solongonews
Буяндүүрэн: Гэгээнсүмийн бослого намайг хувьсгалын замаар замнуулсан
2015-09-02 18:30
Буяндүүрэн: Гэгээнсүмийн бослого намайг хувьсгалын замаар замнуулсан.

Буяндүүрэн гуай

Энэ жил 93 настай Буяндүүрэн гуай зэвсэгт бослого гаргаж, Япон цэргийн ноёныг хороосон Японы хуурамч цэргийн сургуулийн сурагчдын дотроос өнөөг хүртэл амьд сэрүүн байгаа цорын ганц хүн болно.

Хөххотын шинэ хот дүүрэгт амьдарч байгаа Буяндүүрэн гуайн гэрт 8 дугаар сарын 25-ий үдээс өмнө очиход хөгшинтэйгээ биднийг халуун дотноор угтан авлаа. Хэдийгээр мөнгөн буурал болж, таяг тулж, чих хатуу болсон ч, хараа сайн, оюун ухаан саруул, тухайн үеийн Японыг эсэргүүцэх дайн, чөлөөлөх дайнд оролцож явсан түүхээ бидэнд нэгд нэггүй эргэцүүлэн ярьж өглөө. Буяндүүрэн гуай өнөөгийн Тунляо хотын Хүрээ хошууны Баянхуа сумд төржээ. 14 настайгаасаа эхлэн Улаанхот дахь Японы хуурамч цэргийн сургуульд суралцаж, Япон эзэрхэг түрэмгийлэгчдийн колонийн ноёрхол, боолчлолд хорсож байжээ. Буяндүүрэн гуай тухайн үеийн нөхцөл байдлыг кино жүжиг үзсэн мэт эргэцүүлж ярилаа. Зөвлөлт холбоот улсын цэрэг Дундад улсын зүүн хойд хэсгийн баруун, хойд, зүүн гурван талаас Япон золиг руу галлав. 8 дугаар сарын 10-ны үдээс өмнө хуурамч цэргийн сургуулийнхан яаралтай хурал хийж, хуурамч цэргийн дарга байлдагч, сурагчид нийлсэн  600 гаруй хүнийг 4 анги хувааж ухран дутаахаар болсон бөгөөд сурагч бүр биедээ зөвхөн нэг явган буу, 200 сум, усны сав, хоолны сав л авч явахыг шаарджээ. Буяндүүрэн 4 дүгээр ангид нь хуваагдсан байлаа. “Үнэндээ тэр үед цөөн бус сурагч зугтах нь зугтсан байв”. Буяндүүрэн Японыг эсэргүүцэх залуусын нэг болсны хувьд Ван Хайшан, Баянт зэрэг багшийгаа дагаж, Японы хуурамч цэргийн ноёдтой хамт ухрах тохиол хүлээж Япон золигийг биеэрээ устгахыг бодож байлаа. Тэр өдөр ширүүн бороо цутгаж байсан ч үдээс хойнох 4 цагийн үед дөрвөн анги ар араасаа Жэнжятүн рүү ухрав. Хуурамч цэргийн сургуулийн үүдэн дэх Японы туг далбаа улаан, шар, хөх, цагаан, хар таван үндэстний бэлгэ тэмдэг болсон манж улсын туг аль хэдийн урагдан сэмэрчээ. Сургуулийн байшингийн голд байсан “Эрх дархан халдаж болшгүй” байсан хуурамч манж улсын сүлдийг ч авч хаяв. Хянган ерөнхий мужийн засгийн ордон, мужийн цагдаагийн газрын тэнхим зэрэг Японы хуурамч байгууллага Зөвлөлт Холбоот Улсын бөмбөгдөгч онгоцонд дэлбэлэгдэн дүрэлзэн ноцож, Японы хуурамч цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтан болон гэр бүлийнхэн халуун тогоонд орсон шоргоолж шиг болов. Тэр шөнө хуурамч цэргийн сургуулийн хоёрдугаар анги Хорчин баруун гарын өмнөд хошууны Жарчин айлд ухран хүрч