“Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд Шилийнгол аймаг 49486 айл өрхийн орон сууцны байрыг шинээр барьж, орон сууцгүй буюу ядуу буурай амьдралтай, нурах аюултай байр байшинд амьдарч байсан иргэдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөв.
Усны эх суваг баялаг, худаг гаргах нөхцөл боломж сайн газар нутагт 3100 худаг гаргаж, худаг гаргах нөхцөл боломжгүй газар нутагт 3000 гаруй суурь ус нөөцлөх төхөөрөмж суурьлуулан, ус ундны нөхцөл харьцангуй муу байсан 3247 гэр бүлийн 62447 хүний ундны усны асуудлыг шийдэв. Бүх аймаг нийт 2886.35 километр гудамж талбайг засаж, өмнөх шавар шавхайтай энхэл донхол шороон зам талбайг үндсээр нь өөрчилж, хөдөө орон нутгийн зам харилцааны нөхцөлийг сайжруулав.
Шилийнгол аймаг “Арвыг хамруулах” төслийн арван төрлийн ажлыг эрчимтэй сайн хийж, иргэдийн санал бодлыг сонсож, бүтээн байгуулахдаа чанар сайтай орон сууц, ус хадгалах төхөөрөмж, нар салхины эрчим хүчийг ашиглах цахилгаан хангах төхөөрөмж зэргийг угсарч, хот суурингаас хол, суурь төхөөрөмжийн нөхцөл хоцронгуй хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал үйлдвэрлэлийн нөхцөлийг сайжруулжээ.
Сөнид зүүн хошуу орчин үеийн хэв загвартай орон сууцны төслийг хэрэгжүүлж, хялбар бүтэцтэй, чанар сайтай орчин үеийн байшинг малчдад барьж өгсөн байна. Наймдугаар сарын 16-ны өдөр бид Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Саруултал багийн малчин Болдбаатарынд очиход орчин үеийн хэв загвартай байшингаа барьж дуусгаад дотор заслын ажлаа хийгээд завгүй байлаа. Энэхүү байшин нь орчин үеийн шинэ материалаар бүтээж, дээвэр нь зууван хэлбэртэй, хана ба туургыг барихдаа нил үргэлж материал ашигласан болохоор салхи жавар нэвтрэхгүй, өвөлдөө - 40 хэм хүрдэг Шил нутгийн хүйтэнд тэсвэртэй байхаар зохицуулсан байна.
Малчин Болдбаатар энэ тухай: - Манайх ам бүл цөөн болохоор 62 кв.м талбайтай загварыг сонгосон. Бид өөрсдөө 60 мянган юань гаргаж, “Арвыг хамруулах” төслийн 60 мянган юанийн нөхвөр мөнгөөр барьсан. Нарны энергиэр ус халаах төхөөрөмжтэй бөгөөд шалан доор халаалт угсарснаас өвөл өрөөнд ил гал түлэх шаардлага гарахгүй үнэхээр амар боллоо гэж байв.
Баруун Үзэмчин хошуу хөдөө орон нутгийн иргэд тархай бутархай суурьшдаг бодит байдалд тулгуурлан “Орчин үеийн гэр бүлийн мал аж ахуйн талбай”, тосгоны өмнөх суурин дээр шинэчлэн байгуулах зэрэг аргыг хэрэгжүүлэв.
Өмнө нь Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Хавцал баг нь зам харилцаа нэвтрэхэд амаргүй, өвөлдөө цас их орвол гаднах ертөнцөөс тусгаарлагдсан өнчин арал болчихдог газар байлаа. Энэ жил “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээс хойш зам харилцаа нэвтрэн, айл бүр 70 кв.м байшин, 120 кв.м малын хашаа саравчтай болжээ.
