруулж эмийн материал боловсруулах үйлдвэр байгуулан, эмийн материалыг нарийн боловсруулж, боловсруулсны дараах хятад эмийн бүтээгдэхүүн нь Хятадын Аньхүй, Хэбэй зэрэг муж оронд зарагдсан юм. Үүнээс гадна эдгээр эмийн материал нь зүүн өмнөд Ази, ОХУ, Солонгос зэрэг орнуудад экспортлогдсон байв. Үүнээс хойш хүн дунджийн тариан газар 2 мү хүрэхгүй, шар лууван тарихаар гол болгож байсан Бага сүм тосгоны иргэд ядуурлаас ангижран, чинээлэг амьдралтай болох замаар замнасан байлаа.
- Ядуу буурай өрх нэг жилд мү бүрээс 1000 юань олдог. Тусгай хоршоонд ажиллавал жил бүр 36 мянган юанийн орлоготой болох боломжтой бөгөөд тэднийг бас даатгалаар даатгуулна. 2018 оноос хойш тосгонд нийт 60 тариачин өрхийн 75 иргэн тусгай хоршоод ажиллаж, үүнээс 13 ядуу буурай өрхийг хамруулж, тусгай хоршооноос жил бүр ядуу буурай өрхөд нийт 144000 юанийн эд хөрөнгийн ашиг хүртээх мөнгө олгож байна. 2019 онд хятад өвсөн эмд түшиглэн Бага сүм тосгоны нэг хүнд ноогдох жилийн дундаж орлого 2500 юань нэмэгдсэн гэж Бага сүм тосгоны эрхлэгч Ли Юүнбүө танилцууллаа.
2017 онд Бага сүм тосгон хөгжлийн шинэ хэв маягийг хайж, 1300 мү талбайтай тосгоны ногоон байгууламжийн төслийг хэрэгжүүлж, 200000 суулгац суулган тосгоны 5370 мү тариан газарт дуслын усалгааны технологи нэвтрүүлсэн. Мөн тосгоны гол аж ахуйн нэгжид эрчим хүч хэмнэн бохирдолгүй хөгжлийг биелүүлж, тосгоноор урсан өнгөрөх голын дээд доод урсгал болон хоёр эргийг засан өөрчилж “бохир ус”-ыг дахин “тунгалаг ус” болгосон юм.
Энэ оны 04-р сард Сүншань дүүргийн Их сүм багийн хэдэн зуун намын гишүүн Бага сүм тосгоны хойд талд байрлах уулыг нээн ашиглаж, 30000 гаруй суурь улаан гүйлс, алимны мод тарьсан. Өмнө нь энд салхилахад шар шуурга дэгддэг эзгүй газар байсныг хэн мэдэх билээ.
- Хоёр жилийн дараа энэ жимсний модны ойн мү бүрээс 2500 юанийн орлого олох болно гэж Бага сүм тосгоны намын нарийн бичгийн дарга Жао Хүйже хэллээ.
Бага сүм тосгон хязгаартай газар шорооны нөөцөө хамгийн их хэмжээнд ашиглан, бага хэсэг бүс нутгаас олон янзын үр ашиг хүртэхээр зүтгэн ажилласаар байна.
Олон наст өвслөг эмийн ургамал шар хайч өвс бол гоёл чимэглэлийн үнэ цэнтэй байдаг төдийгүй түүний төмслөг иш нь эмд ордог.
- Өнөөдрийн зах зээлийн үнээр тооцвол шар хайч өвсний мү бүрийн дундаж цэвэр ашиг орлого нь 5500 юань хүрэх боломжтой. Шар хайч өвс эмд орох бөгөөд намрын улиралд цэцэг нь маш гоё байдаг болохоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой. Бас уулын усыг хадгалж, хөрсний идэгдлээс урьдчилан сэргийлж чадна. Үүний дээр бид олон олон ядуу буурай буюу ядуурлаас ангижирсан хүмүүсийг шар хайч өвс тарин ургуулах салбарт хамруулж чадсанаар тэдний амьдралыг өөд татах болон дахин ядууралд өртөх эрсдэлийг маш их хэмжээгээр буруулсан гэж Жао Хүйже танилцууллаа.
Өнө олон жилийн түүхтэй, үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмжээрээ Бага сүм тосгон гурван салбарыг уялдуулан хөгжүүлж, Тосгоны түүхийн ордон, Зан үйлийн ордон, жуулчдыг хүлээн авах үйлчилгээний төвийг нэг цогцлуулсан соёл, аялал жуулчлалын үйлчилгээний төвийг байгуулж, Бага сүм тосгоны хөдөө тосгоны аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулсан ажээ.
Бага сүм тосгон бохирдолгүй аж үйлдвэрийн салбарын хөгжлийг бэхжүүлэхийн хамт соёлч амьдралын хэв маягийг сурталчлан ухуулахыг зэрэг нэвтрүүлэхийг зорьж, бохирдолгүй үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулах тал дээр сүүлийн жилүүдэд ихээхэн ажил хийснийг хэлэхгүй байхын аргагүй.
Бага сүм тосгон 2018 оноос эхлэн тосгоны иргэдээ ахуйн хог хаягдлаа ангилан ялгах ажилд хамруулан, хоёр жилийн хугацааг дамжин тосгоны ахуйн хог хаягдлыг тухайн газарт нь шийдвэрлэх болж, хог хаягдлын хэмжээ 99 хувиар бага болов. Үүнээс гадна хатуу хог хаягдлыг шийдвэрлэх шинэ технологийг тосгондоо нэвтрүүлж, тосгоны ахуйн хог хаягдлыг хоргүй болгон шийдэж, хог хаягдлыг зөвхөн газарт булах аргаар шийдэж байсан уламжлалт арга маягийг өөрчилж, тосгоны ахуйн хог хаягдлыг тухайн өдөрт нь шийдэхийг техникийн дэмжлэгээр биелүүлсэн билээ.
Өдөр ирэх тусам сайжирч хөгжиж буй амьдралын орчин нь Бага сүм тосгоны иргэдийг аз жаргалтай болгосоор байна. Намын хороо, засгийн газрын дэмжлэгтэйгээр Бага сүм тосгон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төгөлдөржүүлж, тосгоны дүр төрхийг сайжруулж, тосгонд нэвтрэх зам, багт хүрэх зам бүгдийг хар зам болгон зассан. 2019 оны эцсийн хагас жилд тосгонд нийт 100 жорлонгийн асуудлыг шийдэж бүтээн байгуулж, энэ онд 318 гэрийн гаднах жорлонг байгуулсан бөгөөд уг төсөл хэрэгжсэний дараа тосгоны байнга суугаа өрх өөрийн гэсэн тусгай ариун цэврийн газартай болох боломжтой болжээ.
4000 мү эмийн материал тарьж, 1000 мү эзгүй уул болон газрыг ойжуулсан. Тосгоны хүн дунджийн цэвэр орлого 2009 оны 3000 юань хүрэхгүй байснаасаа 2019 оны 15000 юань болж нэмэгджээ. 2019 оны эцэст тосгоны бүтгэлд хамрагдсан ядуу буурай 48 өрийн 99 иргэн ядуурлаас ангижирчээ. Бага сүм тосгон бохирдолгүй аж үйлдвэрийн хөгжилд суурилан иргэдээ ийнхүү баян болгосон байна.