хоноглов. Тэр орой Ван Хайшан, Баянт нар бослого гаргах гэсэн боловч дайсан сэрэмж чанга бөгөөд бороо зогсолтгүй орж байсан болохоор дараа өдрийнх нь үүр цайх үед Гэгээнсүмийн бууны дуугаар бослого гаргахаар товлосон юм. Энэ сураг чимээ маш түргэн бүх ангийн зэвсэгт бослого гаргах идэвхтнүүдэд нууцаар дамжсан бөгөөд бүх ангийнхан сурагчдын дотроос насаар ахимаг мөртөө зоригтой хүнийг сонгож, Япон цэргийн ноёныг буудан алуулахаар тогтжээ. 8 дугаар сарын 11-ний үүр гэгээрэхэд бороо зогсож тэнгэр цэлмэв. Бүх ангийнхан ар араасаа Гэгээнсүмийн ар уулын бэлд ухран ойртоход, гэнэт нэгэн зэрэг буун дуу нижигнэж, нэг мэдэхэд Япон цэргийн ноёд бараг бүгд алагдав. Оросын бөмбөгдөгч онгоц дээгүүр эргэлдэн ниснэ, бид өвсөн дотор нуугдаж байв. Энэ үед бас нэг Япон хүн машинд сууж Гэгээнсүм рүү явж байв.“ Өнөөх Япон золиг бараг юу болсныг мэдээгүй бололтой”. Буяндүүрэн амин газар нь буудахтай зэрэг тэр Япон золиг хөсөр унав. Үхсэн амьдыг хамаарахгүй Буяндүүрэн андын хамт гүйж очиж, буугаараа өнөөх Япон золгийг нүүр нүдгүй цохиж тонилгов. Олон өдөр хоногийн хорсол занал нь нэгэн зэрэг тайлагдах шиг болов. “Тэр үед сурагч байсан болохоор тус бослогын нарийн төсөвлөл төлөвлөгөөг сайн ойлгож чадсангүй” хэмээн Буяндүүрэн гуай харамсалтайгаар ярьж байлаа. Гэвч тус бослого нь түүний энэ нэг насанд маш утга агуулгатай байлаа. Түүнээс хойш тэрээр Өвөр Монголын ардын хувьсгалт залуучуудын холбоо, Өвөр Монголын морьт цэрэгт орж, хувьсгалын зам, чөлөөлөлтийн замаар замнаж, Өвөр Монголын чөлөөлөлт болон Дундад улсын чөлөөлөлтөд халуун цус хайран амиа хайрлалгүй зүтгэж балрахгүй гавьяа зүтгэлээ гаргажээ. Чөлөөлөгдсөний дараа Буяндүүрэн Өвөр Монголын морьт цэргийн тавдугаар дивизийн газрын дарга, Жирмийн цэргийн дүүргийн орлогч комиссар, Их Зуугийн цэргийн дүүргийн орлогч комиссар, Хөххотын цагдаагийн газрын орлогч комиссар зэрэг ажлыг хариуцан хийж 1964 онд “Цэрэг ангийнхан орон нутгийг дэмжих” шаардлагаар цэрэг ангиасаа орон нутагт шилжиж, ДКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хорооны мал тариалангийн хэлтсийн даргаар ажиллажээ. “Соёлын хувьсгал”-ын дунд баруунтнаар цохигдож, хал тамыг амсаж байсан ч, “соёлын хувьсгал ”-ын дарга үүрэг тушаал нь дахин нөхөн сэргэж, ДКН-ын Өвөр Монголын Баяннуур аймгийн намын хорооны орлогч нарийн бичгийн даргаар томилогдож, хожим нь ӨМӨЗО-ны дотоодын аюулгүй байдлыг хамгаалах тэнхим, ӨМӨЗО-ны хорооны Сахилга бат шалгах хороо, ӨМӨЗО-ны хорооны зөвлөгчдийн хороонд ажиллаж, 1995 онд тэтгэвэрт гарсан байна.

Зохиогч: Нарангоо
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл